Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Жавхлан: Монголын банкны салбар дахь дижитал шилжилт дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэж яваа

ikon.mn
2019 оны 11 сарын 7
Өдрийн сонин
Зураг зураг

ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлантай ярилцлаа.


-Технологийн хувьсгал дэлхийг бүхэлд нь өөрчилж банк, санхүүгийн салбарт энэ дүр зураг бодит утгаараа биеллээ олоод байна. Харин ХААН Банк энэ чиглэлд хэрхэн анхаарч, ямар ахиц дэвшил гарган ажиллаж байна вэ?

-Технологийн хурдтай хөгжил банкны тухай уламжлалт ойлголтыг дижитал банкны тухай ойлголтоор аль хэдийн сольчихсон. Энэ нь технологийн шийдэл, бизнес модель, хууль эрх зүйн зохицуулалт, стандарт, нууцлал, аюулгүй байдлыг бүхэлд нь хамарсан цогц ойлголт юм. Энэ бол шинэчлэл, гэхдээ зөвхөн технологийн шинэчлэл төдий биш, байгууллагын соёл, бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоод үйл ажиллагааны уялдаа холбоо, хэрэглэгчийн зан төлөвийг хамарсан өргөн цар хүрээтэй ойлголт болоод байна л даа.

Бидний хувьд зөвхөн цахим бүтээгдэхүүн гаргах, шинэ программ нэвтрүүлэх гэхээсээ илүү ажилтнуудынхаа хандлага, зан төлөвт чиглэсэн ажлуудыг түлхүү эхлүүлж, түүнийгээ даган шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа илүү автоматжуулахаар ажиллаж байна. Өмнө нь данс нээх, зээл авах, хадгаламж байршуулах, төлбөр төлөх, картаа удирдах, дансны тодорхойлолт, хуулга авах гэсэн 6 үндсэн шалтгаанаар харилцагчид бараг бүгд банкинд ирдэг байсан бол одоо дийлэнх нь зөвхөн зөвлөгөө авах гэж ханддаг болсон байна. Зорилгын хувьд ийм өөрчлөлт орж байгаа нь банкны салбарын хөгжил олон улсын түвшин рүүгээ ойртож, санхүүгийн зөвлөгчийн үүргээ хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг л дээ.

-Энэ дижитал шилжилтийнхээ талаар илүү тодруулж өгнө үү, тухайлбал таван жилийн өмнөхийг өнөөдрийнхтэй харьцуулбал?

-Таван жилийн өмнө манай банкны 540 гаруй салбар нэгж үйл ажиллагаагаа дор бүрнээ бүгдийг бие дааж хийдэг, гар ажиллагаа ихтэйгээс гадна банкны  бүхий л төрлийн үйлчилгээг бүх харилцагчид үзүүлдэг байсан. Нөгөө талаас хүн амын 80 хувь нь манай банкинд итгэж санхүүгийн хэрэгцээгээ даатгасан байдаг. Гэтэл оочер дараалалдаа дарагдсан, харилцагчийн үйлчилгээний талаар ярих бараг боломжгүй, харилцагчдын 70 хувь нь салбар нэгж дээр ирж үйлчилгээ авдаг нөхцөл байдалтай байсан.

Бид стратеги зорилгоо зөв тодорхойлж, банк даяараа нэгдсэн ойлголт зорилтод нэгдэж,  шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хугацаа алдалгүй цаг үеэ мэдэрч хийснээр өөр аль ч улсад ховор харагдах хурдацтай өөрчлөлт шилжилтийг хийж чадсан. Үүний үр дүнд  өнөөдөр харилцагчдын 95 хувь нь зайнаас буюу дижитал банкаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч, зөвхөн 5 хувь нь л банкинд ирж үйлчлүүлдэг болсон байна.

-Та түрүүн ажилтнуудынхаа хандлага, зан төлөвт чиглэсэн ажлуудыг эхлүүлж байна гэлээ?

-Тэгэлгүй яахав. Дижитал сэтгэлгээ гэдэг нь зөвхөн технологийг ашиглах чадварын тухай ойлголт биш юм. Энэ нь аливаа боломжийг урьдчилан олж харах, шинэчлэн сайжруулах хандлага, зан төлөвийн цогц гэж хэлж болно. Шинэ дэлхийг бүтээж байгаа сошиал медиа, Big data, Machine learning, Cloud, AI-ыг байгууллагууд ашиглахдаа хүн болон технологийн тэнцвэр дээр суурилсан стратеги боловсруулж хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Тиймээс ч бид дотооддоо шат дараатайгаар олон ажил авч хэрэгжүүлсэн. Саяхан ажилтнуудынхаа дунд бид төслийн уралдаан зарлалаа. Маш олон төслийн санал ирснээс шилдэг 10-ыг нь шалгаруулж ирэх оныхоо бизнес төлөвлөгөөнд тусгаж, бодит ажил хэрэг болгохоор төлөвлөөд байна. Шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажилласны хувьд банкныхаа бүтээлч, инновацилаг, эрч хүчтэй залуучуудаараа үнэхээр их бахархсан.

 

-Аливаа бизнесийн байгууллагын гол зорилго ашиг, орлого олох гэдэг ойлголт хэдийнэ ард хоцорч хэрэглэгчдэд ямар үр өгөөж өгч, амьдралыг нь хэрхэн амар хялбар, аз жаргалтай болгож, цаг завыг нь хэмнэж байна, цаашлаад нийгэм байгаль орчинд ямар тус дэм болж байгаагаар тодорхойлдог болсон. Та бүхэн үр дүнгээсээ хуваалцаач?

-Бидний үйл ажиллагааны гол цөм нь мэдээж харилцагчид. Тиймээс харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойртуулах, ашиглахад амар хялбар байх, цаг завыг нь хэмнэх зорилготой ажиллаж байна. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайн болгож буйн гол үр дүн нь эцсийн хэрэглэгчид л очно. Тухайлбал, хадгаламж барьцаалсан онлайн зээлийг өнгөрсөн жилээс бид харилцагчдад олгож эхэлсэн. Онлайн зээл авахад ердөө 1-3 минутын л хугацаа зарцуулж байна. Одоо бол хадгаламж барьцаалсан нийт зээлийн 60 орчим хувийг онлайнаар авч байна шүү дээ. Бид бас хэдхэн хоногийн өмнө Монголд анх удаа цалингийн орлоготой, ХААН Банкаар цалингаа авдаг харилцагч нартаа зориулаад цалингийн зээлийг онлайнаар олгож эхэллээ.

Та бүхэн Khan Bank апп-аараа нэвтэрч, зээл цэсээр ороод цалингийн зээл авах гэдэг дээр дарвал зээлжих эрх тогтсон байгаа. Харилцагч салбарт нэг л удаа ирж гэрээгээ байгуулснаар дахин банкинд ирэхгүйгээр хэдэн ч удаа зээл авах боломжтой болсон. Дараагийн удаад ХААН Банкаар цалингаа авдаггүй харилцагчдад зээл авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү шат дараатайгаар бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулснаар “Үнэт цагаа гэр бүлдээ зарцуулцгаая буюу Live More” гэдэг уриа маань жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Бид одоогийн байдлаар дээрх зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна харилцах, хадгаламжийн данс нээх, гадаад шилжүүлэг, интернэт банк, смарт апп, мобайл банк зэрэг цахим банкны бүх үйлчилгээнд бүртгүүлэх, шинээр болон хугацаа нь дууссан картаа захиалах, хаяж гээгдүүлсэн картын эрхийг хаах, нээх зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг зайнаас онлайнаар авах боломжийг нээгээд байна.

Мөн “Монгол шуудан” ХК-тай хамтран онлайнаар захиалсан картыг хүссэн газарт нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нийт карт захиалсан харилцагчдын 77 хувь нь картаа хүргүүлж авдаг болсон. Бид Монгол Улсын идэвхтэй карт эзэмшигчдийн 70%, интернэт банкны гүйлгээний 42%, ПОС-оор хийгдэж байгаа гүйлгээний 45%, ATM-ын гүйлгээний 80%, мобайл банк буюу гар утсаар хийгдэж байгаа гүйлгээний 85 орчим хувийг дангаараа гүйцэтгэж байна. Иргэдийн дунд ”Мобайлдах” гэдэг үг трэнд болж, өдөр тутамд төлбөр тооцооны гол хэрэгсэл аль хэдийнэ болсон нь бидний тавьсан зорилтдоо хүрч чадсаны нэг илрэл юм. Цаашид бид хэрэглэгчийн зан төлөв, банктай харьцсан түүх, хувь хүний зээлжих чадамж зэрэгт тулгуурлан харилцагчдынхаа онцлог, амьдралын хэв маяг, нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг ялгаатайгаар санал болгохоор ажиллаж байна.

 

-Банкны үйлчилгээг заавал салбарт ирэлгүйгээр 24 цагийн турш авах, тэр ч байтугай онлайн теллертэй холбогдох боломжийг танай киоск машин олгодог. Орон нутагт киоск машин нэмж суурилуулах уу?

-Хүмүүсийн банк руу зорьж ирдэг байсан шалтгаануудыг түрүүн хэлсэн. Одоо дээр дурдсан үйлчилгээнүүдийг 100 хувь онлайн болгочихлоо. Тэгвэл теллер дээр үлдээд байсан үйлчилгээ буюу дансны тодорхойлолт, хуулга, лавлагаа болон санхүүгийн гүйлгээг киоск машинаас авах боломжтой болсон байгаа. Бэлэн мөнгөнөөс бусад бүх төрлийн үйлчилгээг энэ машинаас авч болно. Киоскийг оруулж ирснээр ХААН Банк 24 цагийн турш онлайнаар бүх бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж чадлаа.

Цаашлаад киоскоос Элчин сайдын яамд, төрийн байгууллагуудаас шаарддаг тодорхойлолт, хуулгыг заавал хэвлэж авах биш, тухайн газрууд руу шууд илгээчих боломжтой болж байна. Зарим Элчин сайдын яам үүнийг маш нааштайгаар хүлээж авч ажил хэрэг болгохоор хамтарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэ жил бид 100 гаруй киоск зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Улаанбаатарын тооцооны төвүүддээ киоск суурилуулаад байсан бол энэ жилдээ орон нутгийн салбарууд болон хүмүүсийн олноор үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний газрууд, зарим төрийн байгууллага болон төвлөрсөн томоохон оффисуудад байршуулахаар ажиллаж байна.

-Иргэд томоохон худалдаа үйлчилгээний байгууллагуудад картаа уншуулж төлбөр тооцоогоо хийгээд хэдийнэ хэвшиж эхэлсэн. Гэтэл зарим төрийн үйлчилгээний байгууллагууд заавал бэлнээр мөнгө төлөх, эсвэл банкинд мөнгө тушаасан баримтаа авчир гэж хэлдэг?

-Манай Монголд шийдэгдээгүй байсан төлбөр тооцооны нэг төрөл бол төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим болгох ажил байсан. Иймээс энэ ажлын хүрээнд бид 2019 он гарсаар улсын томоохон 5 эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр интернэт банк, мобайл банк, карт болон QR-аар төлбөр төлөх боломжийг бүрдүүлж, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлээд байна. Мөн төрийн цахим үйлчилгээний аппликэйшн болон цахим хуудсуудад өөрсдийн апп-аар төлбөр төлөх боломжийг нээлээ. Төрийн байгууллагуудын ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэж чадсандаа маш их баяртай байгаа, талархал ч их ирж байна.

Эдгээр байгууллагаас үйлчилгээ авах ямар хэцүү байдаг билээ, данс нь байршдаг ганц нэг банкинд очиж бэлэн мөнгө тушаах, эсвэл АТМ-аас бэлэн мөнгө авчирч кассанд төлөх, кассын ажилтан хураасан мөнгөө тоолж, цэгцлэн орой нь банкинд аваачиж тушаах гэхчилэн чирэгдэл ихтэй байсан. Энэ тал дээр Монголбанк болон Сангийн яамнаас банкуудад нэгдсэн чиглэл өгч, шийдэл гаргах тал дээр манлайлж сайн ажиллаж байгааг дурдмаар байна. Улмаар банкууд цахимжихын хэрээр төрийн гол гол үйлчилгээнүүд ирэх оноос бүгд цахим болно гэж итгэж байна.

-Аливаа өөрчлөлт шинэчлэлийг хийхэд хурд маш чухал болсон. ХААН Банк олон салбартай, маш нүсэр аппараттай. Энэ их хурд, өрсөлдөөнд хэрхэн хөл нийлүүлж ажилладаг вэ?

-Энэ үнэн л дээ. Өнөөдрийн их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан өрсөлдөөн оролцогчдоосоо зөвхөн боломжит зөв шийдвэр болон цэвэр хурд шаардаж байна. Аливаа зүйлийг төгс болтол хийнэ гээд хүлээгээд суувал өрсөлдөөнд бид ялагдана. Тийм учраас дэлхий нийтээр томоохон санхүүгийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хурд хэрэгтэй функцуудыг тодорхой шаардлагын дагуу финтек, стартап компаниудаар хийлгэж байна. Бид ч гэсэн сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр чиглэлд дотоодын 3 финтек компанитай нягт хамтран ажиллаж байна.

“Датабанк” ХХК манай ПОС төхөөрөмжийн хөгжүүлэлт, борлуулалт дээр, “АТМ Сервис Монголиа” ХХК АТМ-ийн үйл ажиллагаа, цэнэглэлт, засвар үйлчилгээг хариуцаж байгаа бол “ККТТ” ХХК-тай бид QR код дээр суурилсан төлбөр тооцооны шийдэлд хамтран ажиллаж байна. Энэ нь бидний хувьд үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч ажиллах боломжийг олгодог гэж үздэг. Цаашдаа банк бүхнийг өөрөө хийдэг загвар хуучирна гэж харж байна.

 

-ХААН Банк саяхан “Ид шидтэй хамт олон” гэсэн давалгаа эхлүүлсэн. Аливаа зах зээлийн томоохон тоглогчид дан ганц бизнесийн төрөлд өрсөлдөхөөс гадна нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж буй ажлаараа бие биенээсээ ялгардаг болсон. Энэ тал дээр таны бодол?

-Миний хувьд юмыг ёс болгож хийх, эсвэл үнэхээр хүсэж зорьж хийх хоёрт маш том ялгаа бий гэж боддог. Яг энэ тал дээр ХААН Банк зөвхөн төсөв батлан хандив, тусламж үзүүлсэн нэр төдий явах биш, эд эс бүрээрээ нийгэмдээ гэрэл гэгээ авчрахыг зорьж ажиллаж чаддаг хамт олон гэж би итгэлтэй хэлнэ. “Ид шидийн орон” төслийн тухай та бүхэн мэдээж сонссон байх. Удахгүй “Ид шидийн орон-2” төсөл нээлтээ хийх гэж байна. Төслийг санаачлан хэрэгжүүлж буй Ганжавхлантай уулзаж танилцах завшаан тохиож, “Ид шидийн орон”-ы барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэхэд үнэхээр хийж бүтээсэн зүйлс, ажил, зорилго нь бахадмаар, ямар ч хүний зүрхэнд гэрэл асаахаар үйлс байсан.

Уг төслийн хувьд байшин барилга барих нь нэг хэрэг боловч үйл ажиллагааг нь тасралтгүй  явуулах урсгал зардал маш том бэрхшээл болох нь харагдсан. Гэрэл цахилгааны мөнгөө төлж чадаагүйгээс өвөл цахилгаан, дулаангүй болсон асуудал хүртэл үүссэн байсан. Цахилгаан дулаан, ажилтнуудын цалин хөлс, мэргэжлийн байгууллагуудын тусламж үйлчилгээ зэрэгт нэлээд хэмжээний тогтмол зардал сар бүр гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ болон гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчууд сар бүр 5$ хандивлан санхүүжүүлж байсан. Энэ нь мөн хүрэлцээгүй байсан тул төсөл санаачлагчид гадаадын улс орноор дахин явж аян өрнүүлэх тухай ярьж байсан. Үүнийг сонсоод банкныхаа хуримтлалын бүтээгдэхүүнээр энэ асуудлыг шийдэх боломж байгааг олж харсан. Манай интернэт банкны хуримтлалын үйлчилгээ нь харилцагч сар эсвэл өдрөөр, өөрийн хүссэн хугацааны давтамжаар өөрийн болон бусад дансанд тогтмол хуримтлал үүсгэх боломжтой бүтээгдэхүүн юм.

Шинэ үеийн манлайлагч залуучуудад зориулсан “Сигначур”  харилцагчдын маань үндсэн хэв маяг болох нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах үйлстэй үүнийг нэгтгэж болох юм гэсэн бодол төрсөн. Тэгээд баг хамт олноороо үүнийг ажил хэрэг болгох үүднээс 2019 оны 1-р сард “Сигначур” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсний нэг жилийн ойн арга хэмжээн дээр “Ид шидийн орон” төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр залууст “Ид шидтэй ах эгч” болохыг уриалсан. Өнөөдрийн байдлаар “Сигначур” харилцагч 2000 гаруй залуус энэ үйлсэд нэгдээд байна.

Манай банкны нийт ажилтнуудын  75 хувь нь 35-аас доош насны залуус. Тэр ч утгаараа аливаа зүйлд маш идэвхтэй, эрч хүчтэй, нэг зорилготой хамт олон. Залуус маань энэхүү аянд өөрсдийн санаачилгаар 100 хувь нэгдэж “Ид шидтэй хамт олон” болсонд баяртай байна. Одоо ХААН Банкны хамт олон “Ид шидтэй ах эгч нар” болоод зогсохгүй харилцагчдаа бас энэхүү сайн үйлсийн аянд уриалж эхэлсний нэг жишээ нь бид “Лантуун дохио” ТББ болон “Датабанк” ХХК- тай хамтран Улаанбаатар хотын автобусны буудлуудад байрлах JC Decaux дээр хандив өгөх дансны QR кодтой самбар, Хөгжим бүжгийн сургуулийн автобусны буудал дээр ПОС төхөөрөмжтэй самбар тус тус байрлуулж харилцагчид интернэт банк болон картаа уншуулаад хандив өгөх боломжийг бүрдүүлээд байна. Мөн дээр хэлсэн Khan Bank апп-ын хуримтлал гэсэн хэсэг дээр өөрсдөө автоматаар бүртгүүлэн “Ид шидтэй ах эгч” болох боломжтой. Олон байгууллага бидний уриалгыг дэмжиж оролцож байгаад энэ дашрамд талархал илэрхийлье.

-Сүүлийн 10 гаруй жил ХААН Банкны удирдлагын багт ажиллаж буйн хувьд эргээд харахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

-ХААН Банкийг хөдөө аж ахуйн банкны үндэс суурьтай, “оочер дараалал ихтэй”, “хүнд сурталтай”, “удаан” зэрэг үгээр саяхныг болтол тодорхойлж ирсэн. ХААН Банк гэдэг брэндийг дээр дурдсан ажлууд дээрээ тулгуурлан зах зээл дээр “харилцагч төвтэй”, “шинэлэг” гэдэг брэндийг бүрдүүлэх л хамгийн хэцүү ажил юм уу даа. Энэ дүр зураг руу шилжүүлэх, таниулах ажил миний хувьд хамгийн том даалгавар гэж санагддаг. Бид оочер дарааллыг шийдэж, дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгаа нь зорилгодоо хүрэхэд алхам алхмаар ойртож буй болов уу гэж бодож байна. Бид жил бүр өөрсдийн брэнд судалгааг харилцагчдаасаа авдаг.

ХААН Банкийг харахад ямар хүн төсөөлөгддөг вэ гэсэн асуултад нэлээд хэдэн жилийн өмнө ахимаг насны, лагс биетэй эрэгтэй хүнээр зүйрлэж байсан бол сүүлийн 3 жил дараалан уг судалгаагаар биедээ нэлээд анхаардаг, насны хувьд залуужиж байгаа дүр зургаар харагдаж байна. Энэ дүр төрхийг зорьсон төсөөлөлдөө хүргэхийн тулд багагүй хугацаа, хөдөлмөр шаардагдаж магадгүй. Гэхдээ л бид хичээж, зорьж ажиллаж байна. Илүү хурдтай, тууштай, мэдрэмжтэй ажиллахыг дэлхийн хөгжил биднээс шаардаж байна.

Б.Билэгт, Өдрийн сонин

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.