Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульч хүн Европын Төв банкийг удирдаж эхэллээ

ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Супер Мариогийн үүрэгт хугацаа дуусч Европын Төв банкийг удирдах эрхмээр ОУВС-гийн удирдах захирал байсан Кристин Лагард ажиллаж эхлэв.

Марио Драги хэлсэн үгэндээ хүнд цагт ажиллаж байсан боловч цаашид Европын эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа тул Төв банкны удирдлагуудыг атгасан гар мэт ажиллахыг уриалсан. Тэгвэл Европын холбоо эдийн засгийн чиглэлээр докторын зэрэггүй, цаашлаад хуульч Кристин Лагардад яагаад Төв банкныхаа жолоог атгуулав?

Үүнд хариулахын тулд Төв банкуудын үйл ажиллагаанд үүсээд байгаа шинэчлэлийг тайлбарлах хэрэгтэй болно. Олон улсын төв банкуудын дунд хараат бус байдал гэсэн үг чухлаар тавигдах болсон энэ цаг үед төв банкуудын тэргүүнүүд Парламентад ажлаа танилцуулахаас гадна, улс төрийн элдэв дайралтад ажрахгүй байх дархлаатай болох хэрэгтэй болж байна. Мөн мөнгөний бодлогыг барьдаг институцийн тэргүүн нь хуульч мэргэжилтэй байснаар Парламентын гишүүдэд мөнгө, санхүүгийн бодлогоо тайлбарлах, бодлого дунд урт хугацаанд хэрэгжих гүүр болдог. Лагард ингэж чадахаа ОУВС-д ажиллаж байхдаа харуулсан ба түүний харизм нь бусдыг өөртөө татаж, дагуулахад хүчтэй нөлөөлдөг юм.

Хэрэв сонирхоод үзвэл том 4 гэж нэрлэгддэг Америк, Европ, Япон, Английн тѳв банкны тэргүүнүүдийн 3 нь хуульч мэргэжилтэй хүн болоод байна. 

Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Повелл нь хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол Японы Төв банкны ерөнхийлөгч Курода нь хуулиар Токиогийн их сургуулийг дүүргэсэн байдаг. Үндсэндээ бол эдгээр эрхмүүд нь эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажиллаж байсан өндөр туршлагатай ч боловсролын зэргийг харвал хуульчид юм.

Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах талаар хэлэлцэж буй энэ цагт дараагийн хүнийг ярих нь эрт ч, хэрэв шийдвэр гарвал төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг үргэлжлүүлэх, улс төрийн элдэв шахалтад орж мөнгө хэвлэхээргүй, эдийн засагт үүсээд байгаа эерэг өөрчлөлтийг бататгах мэдлэг чадвартай хүн хэрэгтэй болж байна. Олон улсын жишгийг харахад хуульчид ихээхэн амжилттай ажиллаж байгаа нь илхэн байгаа ба гагцхүү санхүү, эдийн засгийн салбарт ажиллаж байсан мэдлэг туршлагатай байх хэрэгтэй. Түүнээс биш хуучин цаг шиг нэг хүн мэргэжлээрээ насаараа ажилладаг цаг үе ард хоцорсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

Н.Баттүшиг