Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хэтэрхий их англиар ярьдаг” шалтгаанаар Оскарын шагналд нэр дэвшсэн Нигерийн анхны киног хасжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Нигериэс Оскарын шагналд нэр дэвшсэн "Leonheart" киноны хэсэг

Африк тивийн хамгийн олон хүн амтай улс Нигери энэ жил анх удаа Оскарын шагналын гадаад бүтээлийн төрөлд киногоо нэр дэвшүүлсэн юм.

“Lionheart” буюу арслангийн зүрх нэртэй уг кинонд эрчүүдийн давамгайлдаг салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйн түүх гардаг байна.

95 минут үргэлжилдэг киноны багахан хэсэгт тус улсын өмнөд нутгийнхны Игбо хэлээр харилцаж, үлдсэн бүх хэсэгт англи хэлээр харилцан яриа нь гардаг ажээ.

Гэтэл Оскарын гадаад киноны шагналд тавигддаг шаардлага нь “Англи бус хэлээр ихэнх харилцан яриа өрнөх ёстой” юм байна. Ийм шалтгааны улмаас Нигериэс нэр дэвшсэн “Lionheart” киног өрсөлдөгчдийн жагсаалтаас хасах шийдвэрийг Америкийн Кино Урлагийн Академи гаргажээ.

Мэдээж энэ шийдвэр англи хэл албан ёсны хэл нь болдог нигеричүүдийг бухимдуулаад байна.

АНУ-ын кино найруулагч Ава Дюверней “Англи хэл бол Нигерийн албан ёсны хэл. Ийм шалтгаанаар та нар энэ улсаас нэр дэвшсэн бүтээлүүдийг мөнхөд хассаар байх юм уу?” гэж твиттер хуудсандаа шүүмжилжээ.

Киноны гол дүрийн жүжигчин Женевив Ннажи “Энэ кинонд бид нигеричүүдийн хоорондоо харилцдаг хэлээр ярьдаг. Манай орны 500 гаруй хэлээр ярьдаг иргэдийг холбогч гүүр нь Англи хэл болдог. Үүний хүчинд бид Нэг Нигери үндэстэн болдог юм. Энэ бол колоничлолын үр дүн. Хэнд колоничлогдохоо бид өөрсдөө сонгоогүй” гэж мэдэгдсэн байна.

“Lionheart” нь ийм шалтгаанаар Оскарын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаж буй анхны кино биш. 2007 онд Израйль улсаас нэр дэвшүүлсэн бүтээлийн (Эран Колириний “The Band’s Visit”) ихэнх хэсэгт англи хэл дээрх харилцан яриа гардаг тул буцааж байжээ.

Кино Урлагийн Академи 2006 онд энэхүү дүрмийг нэмж баталсан юм байна. Нигерийн киног хассантай холбогдуулан тус академиас гаргасан мэдэгдэлд “шагналын зорилго нь АНУ-аас гадна улс оронд англи хэлээс өөр хэлээр бүтээгдсэн кинонуудыг шалгаруулах юм. Lionheart бүтээлийн хувьд англи бус хэлний харилцан яриа ердөө 11 минут үргэлжилж байгаа нь хасагдах шалтгаан болсон” гэжээ.

 

Эх сурвалж: Bloomberg