Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Тахилт, Дамбадаржаалан хийдийн орчимд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар батлагдсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг тохижуулах зураг төсөл нь хийгдэж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн “Өнгөрсөн онд төлөвлөлтөөр 20 км-г тохижуулах даалгавар гарсан. Мөн 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөгдсөн байдаг бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 3,4 дүгээр хорооны нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай хэрэгжилтийнхээ үе шатанд явж байна.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах зураг төсөл нь хийгдэж байна.

Тухайлбал, Хуучнаар Ялалт кино театрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон Резинка төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн хэмжээнд одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн хөгжлийн чиг хандлагаар батлагдсан байдаг нь Агро парк, Тахилтад байдаг цэцэрлэгт хүрээлэн болон Дамбадаржаалан хийдийн зүүн талд байдаг цэцэрлэгт хүрээлэн байна.

Эдгээрийн зураг төсөл хийгдсэн учраас цаашид үе шаттайгаар хэрэгжинэ" гэлээ.

Бид зураг төслийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмон “Нийслэлд энэ жил 150-200 орчим байршилд хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдсэн.

Орон сууцны тоглоомын талбай нь том тохижилтын талбайг бодоход бичил ажил учраас 1-2 сарын дотор хийгддэг.

Бид тохижилт, ногоон байгууламж авто зогсоолыг нэмэгдүүлэх чиглэлд 2030 оны хөгжлийн чиг хандлагаа барьж ажилладаг. Ямар ч тохижилтын ажил 3-5 жилдээ үргэлж шинэчлэгдэж байдаг учраас төлөвлөлтийн даалгавар нь ч гурван жилийн хугацаатай байдаг.

Бид зураг төслийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг.

Тухайлбал, Яг бидний баталсан зургийн дагуу явган хүний зам зэргийг хийгээгүйн улмаас тэнд халтиргаа, гулгаа үүсэх гэх мэт асуудал гардаг.

Үүнийг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нийслэлийн харьяа байгууллага хяналт тавьж холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа" гэлээ.

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын хотуудын стандартаас 5-6 дахин бага байгааг нэмэгдүүлж, суурьшлын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Дамбадаржаалан өндөрлөг, аялал жуулчлалын төв /уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж
  • Баатар хайрхан Zipline /Ховд аймгаас хүмүүс ирж суурьшсан бөгөөд таксины жолооч нар “Ховдын хороо” гэж нэрлэсэн байдаг/
  • Чингэлтэй хайрхан, аяллын цогцолбор /Уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж/
  • Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв
  • Дарь-Эх, “Салхит Уул” цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор багтах аж.