Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Саарал жагсаалтад орсон асуудлаар Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарт ч хариуцлага тооцох ёстой юу?

Ч.Болортуяа
2019 оны 11 сарын 6
iKon.MN

УИХ-аар Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж буй.

Өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурлаар эдгээр албан тушаалтныг огцруулахыг УИХ-ын гишүүд дэмжсэн бөгөөд Пүрэв, Баасан гарагт хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг эцэслэнэ.

Ямартай ч дээрх хоёр байгууллагын удирдлагад УИХ хариуцлага тооцох асуудал ийнхүү өндрөө авсан бол хариуцлага алдсан бусад яам, төрийн байгууллагын удирдлагыг огцруулах асуудал хөндөгдөх үү?

ФАТФ-ын зөвлөмж, тайлангуудад огт тусгагдаагүй ажлуудтай хольж хутган санаатай, санаандгүй алдаа гаргаж яваа Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нар огцрох ёстой юу?

Нэгэнтээ бид "саарал" жагсаалтад орсон алдаагаа зөв оношилж чадахгүй бол гарах арга замаа бүрэн тодорхойлж чадахгүй.

Энэ тухай болон саарал жагсаалтад орсны бодит хохирол, саарал жагсаалтаас хэрхэн гарах вэ сэдвээр Монгол ТВ телевизийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэг ээлжит дугаараа бэлтгэлээ.

ВИДЕО: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/498078644254860/?t=491
Хууль сахиулах байгууллага, шүүх прокурорын ажлууд үлдсэн. Эдгээр байгууллага ч хариуцлага хүлээх ёстой
 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОРСҮРЭН

  1. ФАТФ -ийн 40 зөвлөмжийн 20 нь Санхүүгийн зохицуулах хороотой шууд болон шууд бусаар хамааралтай байсан.

  2. СЗХ нь 2 жилийн хугацаанд өөрсдийн хязгаарлагдмал нөөц бололцоогоо бүрэн ашигласан. Үүний хүчинд Монгол Улс 35 үзүүлэлтээ ахиулснаар 5 муу үзүүлэлттэй гарсан.  35 үзүүлэлтийн 12-т  нь СЗХ-ны оролцоо их байсан. Бид 8 үзүүлэлтийг 1 шатаар ахиулж,  4 үзүүлэлтийг 2 шатаар ахиулсан.
     
  3. ФАТФ -ийн уулзалтуудын үеэр манай улсад дүгнэлт гаргасан хүмүүс гайхаж байсан. Монгол Улс үзүүлэлтүүдээ маш эрчимтэй сайжруулсан, энэ явдал олон оронд ажиглагдаагүй гэсэн дүгнэлт өгч байсан.
     
  4. Тааруу үзүүлэлтүүдээ сайжруулж, “Саарал жагсаалт”-аас гарахын тулд нэгдүгээрт санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Хоёрдугаарт НҮБ-ын аюулгүйн зөвлөмжийн хар жагсаалтад орсон улс орнуудын ААН, иргэдтэй санхүү, бизнесийн холбоо тогтоохгүй байх гэсэн үүргийг биелүүлэх шаардлагатай.
     
  5. 2017 онд ФАТФ -ийн харилцан үйлчилгээний тайланд тусгасан ажлуудын зарим нь тэр чигээрээ орж ирсэн. Учир нь аливаа ажлыг хийхэд хугацаа ордог бөгөөд Монгол Улсад өгсөн 2 жилийн хугацаа хангалтгүй байсан. Үүнтэй зэрэгцэн санхүүжилт, хүн хүч тэр дундаа чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй. Гэтэл энэ бол биднээс хамаарахгүй хүчин зүйл байсан.
     
  6. ФАТФ -ийн уулзалтын үеэр Монгол Улсын эрсдлийн үнэлгээний тайланд оролцоогүй төрийн байгууллагууд, санхүүгийн болон бусад бизнесийн салбарт ажиллаж байгаа хуулийн этгээдүүд,  ард иргэдийн дунд мөнгө угаах терроризмтой тэмцэх ойлголт байхгүй гэж яригдсан.
     
  7. Мөнгө угаах терроризмтой тэмцэх асуудалд  төр, засгийн газар, зохицуулагч байгууллагууд болох СЗХ, Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-дын хоорондын ойлголт зөрүүтэй байсан. Хамтын ажиллагаа бүрэн төгс уялдаа холбоогүй байна гэсэн дүгнэлт гарсан.
     
  8. Харилцан үнэлгээний тайланд ББСБ-уудын тоо хэт их байгаа эрсдэлтэй талаар дурдсан байдаг. Энэ нь саарал жагсаалтад орох бас нэгэн шалтгаан болсон. Тиймээс тэдгээр олон байгууллагыг хянах, чадавхжуулахын тулд хувь нийлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. 2019 оны хагас жилийн байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн эх үүсвэр дотор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу шалгадаггүй эх үүсвэр 14 орчим хувийг л эзэлсэн. Хүмүүсийн харддагаар их мөнгө орж ирээгүй. Бид аль ч салбарт орж ирж байгаа бүх мөнгөний гарал үүслийг тодорхойлдог.
     
  9. Үндэсний эрсдлийн үнэлгээг хийсэн боловч салбарын эрсдлийн үнэлгээ хийгдээгүй байсан. Үүнийг хийх нь саарал жагсаалтаас гарахад том түлхэц болох ёстой.
     
  10. Мөнгө угаах терроризмтой тэмцэх асуудал бол 2 байгууллагын ажил биш. СЗХ, Монголбанк өөрсдийн хариуцаж байгаа салбарынхаа зохицуулалтыг хийсэн. Одоо хууль сахиулах байгууллага, шүүх прокурорын ажлууд үлдсэн. Эдгээр байгууллагууд ч хариуцлага хүлээх ёстой.
     
  11. 2020 онд багтаад “Саарал жагсаалт”-аас гарах нь бидний зорилго. Үүний төлөө ажиллаж байна.
Монгол Улс 2018 онд ФАТФ-д үнэлгээгээ дахин сайжруулах хүсэлтээ өгөөгүй байсан нь АЛДАА
 

ЭДИЙН ЗАСАГЧ, СУДЛААЧ Ч.ОТГОЧУЛУУ     

  1. “Саарал жагсаалт”-аас гарахгүй удах юм бол ГШХӨ зогсож, улам саарна. Үүнээс үүдэж манай улс ам.долларын ханшаа барихад хүндрэлтэй болно.

  2. Манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулсны цаад санаа нь ОУ-д ганцаардах эхлэл тавигдаж байна гэж үзэж байна.

  3. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын 30 хувь нь ядуу байна. Ядуурал энэ хэвээрээ үргэлжилбэл дахин 30 хувь нь ядуу гэсэн бүлэгт багтаж, нийт иргэдийн 60 хувь ядуу бүлэгт багтах эрсдэлтэй.

  4. Бидэнд алдаагаа засах 2-3 жилийн хугацаа өгсөн. Энэ бол хангалттай хугацаа.

  5. Монгол Улс 2018 онд үнэлгээгээ дахин сайжруулах хүсэлтээ өгөөгүй байсан. Ийм учраас бид албан ёсоор “Саарал жагсаалт”-д орчихлоо.

  6. “Саарал жагсаалт”-д орсон гол шалтгаан бол манай улс эрсдлийн бодлого, эрсдлийн тогтолцоо байхгүйд оршиж байгаа юм.

  7. “Саарал жагсаалт”-д орсон нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон банкуудад хийсэн активын шалгалттай холбоотой гэсэн зүйлийг олж хараагүй. Албан ёсны тайлбарт ч тийм зүйл огт байгаагүй.

  8. Төрийн байгууллагуудын  хамтын ажиллагааны уялдаа холбоо муутай, бодлого журмыг шинэчлэх, англи хэл рүү орчуулах, мэдээллээ гадны байгууллагуудад солилцох асуудал маш удаан байгаа. Энэ тал дээр нэлээд анхааруулга авсан.

  9. Зарим улсыг “Саарал жагсаалт”-д ороход хөрш улс орнууд нь өмөөрсөн тохиолдол байсан. Харин манай улсыг өмөөрсөн нэг ч улс байгаагүй.

  10. Манай улсад хөрөнгө оруулсан гадны компаниуд Засгийн газраараа дамжуулан ФАТФ-д нөлөөлсөн байж магадгүй гэх хардлагыг үгүйсгэхгүй. Энэ нь манай улс гадаад бодлоготоо туйлбаргүй байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

  11. Манай улс “Саарал жагсаалт”-д удаан байх нь “Оюу толгой” ХХК-д хөрөнгө оруулсан гадны компаниудад ашиггүй. Тэдний хөрөнгө мөнгөний урсгалд удаашрал үүсч, зардал нь өснө. Иймд тухайн компаниудын зүгээс өөрт ашиггүй үйлдэл хийгээгүй байх.

  12. Татвар төлөгчдийн нуруун дээр бодит хохирол ирэх учраас ФАТФ-ийн эхний ээлжийн хурлаар “Саарал жагсаалт”-аас гарах хэрэгтэй.

  13. Манай улс тайлагналтын ажилд маш их асуудалтай байна. Хэрэв ХЗДХЯ, Сангийн яаманд ажиллах сайн хүн байхгүй бол мэргэжлийн эксперт эсвэл хуулийн фирм яаралтай хөлсөлж авах хэрэгтэй. Үүнээс өөр бодитой гарц байхгүй.   

  14. Аливаа нэг албан тушаалтныг огцруулах асуудалд хэт анхаарлаа хандуулж, харин гол асуудлаа ойлгохгүй байна.

Сангийн сайд буруу мэдээлэл өгснийхөө төлөө уучлалт гуйчихад л хангалттай
 

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ҮНЭНБАТ

  1. Манай улс “Саарал жагсаалт”-д орсны дараа тодорхой хугацаанд валютын ханш өссөн. Гэхдээ энэ нь түр зуурын сөрөг үр дагавар юм.

  2. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн шаардлагын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, түүнтэй  холбогдсон эх үүсвэрийн шалгалтын үйл явцыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ФАТФ-ийн зөвлөмжийн хэрэгжилттэй андуурч, манай улс “Саарал жагсаалт”-д орсон нь банкуудтай холбоотой гэж тайлбарласан байсан. Энэ бол андуурал. Сангийн сайд буруу мэдээлэл өгснийхөө төлөө уучлалт гуйчихад л хангалттай.

  3. Манай байгууллагад харилцагчийг таньж мэдэх бүхэл бүтэн тогтолцоо ажилладаг. Банкуудаар гарал үүсэл нь тодорхойгүй, сэжигтэй гүйлгээ хийх тохиолдолд бид санхүүгийн мэдээллийн  албанд мэдэгдэж, хяналт шалгалт явуулдаг. Олон дахин энэ үйлдэл давтагдсан тохиолдолд  тухайн харилцагчид мэдэгдэж, дансаа хаалгахыг зөвлөдөг.

  4. Бидний банкны системээр дамжуулан гэмт хэргийн шинж чанартай мөнгийг илрүүлж, гүйлгээ хийхгүй, үйлчлэхгүй  байх зорилготой.

  5. ФАТФ-ийн 40 зөвлөмжийн 7 нь бүрэн, 28 зөвлөмжийн ихэнх нь хэрэгжсэн. Харин үлдсэн 5 нь хэсэгчилсэн байдлаар хэрэгжжээ. Үүнээс 4 үзүүлэлт байрандаа, 1 үзүүлэлт хэрэгжээгүй учраас хэсэгчилсэн хэрэгжсэн гэх ангилал руу орсон. Тиймээс бид цаашид үүн дээр гол анхаарлаа хандуулах ёстой.

  6. Бидний хяналтаас гарсан нэг зүйл бол хуулийн хэрэгжилтийн асуудал.

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-аас болж “Саарал жагсаалт”-д орсон гэсэн асуудал байхгүй 
 

ХУУЛЬЧ Б.СОЛОНГОО   

  1. 2019 оны 10 дугаар сард “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль” батлагдсан. Энэ хуулиар өмнө нь дутагдалтай байсан асуудлуудаа зассан. Үлдэж байгаа асуудлуудаа сайжруулахын тулд баталсан хууль, зөвлөмжөө хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай.

  2. Эрсдлээ зөв үнэлээд тухайн эрсдэлдээ тохирсон хэмжээгээр хяналт тавих, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага ногдуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүд гарсан байгаа.

  3. Эрх бүхий байгууллагууд харилцаа холбоо, уялдаа, хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй.

  4. Албан ёсоор хэвлэгдэн гарсан тайланд “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-аас болж “Саарал жагсаалт”-д орсон гэсэн асуудал байхгүй.  

  5. 2017 оны харилцан үнэлгээний тайланд “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-тай холбоотой нэг л хэсэг байгаа. Үүнд: Татварын хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ хуулийг авч хэрэгжүүлсэн нэг удаагийн арга хэмжээ гэж үнэлсэн гэсэн байдаг. Түүнээс биш мөнгө угаах болон терроризмтой тэмцэхтэй холбогдуулж эрсдэлтэй арга хэмжээ байсан гэж үнэлээгүй.

  6. Маш олон гадны хүчин зүйлээс үүдэж, манай улс муу үнэлгээ авч “Саарал жагсаалт”-д орсон. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол үүний шалтгаан байгаагүй.

  7. Тайланд тусгаснаар манай улсад  албан бус эдийн засгийн салбар их байна. Хууль бус гэхээсээ илүү бүртгэлгүй, эдийн засгийн үйл ажиллагаа их байгааг дурдсан. Эдийн засгийн ил тод байдлын хууль нь албан бус эдийн засгийг бүртгэлтэй болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ учраас сөрөг нөлөө гэж үзэхээс илүү эерэг нөлөөтэй зүйл болсон гэж үзэж байна.

  8. Саарал жагсаалтаас гарахын тулд хууль хэрэгжилтийн байдлаа сайжруулах хэрэгтэй. Тохирсон хэрэгт тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Монгол Улсын хувьд авлигын гэмт хэрэг нэлээд өндөр эрсдэлтэйд тооцогдож байна

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.