Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648-д хүрнэ

Б.Бөртэ-Үжин, IKON.MN
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: news-medical.net

Дэлхий дээр өнөөдөр 158 сая гаруй хүүхэд хэт таргалалттай байгаа бол 2020 онд энэ тоо 206 сая, 2030 онд 250 саяд хүрнэ хэмээн Дэлхийн таргалалтын холбоо(World Obesity Federation)-ноос хийсэн “Хүүхдүүдийн илүүдэл жин” судалгаанд дурджээ. 

Нийт 190 гаруй улсад хийсэн уг судалгаагаар 2030 он гэхэд таргалалттай хүүхдийн тоогоор тэргүүлэх орны жагсаалтыг Хятадад 61 сая хүүхэд, Энэтхэгт 27 сая, АНУ-д 16 сая хүүхэд таргалалттай байх үзүүлэлтээр тэргүүлсэн бол Индонезэд 9 сая, Бразилд 7 сая, Мексикт 6 сая, Пакистанд 5.7 сая, Өмнөд Африкт 4 сая хүүхэд таргалалттай болох төлөвтэй. 

Хүн амын өсөлт, хотжилтыг дагаад түргэн хоол болон нүүрс ус агуулсан өндөр илчлэгтэй хүнс ихээр хэрэглэх болсон гээд амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж байгаа Африк, Ази, Латин Америк тивийн хөгжиж буй орнуудад таргалалтаас үүсэх эрсдэл өндөр байгаа хэмээн үзжээ.   

Судалгааны багийн гишүүн, Дэлхийн таргалалтын холбоо(ДТХ)-ны бодлого хариуцсан захирал, доктор Тим Лобстейний хэлснээр дэлхийн аль ч улс орон 2025 он гэхэд таргалалттай хүүхдүүдийн тоог 2010-2012 оны түвшинд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрч чадахгүй гээд “АНУ-д 9 настай хүүхдүүдийн 26.3%, 10-20 настнуутын 24.2% нь илүүдэл жинтэй болохоор байгаа нь ДЭМБ-ын 2025 оны зорилтыг биелүүлэх боломж 17 хувьтай л байна. Өөрөөр хэлбэл, 2030 онд АНУ дахь таргалалттай хүүхдийн тоо 17 саяд хүрнэ. Хэрэв энэ эрчээрээ таргалалттай иргэд олширсоор байвал дэлхийн эрүүл мэндийн салбарт, тэр дундаа дотоод шүүрэл, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл ихээхэн дарамт болно” хэмээн анхааруулав.

Номхон Далайн зарим арал ирэх 10 жилд таргалалт өндөртэй орнуудын тоонд орж ирэх судалгаа гарчээ. Учир нь тэдгээр аралд идэвхгүй амьдралын хэв маяг давамгайлж, хоол хүнсний дийлэнх хувийг боловсруулсан, өөх тос, сахар ихтэй импортын бүтээгдэхүүн эзэлдэг байна. Сахар, сода зэрэг хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх санаачилга тийм ч үр нөлөө үзүүлэхгүй. Учир нь орлого багатай улс оронд татвар нэмэх нь тийм ч амар асуудал биш. Харин түүний оронд хүнс үйлдвэрлэгч томоохон компаниудын үйл ажиллагаанд Засгийн газар илүү анхаарал хандуулах шаардлагатай талаар Лобстейн саналаа хэлээд залуу үеийнхнийг таргалалттай дорвитой тэмцэхийг уриалжээ. 

ДТХ-ны судалгаагаар Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648 буюу 19%-д хүрнэ хэмээн тооцоолсон байна.

 

Эх сурвалж: CNN