Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Саарал жагсаалтаас хурдан гаръя гэвэл Ерөнхий сайд өөрөө ФАТФ дээр очих ёстой

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Дэлхийн эдийн засаг өнөөгийн байдлаар яг ямархуу байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн өсөлт дажгүй яваа. Гол өсөлт нь Азийн эдийн засагт хамаарна гэж ярьж байгаа. Хятад, Энэтхэгийн эдийн засгийг онцлох учиртай. Хятадын эдийн засаг гэхэд л сүүлийн хорь гаруй жил зургаагаас дээш хувийн өсөлттэй явж ирлээ. Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийд нөлөөлөх шалтгаан нь тодорхой. Энэ улсын хэрэглээ их, бусад улс оронтой хийдэг худалдааны эргэлт нь маш өндөр. Ийм онцлогууд нь бусад улсын эдийн засаг өсөхөд өндөр хувь нэмэр оруулдаг.

-Америк, Хятадын худалдааны дайн зөөлөрч магадгүй гэсэн мэдээлэл дуулдаж эхэллээ. Худалдааны дайн ер нь яахаар байна?

-2018 онд эхэлсэн Америк, Хятадын худалдааны дайн хоёр жил гаруй үргэлжилж байна. Эхэлсэн жилийнхээ гуравдугаар сараас эхний татвар тогтоож эхэлсэн. Одоогоор шууд зөөлөрнө гэж дүгнэхэд эрт байна.

-Олон улсын байгууллагуудын дэлхийн ирэх жилийн эдийн засгийн таамаглалд эрсдэл өндөр гэсэн үг давтамжтай дуулдах боллоо. Тэдний гаргасан таамаг, тойм бодит байдалтай хэр нийцдэг бол?

-Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн тоймыг улирал тутам шинэчилж гаргадаг. Дэлхийн аль ч олон улсын байгууллага, банк санхүүгийнхний эшлэл болгодог, урдаа барьдаг илтгэл гэвэл ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн тойм, Дэлхийн банк, НҮБ-аас гаргадаг эдийн засгийн тоймууд байна. Эдгээр тайлангуудын хувьд тулгуурлаж байгаа мэдээллийн эх сурвалжууд нь маш сайн.

Олон зуун, хэдэн мянган тоон дээр тулгуурладаг учраас их сайн үндэслэлтэй гэж үздэг. Сая хэлсэн байгууллагууд улс орон бүрд төлөөлөгчийн газартай. Тэр бүгдээс тоон мэдээлэл очдог. Нэг өрөөнд хэдхэн шинжээч сууж байгаад бага сага зүйл уншаад гаргачихдаг тойм биш л дээ. Олон зуун мянган хүний хөдөлмөр шингэсэн байдаг. Тэр утгаараа үндэслэл сайтай.

Өнгөрсөн жилүүдэд гаргасан тайлан, тоймыг анзаарахад бодит байдалтай нэлээд ойрхон дүгнэлтүүд гарч байсан. 2008 оны хямралаас бусад тохиолдолд. Тэр жилийн хямралыг бол таамаглаж чадаагүй.

Түүнээс хойш олон улсын байгууллагууд нэлээд сургамж авсан л даа. ОУВС тойм бүрдээ нэр өгдөг. Нэр бүр нь утга санаатай. Өнгөрсөн аравдугаар сард гаргасан тоймоо “Тодорхойгүй байдал нэмэгдсээр” гэж гарчигласан байх жишээний. Тойм болгоны зураг хүртэл учир агуулгатай. Цаг агаарын зураг байдаг. Аравдугаар сарын тоймын зургийг та анзаарсан уу?

-Анзаараагүй юм байна.

-Далай дээр тэнгэр муухайрч салхи шуурч бороо орж байгаа зурагтай гарсан. Монголчууд cap шинээр ирэх жилээ шинждэг дээ. Шороон үхрийн шинж энэ тэр гээд. Яг тэрэн шиг. Нэртэй, зурагтай гардаг.

-Сая таны онцолсон олон улсын байгууллагуудын илтгэлүүдэд дурдагдсан гол эрсдлүүд юу байна?

-АНУ, Хятадын худалдааны дайн. Одоог хүртэл шийдэгдээгүй байна. Хэлэлцээ үргэлжилсээр л байгаа. Арваннэгдүгээр сарын 16-нд Чилийн Сантьягод болох АСЕАН-ий чуулга уулзалтын үеэр эхний шатны хэлэлцээртээ гарын үсэг зурах болов уу гэсэн найдлага байсан ч хойшилчихлоо. Учир нь Сантьягод болох байсныг Чилийн Засгийн газар цуцалчихсан.

Бослого үймээнтэй байгаа учраас олон улсын төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах амар биш л дээ.

Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эхний хэлэлцээрээр хоёр тал асуудлыг бүхэлд нь шийдэхгүй. Зөвхөн нэг хэсэг нь л шийдлээ олох юм. Хэлэлцээнд орж буй нөгөө тал бас их барьцгүй. Нэг л бухимдвал үгүй гэчихэж мэдэх хүн. Хоёр дахь эрсдэл нь Брексит.

Их Британи Европын холбооноос гарах тухай яриад хоёр гурван жил болж байна. Өмнөх өчнөөн хэлэлцээ нь амжилтгүй болсон. Борис Жонсоны Засгийн газар хоёр, гурван удаа парламентдаа санал оруулаад няцаагдаад яваад байгаа. Сүүлд гэхэд ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл хугацаа сунгагдах тухай асуудал яригдаж байна. 

Гэхдээ тэр хугацаанд гарах эсэх нь ч эргэлзээтэй. Тэр үед гарлаа гэхэд тарсны дараах үйл явц ирэх жилийн хоёрдугаар сараас эхэлж таарна. Одоо яригдаж буй гол асуудал нь Ирланд, Их Британийн хил.

Тэр хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн яах, худалдаа, арилжаа хэрхэн явагдах гээд өчнөөн асуудал бий. Судлаачдын тухайд цаана нь үүсэх олон асуудлыг ярихгүй яваа гэж байна. Их Британид амьдарч буй Европын холбооны иргэд, Европын холбоонд амьдардаг Британийн иргэд визтэй болж таарна. Энэ мэт төвөгтэй асуудлуудыг нарийвчилж зохицуулахад төвөгтэй гэж үзэж байгаа.

Европын холбооноос Британи гарсны дараах бодлого ямар байх вэ гэдэг дээр Европын холбоо өөрөө санаа зовоод эхэлчихсэн. Саяхан “The guardian” сонинд бичсэн нийтлэлд Британийг Трампын араас явлаа, гэж дүгнэсэн харагдсан.

Борис Жонсон гэв гэнэт огцом шийдвэрүүд гаргадаг сонин амбицтай хүн. Ингээд харахаар Европын холбоотойгоо нийцээд амьдрах уу, сөргөлдөөд харилцан тариф тогтоогоод явах уу гэдэг нь ойлгомжгүй болчихож байгаа юм. Дээр нь Ойрхи Дорнодын асуудал бий. Одоо хүртэл Ираны эсрэг хориг үргэлжилж байгаа. Байсхийгээд Саудын Араб, Иранд ямар нэг үйл явдал болж байна.

-Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жил хэчнээн хувийн өсөлттэй гарах таамаг голлож байна вэ?

-Олон улсын байгууллагууд дуу нэгтэйгээр гурван хувь гэж байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн хувьд 2008 оноос хойших хамгийн тааруу өсөлт. Онцолж хэлэхэд Хятадын эдийн засгийн өсөлт улирал тутам саарсаар байгаа. Ирэх онд 5.8 хувь гэсэн тоо дуулдаж байна. 0.2 хувиар саарна гэсэн үг. 13 их наяд ам.долларын эдийн засгийн 0.2 хувь гэдэг бол хэд хэдэн улсын ДНБ. Асар том тоо.

Ийм том дүнтэй мөнгөний бууралт, хэдэн тэрбум ам.долларын эдийн засгийн сааралтын тухай ярьж байна. Тийм ч учраас Хятад эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэгт анхаарч арга хэмжээ авч эхэллээ л дээ. Дотоодын эдийн засгаа дэмжих арга замуудыг хайж байна. Саяхан гэхэд л Хятадын коммунист намын хурал дээр дараа, дараагийн реформоо ярилаа. Америкийн эдийн засаг бас эргэлзээтэй.

2008 оны хямралаас хойш анх удаа өгөөжийн муруй хөрвөсөн гэж өнгөрсөн зун ярьсан. Өгөөжийн муруй хөрвөхийг судлаачид хямралын дохио гэж үздэг. Өгөөжийн муруй хөрвөсөн байдал нь хэвээрээ яваа. Холбооны нөөцийн банкны cap бүрийн мэдээлэл дээр энэ тухай байнга асуудаг.

-Худалдааны маргаан нааштай шийдэгдэхгүй бол 2020 он АНУ-ын хувьд таагүй жил болох нь ээ?

-Тэгнэ. Дээр нь 2020 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

-Байгаль цаг уурын өөрчлөлт дэлхийн эдийн засгийн хямралын нэг шалтгаан гэж та онцолсон байсан. Цаг уурын өөрчлөлт яг яаж нөлөөлнө гэж?

-Бүх улс орны яриад эхэлсэн шалтгаан. Өнгөрсөн долдугаар сард Даляньд болсон World economic forum-д “Уур амьсгалын өөрчлөлт санхүүгийн хямралын нэг өдөөгч байж болох уу?” гэсэн салбар хуралдаан болсон.

Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна. Японд гэхэд л цунами болсны дараа хэдхэн хоноод үер болох жишээний. Өнгөрсөн зун ОХУ-д түймэр яаж газар авлаа. Үүнээс болоод уламжлалт хөдөө аж ахуй яах вэ гэсэн асуулт ургаж байна.

-Дэлхийн эдийн засгийн сая хэлсэн эрсдлүүд Монголд яаж нөлөөлөх вэ?

-2008, 2009 он хүртэл манай улсын эдийн засаг маш цомхон байлаа. 2008, 2009 онд дэлхийн эдийн засагт түүхий эдийн ханш өссөн, Зэсийн үнэ гэхэд л төсөөлж байгаагүй цойлсон. Тэр үе хүртэл нүүрсний экспорт гэж байсангүй.

Манай экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Авууштай нь уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 90 хувь нь Хятад гэсэн ганцхан зах зээлээс хамааралтай. Хятад улс манайхаас авдаг түүхий эдээ бүгдийг нь дотооддоо хэрэглэдэггүй. Коксжих нүүрс маань Хятадын гангийн үйлдвэрлэлийн түүхий эд. Хятад улс үйлдвэрлэсэн гангаа Европын холбоо, АНУ, Японы зах зээлд гаргадаг.

Ингээд харахаар дэлхийн эдийн засаг удаашрах хэрээр гангийн хэрэглээ буурна. Гангийн хувьд усан онгоц, автомашины үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол бүтээгдэхүүн. Аж үйлдвэрлэл буурах хэрээр гангийн хэрэглээ буурна гэсэн үг.

Ийм нөхцөлд коксжих нүүрсний үнэ, хэмжээг зөвхөн өөрсдийнхөө мөрөөдлөөр таамаглаж болохгүй. Харамсалтай нь 42 сая тонн нүүрс гаргана гэж хоёр жил ярилаа. Ямар ч баримжаа багцаа, гэрээ хэлэлцээргүй хэр нь ийм тоо тавьчихдаг.

Гэтэл Австрали Хятадтай төмрийн хүдэр, нүүрсэндээ урт хугацааны хэлэлцээртэй. Жилдээ төчнөөн сая тонн нүүрс, төмрийн хүдэр гаргана гэсэн урт хугацааны хэлцэлтэй. Яг нарийндаа бид хийж буй худалдаагаа гадаад худалдаа гэж бүртгээд яваа ч процессыг нь харвал хил орчмын худалдаа шүү дээ. Баяннуураас даваад дахиад хоёр гурван мужид нийлүүлдэг бол өөрөөр нэрлэж болох байх. Ганцхан аймагт шахуу нийлүүлдэг ийм эрсдэлтэй зах зээлтэй хэр нь урт хугацааны гэрээ хэлэлцээргүй ажиллаж болохгүй л дээ.

-Ирэх жил дахиад 40 гаруй сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Тийм боломж бий юу?

-Байхгүй. Хил гаалийн боомтоо шинэчилнэ гэсэн байна лээ. 2018, 2019 оны тоон мэдээллийг харахаар дэд бүтэц, хилийн боомтын нэвтрүүлэх чадлын хувьд бараг 99 хувьдаа хүрчихсэн. Үүнээс цааш нэмэгдэх ямар ч боломжгүй. Хамгийн том асуудал бол тээвэрлэлт. Арван жил дэд бүтэц ярьсан ч ахисан зүйлгүй сууж байгаа.

-Энэ жилийн төсвийг хэт өөдрөг болсон, зарлага ихтэй, сонгуулийн өмнөх жилүүдийн жишгээр боловсруулсан гэх мэтээр шүүмжилж байна. Таны байр суурийг сонсъё?

-ОУВС-гийн хөтөлбөрт орсон гол шалтгаан нь төсвийн сахилга бат байсан. Маш олон эх сурвалжаар мөнгөө тараадаг. Жижигхэн эдийн засагтай хэр нь төсвийнхөө 30 хувийг эргүүлээд зарчихдаг. 2010-аад онд төсвийн зарлага бүр 40 хувьтай байсан. Манайх шиг шилжилтийн эдийн засагтай орнуудад бидэн шиг 30-аас дээш хувийн зарлагатай улс байхгүй. Бүгд 30-аас доош орчихсон.

Хамаг мөнгөө төсвөөрөө дамжиж зардаг орон гэвэл Төв Азийн ганц хоёрхон улс л байна. Нэг нь бид. Зарж үрж байгаа зүйл нь харамсмаар, татвар төлөгчид гомдол хэлмээр. Сумдын соёлын төв гэсэн жагсаалтыг хараарай.

Бүгд нэг тэрбум төгрөг. Манай улс 365 сумтай. Нэг суманд 2-3-хан мянган хүн амьдардаг. Тиймхэн хүнд зориулаад нэг суманд хоёр заал барьж байна. Сургуулийн заал гэж бий. Сумын сургууль цөөхөн хүүхэдтэй учраас үдээс хойш ямар ч хичээлгүй.

2,000 хүнтэй суманд 640 хүүхдийн сургууль бариад, хажууд нь 240 хүний суудалтай соёлын төв барих ямар ч шаардлага байхгүй. Мөнгөө багтааж ядсан Арабын улс биш шүү дээ, бид. Гэтэл Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв ханиад томуу оргил үедээ ороогүй өдийд гэхэд л ачааллаа даахгүй байна.

Ачаалал энд байхад сумдад соёлын төв барих нэрээр мөнгө цацаад сууж таарахгүй л дээ. Ингэж дэмий зүйлд мөнгө цацна гэж ярьж суухаас илүү том асуудал бий. Наад захын жишээ нь бидний төлөх ёстой өр.

Зээл аваад өөртөө ланд аваад уначихдаг компанийн захирал шиг сэтгэлгээгээр хандаад байна л даа. Урсгал төсөв 2016 онтой харьцуулахад 50 хувь өсчихсөн. Төсвийн зарлага бараг 14 их наяд. Татварын асар их дарамт, ачаалал байна гэсэн үг. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийхөд хэцүү.

-Ядаж л төсвөөрөө дамжуулж хөрөнгө оруулалт хийхдээ хувийн хэвшлийнхэндээ боломж өгөхгүй байна л даа...?

-Харин тэгээд байна. Улс өөрөө бүгдийг хийгээд байна. Шилжилтийн эдийн засагтай, суурь бүтцийн өөрчлөлтүүдээ хийж чадаагүйтэй л холбоотой. Суурь эдийн засагт маш олон гажуудал бий. 300 гаруй суманд юу ч хамаагүй барихад нь дуугардаг хүн байхгүй.

Нэг байгууллага хэчнээн хүнтэй ажиллаж байгаад анхаардаг газар алга. Асар их мөнгө зарж үрэлгэн загначихаад би, бид хийлээ гэж сурталчилдаг. Эцсийн дүндээ татвар төлөгчдөөс л авсан мөнгө. Төсвийг үрэлгэн болгодог уут нь цоорхой хэвээрээ байна. Тэр уутыг нөхөх тухай огт ярихгүй яваа. Олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан ирэх дөрвөн жилийн санхүүгийн төлвөөс харахад болгоомжлох зүйл их байна.

Монголын 2020-2024 оны эрэлт хэрэгцээ, зардал, тэр хөрөнгөө ямар эх үүсвэрээс нөхөх талаарх тооцоог сонирхлоо. Санхүүжилтийн эх үүсвэрийнхээ нэлээд хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нөхнө гээд маш өөдрөг тоо тавьсан харагдсан.

Одоогийнхоо энэ хандлагаар явбал гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн ч нөхөхөөргүй зураг харагдаж байна. ОУВС-гийн хөтөлбөр ирэх жил дуусна. Тэгвэл 2021, 2022 онд дутах мөнгөө хаанаас нөхөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Гадаадын хөрөнгө оруулалтаа маш сайн байлгасан ч дутна. Эдийн засаг дажгүй бол бонд гаргана. Бонд гаргах чадваргүй бол дахиад л зээл авна.

Бонд гаргах чадваргүй, эдийн засаг нь суларсан улсад хэн мөнгө өгөх нь тодорхой. Дахиад л ОУВС, Дэлхийн банкнаас гуйна. Ийм нөхцөлд аж төрж байж бүх асуудлаа даваад гарчихсан юм шиг үрэлгэн загнаж болохгүй.

-Эдийн засаг таагүй үед алт ханшаа алддаггүй. Нүүрс зэсийн ханш ямархуу үргэлжлэх зураг анзаарагдаж байна?

-ОХУ бол олон төрлийн түүхий эдтэй, том экспортлогч улс. Манайх тийм мундаг экспортлогч биш. Одоохондоо таны асуусанчлан зэс, нүүрс л голлож байна. Тэгэхээр маневрлах чадвараа бодох ёстой.

Эдийн засаг 2015, 2016 оных шиг буурч, нүүрсний үнэ уналаа гэж бодъё. Орлуулах, маневрлах зүйл хэрэгтэй болно оо доо. Хамгийн сайн маневрлах зүйл нь алт. Дараа нь нүүрс орно. Зэсийн баяжмал тодорхой хэмжээтэй, худалдан авагч нь тодорхой багтаамжтай. Тэгэхээр нүүрсэн дээрээ фокуслах ёстой. Хэзээ их, хэзээ бага гаргахаа бодох хэрэгтэй. Нүүрсний үнэ буурахад экспортынхоо биет хэмжээг өсгөх бодлого шаардлагатай. Гэтэл өнөөхөндөө маневрлах бодлого алга. Бүгдийг нь тултал тавиад явж байгаа.

-Саарал жагсаалтад орсноор бид юуг анхаарах ёстой вэ, бидэнд ирэх эрсдэл гэвэл та юуг онцлох вЭ?

-ФАТФ бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллага. Ганц энэ байгууллага тэмцээд байгаа юм биш л дээ. Дэлхийн олон байгууллага, тэр дундаа өндөр хөгжилтэй том гүрнүүд тэмцэж ирсэн. Тийм ч учраас ФАТФ-ыг 1989 онд их долоо санаачилсан юм.

Эдийн засаг гээд бүх л чигийн бодлогыг том долоог дагаад G-20 тодорхойлж яваа. Том долоогийн уулзалтын өмне жил бүр гадаад бодлогын, сангийн, төв банкны, боловсролын гээд маш олон салбарын сайд нарын зөвлөлдөх уулзалт болдог. G-7-гийн бидэнд хамааралтай хэсэг нь төв банк, сангийн сайд нарын жил бүр хийдэг уулзалт. Тэр бүх уулзалтаас тунхаг бичиг гардаг.

Тэр тунхаг бичгүүдийг бид маш сайн харж байх ёстой. Дэлхийн банк, ОУВС, ЕСБХБ бүгд G-7-гийн санаачилгаар байгуулагдсан. Санхүүжилтийнх нь дийлэнх хувь нь эдгээр улс орных. Уулзалтуудаас гардаг тунхаг бичигт мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэчихсэн байгаа. Тэр бодлоготой нь зөрчилдсөн ямар нэг алхам дээр маш хурдан арга хэмжээ авна.

НҮБ, Дэлхийн банк, Валютын сан тус тусдаа статистикийн байгууллагатай. Тэгэхээр бидэнд аливаа юмыг нууж хаах боломж байхгүй гэсэн үг. Нэгэнд нь нэг тоо өгөөд, нөгөөд нь өөр тоо өгөх аргагүй болсон.

Манайд сэжигтэй байж болохуйц олон зүйл бий. Хойд Солонгосоос эхлээд. Саарал жагсаалтад орсноор мөнгөн гүйлгээн дээр хувь хэмжээ нь нэмэгдэх эрсдэл бий. Энэ бол иргэдэд мэдрэгдэх тал нь. Улс орны хэмжээнд харилцаа нэлээд алсарна гэсэн үг. Сүүлийн хоёр гурван жил Монголын өрсөлдөх чадвар буурлаа. Бизнесийн хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлт доошиллоо. Саарал жагсаалтад орчихлоо.

“Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд энэ бүх мэдээллийг нягтлаад сууж байдаг. Ахиц гаргахгүй удвал зээлжих зэрэглэлд шууд биш юм аа гэхэд шууд бус утгаараа сөргөөр нөлөөлнө. Шууд бууруулахгүй ч, тайландаа анхааруулсан үг өгүүлбэр тусгана. Ирээдүйд үнэлгээ нь буурах эрсдэлтэй гэчихэд л Засгийн газар, банкуудын бондын гадаад зах зээлд гарах хувь, хэмжээ нь хэцүүднэ. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах чиглэлд шуурхай ажиллах хэрэгтэй.

-Саарал жагсаалтад орсонд тэр энэ буруутай гэж баахан ярьсан. Эхнээсээ Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга хариуцлага хүлээх нь тодорхой болчихлоо. Холбогдох албан тушаалтнуудын хувьд алт мөнгөний дарханы, хуулийн фирмийн гүйлгээ тайланг хянана энэ тэр гээд анхаарал хандуулах ажлууд бий гэцгээж байна. Энэ бүхэн саарал жагсаалтаас гарахын тулд хийж байгаа үр дүнтэй ажил, алхмууд мөн үү?

-Алт мөнгөний дарханыг хяналтад авах ёстой энэ тэр бол жижиг асуудал. Бүрдүүлж байгаа жижиг элементүүд нь. Хамгийн том үүрэг хариуцлага нь Засгийн газар дээр л байна. Түүнээс биш банк бусыг бүртгэснээр ахицтай ажил болохгүй.

СЗХ-н дээр хэд хэдэн салбарын гүйлгээг хяналтад оруулна гэж байна. Процессын жижиг алхам төдий ажил. Шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй. Хамгийн гол‘нь Засгийн газар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллах хүсэл эрмэлзэлтэй эсэхээ харуулах ёстой. Тэгэхээр саарал жагсаалтаас богино хугацаанд гаръя гэвэл Ерөнхий сайд өөрөө ФАТФ дээр очих ёстой.

Байр сууриа л илэрхийлэх шаардлагатай. “Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагатай санал нэг байна. Бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэнэ, хатуу арга хэмжээ авна” гэж хэлэх хэрэгтэй. Ийм мэдэгдэл л чухал.

-УИХ-ын дарга захиа илгээснээр шийдэгдэх асуудал биш байх нь...?

-Тэгж ойлгож болно. ФАТФ-ын хувьд Монгол Улс бодлогынхоо түвшинд юм хийх хүсэлтэй эсэхийг л харна. Тэгэхгүйгээр “Гадны хэдэн ядарсан ажилчид байж л байг хөөрхий” гээд суугаад байвал “Эдэнд хүсэл зориг алга. Мөнгө угаахыг өөгшүүлж байна" л гэж харна.

-Дэлхийн банкны “Doing business’’-т манайх өчнөөн байр ухарчихсан. Байр ухрах хэрээр дэлхийд хөрөнгө оруулалтын таатай биш орчинтой улс гэж харагдах эрсдэл өндөрсөөд байна аа даа?

-Дэлхийн банк “Doing business’’-ийг гаргаснаас хойш олон жил болж байна. Манай улс хамрагдаад арав гаруй жил болчихсон. Дэлхийн банкны бүх гишүүн орнууд “Doing business’’-т үнэлэгдэж байгаа Би өөрийнхөө нүдээр харсан нэг явдлыг сонирхуулъя Дэлхийн банканд ажиллаж байхад болсон явдал. “Doing business’’-т эхний нэг, хоёр, гуравт жагсдаг улсууд топ орнууд байж таарна аа даа.

Өндөр хөгжилтэй, зээлжих зэрэглэлийн хувьд ч өндөр зэрэглэлтэй улсууд. Сингапур, Солонгос, Швейцар, Хонг Конг эхний байруудад жагсдаг. 2013 он шиг санагдана, Солонгос гурав билүү, дөрөвдүгээр байранд орлоо. Дэлхийн банканд ажилладаг солонгосчууд “Манайх үүнээс илүү сайн байх ёстой” гээд ажлаа тайлагнаад гүйж байгаа юм. Уг нь нэг байраар ухарсан ч гэлээ топуудын нэг хэвээр байгаа шүү дээ.

Айхавтар сөрөг нөлөө үзүүлмээргүй юм шиг. Гэтэл ганц байрны төлөө тийм чухал хандлага гаргаж байх жишээний. Тэгэхээр энэ үзүүлэлт бол маш чухал. Хөрөнгө оруулагчдад тухайн улсын талаар хараат бусаар өгч байгаа үнэлгээ.

Дээр нь АНУ-ын төрийн департментын гаргадаг “Investment climate reроrt”гэж бий. Зуугаад улсыг арван үзүүлэлтээр үнэлж жагсаадаг. Арав, хорин улсаар л зөрдөг байх. Тэнд манайхыг “Хуулиа байсхийгээд сольдог, татвараа өөрчилдөг, гадаадын хөрөнгө оруулалтыг шахдаг, лицензээ байсхийгээд олгохоо болиод зогсдог” гэх мэтээр дүгнэсэн нь бий.

Энэ жилийн “Investment climate report’’-д гадаадын хөрөнгө оруулагчдыг яаж ялгаварладаг тухай онцолсон байна. Хөрөнгө оруулагчид ямар гомдол хэлж байна гэхээр 2013 оны Хөрөнгө оруулалтын хуульд “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид адил тэгш эрхтэй" гээд биччихсэн байгаа.

Гэтэл хэрэгжүүлэх зохицуулалт дотор Монголд гадаадын хөрөнгө оруулалттай этгээд орж ирвэл хамгийн багадаа 100 мянган ам.доллартай байх, үүнээс доош хөрөнгө оруулагч гэж үзэхгүй гээд тусгачихсан. Хэрэгжүүлэхдээ хуулиасаа өөр шаардлага тавиад, хуулийнхаа зарчмыг зөрччихөж байгаа юм. Ингээд л “Гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлаж байна” гэсэн дүн тавиулчих жишээний.

Хөрөнгө оруулагчийн хувьд бид нэг зүйлийг ойлгохгүй байна л даа. Хөрөнгө оруулагч бол буяны байгууллага биш. Монгол Улсыг хөгжүүлэх гээд орж ирж байгаа НҮБ-ын төсөл биш. Аль ч улс оронд хөрөнгө оруулагч бол ашгийн төлөө явж байгаа хүн гэж хардаг. Тэр утгаараа харилцан ашигтай ажиллах тухай асуудал л яригдах учиртай.

Зураг