Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Боинг компанийн сансрын хөлөг нэг шүхэргүйгээр газарджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Боинг компани өчигдөр өөрийн зохион бүтээсэн Starliner сансрын хөлгийг амжилттай туршжээ. Уг хөлгөөр АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх зорилготой юм. Одоогоор тус улсын сансрын нисгэгчид ОХУ-ын хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад хүрдэг.

Туршилт өчигдөр Нью Мексикогийн цөлд болж, 95 секунд орчим хугацаанд үргэлжилжээ.

Starliner хөлөг пуужингийн оройд тээвэрлэгдэн сансарт нисэх ёстой. Тэгвэл өчигдөр гэнэтийн осол тохиолдох үед пуужингаасаа түргэн салаад буцаж аюулгүй газардах техникийг туршсан байна.

Пуужинг орлуулах дөрвөн хөдөлгүүр Starliner хөлгийг 20 секундын хугацаанд өндөрт хөөргөжээ. Ингээд буцаж газардах болоход гурван шүхэр дэлгэгдэх ёстой байснаас нэг нь ажиллаагүй байна.

Хоёр шүхэртэй Starliner хөлөг өөрийн аюулгүйн дэрний тусламжтайгаар амжилттай газарджээ.

Гурван шүхрийн хоёр нь дэлгэгдсэн явдал “сансрын нисгэгчдийн аюулгүй байдалд” нөлөөлөхгүй гэж NASA мэдэгдсэн байна.

Харин Боингийн мэдэгдэлд “яагаад нэг шүхэр нь дэлгэгдээгүйг тайлбарлахад эрт байна” гэжээ. АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлгийн зохион бүтээх эрхийг Боингоос гадна SpaceX компани аваад байгаа.

2011 онд Shuttle хөтөлбөрөө зогсоосон АНУ одоо Оросын Союз хөлгөөр сансарт нисдэг. Боинг компани нисгэгчгүй Starliner хөлгөө арванхоёрдугаар сарын 17-нд тойрог замд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Харин SpaceX компани нисгэгчгүй Crew Dragon хөлгөө гуравдугаар сард тойрог замд амжилттай хөөргөсөн юм. 

Сансрын нисгэгчтэй хөлгийг 2020 онд тойрог замд хүргэхээр NASA төлөвлөжээ. Боингийн өчигдөр гүйцэтгэсэн буцаж аюулгүй газардах туршилтыг SpaceX хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters, Associated Press