Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

McDonalds-ийн гүйцэтгэх захирал хугацаанаасаа өмнө ажлаас халагдсаны төлбөрт $675,000-ыг авна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт түргэн хоолны дэлхийн томоохон сүлжээ McDonalds компани гүйцэтгэх захирлаа үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг зарласан билээ.

Стив Истербрүк ажилтантайгаа дотно харилцаа үүсгэж, компанийн дотоод журмыг зөрчсөн нь ингэхэд хүргэсэн байна.

Өчигдөр буюу Даваа гарагт McDonalds компани түүнийг ямар нөхцөлтэйгээр ажлаас чөлөөлж байгаагаа зарлажээ. Компанийн зүгээс Истербрүкт олгосон $37 саяын үнэлгээтэй шагналын хувьцааг хэвээр үлдээж, хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаас халсны төлбөрт $675,000-ыг төлөхөөр болсон байна.

Британийн иргэн, 52 настай Стив Истербрүк 1993 оноос хойш McDonalds компанид ажиллаж байгаа бөгөөд 2015 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшсэн юм.

Истербрүкийг компаниасаа явах тухай мэдээлэл тарсны дараа Даваа гарагт McDonalds-ийн хувьцааны үнэ 3 орчим хувиар унажээ. Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 6 хувь өсөөд байсан юм.

Истербрүкийн 2018 оны жилийн цалингийн хэмжээ $1.35 сая байжээ. Түүнийг ажлаас чөлөөлөхдөө McDonalds компани хоёр жилийн хугацаанд өрсөлдөгч компаниудад ажиллахгүй байх гэрээ байгуулсан байна.

Гэрээний хавсралтад ажиллахыг хориглосон компаниудын нэрсийг жагсаасны дотор Burger King, Pizza Hut, KFC, Subway, Chipotle, Domino’s Pizza, Starbucks зэрэг байгууллагууд багтжээ.

Истербрүкийг ажиллах хугацаанд McDonalds компани шинэ технологи нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах чиглэлд нэлээд ахиц гаргасан гэж үздэг. Тэрээр гурван хүүхэд төрүүлж өгсөн анхны эхнэрээсээ салж, тусдаа амьдардаг юм байна.

 

Эх сурвалж: Associated Press