Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Элчин сайд нарыг аль болох хурдан томилно

Ч.Зотол, Зууны мэдээ
2019 оны 11 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.

-Манай улсад  ирж цахим гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэд ямар журмаар виз авсныг шалгаж тогтоосон уу?

-Тухайн иргэдийг оруулж ирсэн компани аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, гэрчилгээний дугаар гэх мэт бүх баримт хууль, журмын дагуу  байж виз олгогддог. Энэ бүх шалгалтыг холбогдох газрууд хийсэн.

Бүх баримт журмын дагуу бүрдсэний үндсэнд жуулчид орж ирсэн.  Гэсэн ч сая болсон  асуудалд  Монгол талын компаниуд шууд хар жагсаалтад орно. Дээр нь  дахин виз мэдүүлж авах ямар ч бололцоогүй болно. Хятадын талаас ч гэсэн энэ чиглэлээр тээвэрлэлт эрхэлдэг  компаниудад шалгуур тавьдаг. Ер нь олон шалгуур бий.

Гэрээ, зөвшөөрөл гээд бүх бичиг баримтыг шалгаж байж зөвшөөрөл өгдөг. Тэгэхээр Хятадын талаас оролцсон, хамтарсан компаниуд ч Монголын Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болж байгаа. Энэ бүхэн эргээд буух эзэнтэй асуудал.

-Визний хууль бус наймаа явагдсан гэсэн мэдээлэл гарсан?

-Бид энэ чиглэлд 2-3 сарын өмнөөс холбогдох байгууллагуудтай хамтарсан  судалгаа явуулж, шалгалт эхлүүлээд байсан.

-Тэгвэл Засгийн газрын урилгаар ямар ч визгүй, хилээр олноороо орж ирдэг хуулийн  заалтыг авч хаях хэрэгтэй юм биш үү?

-Зөвхөн хувь хүмүүс дээр урилга үйлчилдэг байсан. Дэлхийн бүх оронд ийм. Зочид буудлын захиалгын хуудас, ирэх буцах билетийн хуулбар, шаардлагатай үед тухайн хүний банкны мэдээллүүдийг асуудаг. Энэ нь  дэлхийн бүх улс оронд үйлчилж байгаа журам. Бид ч гадагшаа явдаг, та бүхэн үүнийг мэдэж байгаа. Хэрэв Монгол Улс нийтлэг асуудалд ялгавартай хандвал тэд ч гэсэн  бидэнд тэгж  хандана.

Бүх асуудал ардаа нарийн зохицуулалттай. Тухайн хүний захиалгыг манайх авлаа гэхэд хил нэвтэрснээс эхлэн  ирээд хаана, ямар зочид буудалд байрлах  нь хүртэл тодорхой  гэсэн үг. Хэрэв тэр хүн гэмт үйлдэл хийсэн байвал бид хаанаас олохоо мэдэж байна.

Билетийн хуулбараар хөөгөөд  хаанаас ямар төлбөр хийсэн нь мэдэгдэнэ. Энэ бол зөвхөн хувь хүний тухайд хэрэгжих журам. Саяын тохиолдолд иргэд бөөндөө   ирсэн байгаа энэ үед  бичиг, баримт бүр ч нарийн болоод явчихна. Тэр болгоныг үзэж, шалгаад авсан байгаа.

-Зөвхөн өнгөрсөн аравдугаар сард гэхэд 600 гаруй хүнд  бөөнд нь виз өгсөн нь цочирдмоор тоо мөн үү, хэвийн үзэгдэл үү?

-Монгол Улс аялал жуулчлал  хөгжүүлнэ, жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ гэж зорьж байгаа. Жуулчид аялахын тулд үйлчилгээ эрхэлдэг компанид ханддаг. Бүлэг жуулчин гэдэг тэр л тогтолцоогоор орж ирсэн асуудал. Хятадаас ирж байгаа жуулчдаас зөрөөд очиж байгаа манайхны тоо хамаагүй их.

Бүх бичиг баримт ном журмын дагуу олгогдсон, буух эзэнтэй асуудал. Харин ч манай байгууллагууд сайн ажилладаг нь саяын илэрсэн хэргээс харагдаж байна. Ийм юм явж байна гэдгийг аль эрт мэдээд шалгалт хийж  илрүүлэн хяналтдаа авчихсан байсан. Энд нэг ч эзэнгүй хэрэг  байгаагүй.

-Өнгөрсөн тавдугаар сард Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарыг Элчин сайдаар томилох тухай ярьж байсан. Энэ удаа тэдний  нэр  орж ирээгүй нь ямар учиртай вэ?

-Бүгдийг нэг дор  хэлэлцэх боломжгүй учраас цувуулаад  оруулна. Эргэлзээ байгаа бол түүнийгээ тайлах, шалгах, судлах ажлыг хийнэ.

-Ардын нам бүлгийн хурлаараа зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Томилогдохоор яригдсан бүх хүнийг дэмжсэн үү эсвэл?

-Бүлгийн хурлаар дэмжээд гаргалаа. Цаашид аль болох түргэн томилж явуулахыг бодож байна. Зургаан Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьсан.

-ҮХЦ-ийн даргын тухай мэдээллийг Гадаад харилцааны яам авч байгаа юу?

-Бид мэдээллийг цаг алдалгүй авч  байгаа.  Үндсэн хуулийн цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын төрийг төлөөлж яваа төлөөлөгч. Иймд  олон улсын хуулиар  тэр хүнийг саатуулж болохгүй. Тиймээс нөгөө талаас хуулиа хүндлэн  тэр хүнийг явуулсан байгаа. Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь олон улсын хуулиар зохицуулагдана.

-Хэдийгээр хууль нь тийм ч гэлээ ёс суртахуунгүй үйлдэл гаргасан бол огцрох ёстой биз дээ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Өөрөө ирээд тайлбараа өгнө гэсэн байна лээ. Бодит байдлыг тогтоох байх, миний хувьд ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй.

Зураг