Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын дөрвөн өдөртэй долоо хоног бүтээмжийг 40 хувиар нэмэгдүүлж байгааг Майкрософт туршилтаар харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийн горимыг өөрийн Япон дахь салбарт туршиж, үр дүнг нь танилцуулжээ.

“Work-Life Choice Challenge” нэртэй уг туршилтыг өнгөрсөн наймдугаар сард хэрэгжүүлсэн юм байна. Сонирхолтой нь энэ оны наймдугаар сард ажилтнуудын бүтээмж нь өмнөх 2018 оны наймдугаар сарынхаас 40 хувиар өссөн дүн гарчээ.

Ажиллаагүй Баасан гарагийг үндсэн ажилтнуудын хувьд цалинтай амралтын өдөр болгосон байна.

Туршилтын хугацаанд дотоод уулзалтуудын уртыг 30 минутаар хязгаарлаж, аль болох зайнаас харилцах зарчмыг дэмжжээ.

Майкрософт нь дөрвөн өдөртэй долоо хоногийг анх удаа туршсан байгууллага биш юм. Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгө төлөвлөлтийн Perpetual Garden компани мөн ийм горимыг туршаад бүтээмж нь нэмэгдсэн тул байнгын болгож нэвтрүүлжээ.

Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн үеэр Майкрософтын Япон дахь салбар компанийн хэвлэсэн цаасны тоо 58.7 хувиар, цахилгааны хэрэглээ 23.1 хувиар өмнөх оны наймдугаар сартай харьцуулахад тус тус буурсан байна. Цөөн цагаар бүтээмжтэй ажиллах нь компани болон ажилтанд аль алинд нь ашигтайг энэхүү туршилт харуулжээ.

 

Эх сурвалж: Business Insider