Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Отгонбаяр: Японд IPO хийх боломж өндөр байгаа

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Технологийн хөгжлийн боломжийг иргэдэд хүртээж, ялангуяа төрийн үйлчилгээ авахад илүү хялбар болгосноороо цаг, эдийн засгаа хэмнэх нөхцөлийг бүрдүүлж өгч буй компаниудын нэг нь “Гэрэгэ системс”.

Төрийн нэг цэгийн үйлчилгээний цонхны дэргэд байрлуулсан “Гэрэгэ” хэмээх бичигтэй цэнхэр киоскуудаар дамжуулан иргэд 30 секундээс нэг минутын дотор улсын бүртгэлийн лавлагааны төлбөр, авто машины татвар, торгууль, гадаад паспортын хураамж зэргээ маш амархан төлдөг болсон. 

Бүх төлбөр тооцоог барагдуулах үндэсний хэмжээний цахим нийгмийн сүлжээг ийн байгуулсан “Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагааны газрын захирал А.Отгонбаяртай ярилцлаа. Тус компани өнгөрсөн Баасан гарагт улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэгэн шинэ төрлийн үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа юм.



-"Гэрэгэ системс" компани Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт шинэ төрлийн киоск байрлуулж, нээлтийг нь Баасан гарагт хийлээ. Энэ шинэ үйлчилгээ иргэдэд, эрүүл мэндийн салбарт  ямар давуу тал бий болгож байгаа талаар эхэлж ярихгүй юу?

-Нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээнийхээ хариуг шууд хэвлээд авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр магадгүй өөр газар, өөр эмчид үзүүлэх шаардлага гарахад хариугаа шууд хэвлээд авах киоск, апп-ыг нэвтрүүллээ. 

Манай киоск харахад нэг дөрвөлжин машин мэт боловч цаанаа Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хур гэгчлэн маш олон системтэй холбогддог. Нөгөө талаар, хувь хүний мэдээлэл тул иргэн заавал өөрөө очоод хурууны хээгээр баталгаажуулан хариугаа авах ёстой. 

Өмнө нь шинжилгээний хариуг эмч нар нь хэвлэж өгдөг байсан бол энэ үйлчилгээг автоматжуулснаар тухайн эмч дахин хэдэн өвчтөн үзэхэд цагаа зарцуулах боломж бүрдсэн. Иргэд ч оочир дараалалд цагаа үрэхгүй. 

-Тэгвэл бусад эмнэлэгт энэ үйлчилгээгээ нэвтрүүлчихвэл тухайн иргэний шинжилгээний хариуг өөр эмнэлгийн эмч байсан ч шууд харах боломжтой болно гэж ойлгож болох уу?

-Шинжилгээний хариуг өөр хүн харах боломжгүй тул ийм үйлчилгээг вэб дээр шийдэхэд төвөгтэй. Бид “Гэрэгэ” апп дээрээ селфи, гарын үсэг, иргэний үнэмлэх гэхчлэн олон давхар баталгаажуулалт хийдэг тул “Гэрэгэ” апп ашигладаг хүмүүс яваандаа ийм үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ одоохондоо ийм шийдлийг арай хийгээгүй байна.

Ер нь бидний гол зорьж байгаа зүйл нь төлбөрийн шийдэл, гарц. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог иргэдэд илүү хялбарчлах юм. 

-Төлбөрийн шийдлийг хялбарчлахдаа гар утаснаасаа төлөх эсвэл киоскоор дамжуулж төлөх боломжтой гэж ойлгож байгаа. Өөр иргэдэд санал болгож байгаа шийдэл бий юу? 

-Бид вэб, пос машин, киоск, апликэйшн гэсэн төлбөрийн дөрвөн төрлийн суваг хийсэн бөгөөд тус бүрт нь төрөл бүрийн шийдэл гаргаж, апп хийгээд хөгжүүлээд явж байна. Төрийн байгууллагууд ч санал тавиад, хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийгээд явж байна. 

Тухайлбал, хамгийн эхнийх нь замын цагдаа нарын бичдэг торгуулийг газар дээр нь авах систем дээр яг одоо ажиллаж байгаа. Одоо бол цагдаа торгуулиа бичээд тухайн иргэн нэхэмжлэхийнхээ дагуу дараа нь төлдөг. Энэ мөнгийг цагдаа бэлнээр авч болохгүй. Тиймээс бид торгуулийг газар дээр нь авдаг мобайл буюу банкны пос машиныг орлох төхөөрөмжийг хийсэн. Бүх банкны карт уншина. Төлсөн мөнгө нь буцаад холбогдох байгууллагуудын данс руу хуваагдаж орох байдлаар цогцоор шийдсэн. 

Бүх газар киоск байрлуулах боломжгүй учраас мобайл апп руу оруулах болон сая ярьсанчлан зөөврийн поссоор төлбөр авах боломжуудыг хөгжүүлж байгаа.

 
`Гэрэгэ` киоск ашиглан төрийн үйлчилгээний төлбөр төлөх боломжтой газрууд

-Та бүхний нэвтрүүлж байгаа энэ үйлчилгээнүүдийн тусламжтайгаар нэгж иргэний цагийг хэр зэрэг хэмнэж, эдийн засгийн ямар үр ашиг бий болгож байгаа талаар судалж үзсэн болов уу?

-Яг тийм судалгаа одоохондоо алга. Ямар ч байсан иргэд банканд очиж оочирлохын оронд төрийн үйлчилгээний төлбөрийг 30 секундын дотор хийдэг болсон. Хэрэв үйлдлээ бодоод зогсвол дээд тал нь нэг минут зарцуулна. 

Нүдэнд ил харагдахуйц нөлөөлөл ч байна. Дүнжингарав худалдааны төвийн Төрийн нэг цэгийн үйлчилгээг зорьж очсон хүмүүс банканд мөнгөө тушаах гэж л дугаарладаг байсан бол “Гэрэгэ” киоск аваачиж тавиад л ямар ч оочиргүй болсон. 

-Технологийн компаниуд аливаа үйлчилгээг хялбар болгох талаар маш идэвхтэй ажиллаж байна. Тэгвэл энэ компаниудын хувьд ямар хүндрэл бэрхшээл байна вэ. Ялангуяа, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгоход хувь нэмрээ оруулж буйн хувьд хууль эрх зүйн талаасаа хүндрэл үүсдэг үү?

-Бэрхшээл гээд тоочвол олон юм бий. Бидний хувьд тулгардаг нэг гол хүндрэл нь банкуудтай харилцах явцад үүсдэг. Банк хувийн хэвшлүүдэд төрөл бүрийн үйлчилгээгээ нээж гаргаж өгөхөд нэгдүгээрт удаан. Хоёрдугаарт, хууль эрх зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй зүйлс цөөнгүй байна. Жишээлбэл, ямар нэгэн шийдэл хийлээ гэхэд данснаас шууд мөнгө татах боломж байхгүй. Хэрэв тэр боломж байвал тогтмол гардаг орон сууц, гар утас, интернэт зэрэг төлбөрөө иргэд нэг удаа гэрээ хийгээд л хугацаанд нь төлдөг байх боломжтой. Ийм үйлчилгээ аль аль талдаа ашигтай, хэмнэлттэй ч одоогоор тэр боломж байхгүй.

-Бас нэг асуудал салбар бүрт ажиглагдах болсон нь хүний нөөц. Ялангуяа, технологийн компанийн хувьд сайн инженер олж ажиллуулах хүрэлцээ ямар байна вэ. Мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын системийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Нарийн тоо хэлж чадахгүй ч салбарын хэмжээнд гэвэл хүний нөөц хэцүү л дээ. 

Макро үзүүлэлтийн хувьд 1996-2005 онд төрөлт буурсантай холбоотой 2021 он хүртэл ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн тоо багасахаар байна. Үүнийг дагаад их, дээд сургууль төгсөж байгаа шинэ мэргэжилтнүүдийн тоо 2024-2025 он хүртэл багасах төлөвтэй. Өнгөрсөн хугацааг авч үзвэл, уул уурхайн салбар Монголд хүчээ авснаас хойш мэдээллийн технологийн чиглэлээр сурах хүүхдийн тоо багасах хандлагатай болсон гэж боддог. 

Сүүлийн жилүүдэд улам илүү ажиглагдах болсон өөр нэг зүйл бол гадаад явах сонирхол. Судалгаа ч харж байсан, шинээр дунд сургууль төгсөж байгаа 10 хүүхэд тутсын 7 нь гадаад явах бодолтой гэж. Ийм хүмүүс компанид 1-2 жил ажиллаад л явчихдаг. Энэ үзэгдэл бидэнд шууд мэдрэгдэж байгаа юм. 

Залуус явж, сурахын буруу мэдээж байхгүй. Хорьж ч чадахгүй. Харин нэг зүйлд их харамсдаг. Өөрийгөө олж чадаагүй, бүрэн төлөвшөөгүй залуус Япон, Америк, Герман гээд гадны орнууд руу явахаараа тухайн улсынхаа үзлийг хэт шүтээд монголч сэтгэлгээгээ гээдэг. Тэндээ амьдрал зохиогоод, хүүхдүүд нь сургуульд орвол бүр ч ирж чадахаа болиод нэг мөсөн гадны хүн болж хувирдаг. Үүнд улс тодорхой хэмжээний бодлоготой байх ёстой гэж боддог. 

Нөгөө талаар, гадны орны хууль зөрчөөд харлах үзэгдэл түгээмэл байна. Зарим нь улс орныхоо нэр хүндийг унагах нь ч бий. Жишээ нь, Солонгост очоод хууль зөрчөөд харласан хүн тухайн улсын хуулийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг бол Монгол Улсын өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Нэг ёсондоо хүн амынхаа гадагшлах урсгалын талаар Монгол Улс ямар ч хяналтгүй, бодлогогүй байна гэсэн үг. Энэ байдлаар удвал үндэсний хэмжээнд яригдах асуудал болно. Үүнийг нэг компани дангаараа шийдэх боломжгүй. 

-Танай компанийн хувьд боловсон хүчнээ хэрхэн хангаж, бэлтгэдэг вэ?

-Манай захирал Ц.Эрдэнэбат, Технологийн газрын захирал Д.Ганзориг, би гээд бүгд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн төгсөгч. Хуучнаар КТМС, одоо Холбоо, мэдээллийн технологийн их сургуульд ажиллаж байсан залуус ч нэлээд бий. Бид энэ хоёр сургуультайгаа нэлээд холбоотой ажилладаг. Оюутнуудыг төгсөхөөс нь өмнө хагас цагаар ажиллуулж, сургаад төгсөхөөр нь авах байдлаар явж байна. 

Ерөнхийдөө сайн инеженерүүд сайн инженерээ дагаж ирэх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Жишээ нь, би мэргэжлийн их, дээд сургуулиудын дунд болдог МУИС-ийн программчлалын олимпиадын улсын аварга болж байсан бол Ц.Эрдэнэбат, Д.Ганзориг хоёр мөн л уг олимпиадын аварга. Манай Судалгаа, хөгжүүлэлтийн газрын захирал дунд сургуулийнхаа амжилтыг оруулбал бүр таван удаа энэ олимпиадад тэргүүлж байсан залуу юм. Өнгөрсөн оны олимпиадын аварга болсон залуу “Гэрэгэ системс” дээр бэлтгэл хийж байсан. Тэгэхээр сайн инженерүүдийн найзын харилцаа гэдэг бол дараа дараагийн сайн хүмүүсийг татах нэг хөшүүрэг гэж үздэг. 

 
Гэрэл зургийг MPA.mn

-Залуучууд гадагшаа их явж байна гэж та ярилаа. Энэ үзэгдэл бүхий л салбарт ажиглагдаж, нөлөөлж байгаа байх. Гэтэл Монголд маш их боломж байгааг олон хүн ярьдаг. Ялангуяа, технологийн салбарт зарим талаараа бид түрүүлж алхах ч боломж байгааг хэлдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ. Залуус маань эх орондоо баялаг бүтээгч болох боломж хэр их байгаа гэж та хардаг вэ?

-Ерөөсөө хөгжиж байгаа улс орон гэдэг тэр чигтээ шинэ зүйл хийх, эхлүүлэх бөөн боломж. Бизнесийн орон зай их байдаг учраас тэр. Жишээ нь, бид төлбөрийн шийдэл хийгээд олон хүнд хүргээд явж байна. Харин энэ үйлчилгээ бүр сайн нэвтэрсэн газар бид шинэ зүйл хийхийн тулд асар их өрсөлдөөнийг давах хэрэгтэй болно. 

Германы “Rocket internet” гэж компани бий, дэлхийд амжилттай старт апууд гараад ирэхээр харж байгаад хуулбарыг нь шууд Германд болон Европт хийдэг. Өөрөөр хэлбэл, шинэ юм бодох шаардлагагүйгээр амжилттай бизнесийг дуурайх боломж нь ч байна гэсэн үг. 

Хэрэв дэлхийд байхгүй шинэ санаа бодож олбол эхлээд Монголдоо хийчихээд дараагийн улс орон руу нэвтрүүлэх байдлаар өргөжих боломж ч нээлттэй. 

-Тэгвэл Монголын технологийн салбарт ажиллаж буй залуусын хувьд сул тал нь юу гэж та бодож байна вэ? 

-Технологийн салбарт хоцрогдсон, хоцроогүй, давуу, сул тал гэдэг бол харьцангуй ойлголт. Учир нь мэдлэг өөрөө нээлттэй болсон. Суръя, уншъя, харъя гэвэл хэн ч, хаанаас ч олж мэдэх боломжтой. 

Би Японд нэлээд удаан ажилласан. Энэ туршлагаасаа харахад, Японд манай залуучууд очлоо гэхэд магадгүй 20 жил ганцхан төсөл дээр ажиллах талтай. Ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид очлоо гэхэд насаараа ганцхан бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллах тохиолдол ч байж болно. Энэ нь яг тэр ажилдаа ямар ч хүнээс илүү бүтээмжтэй болж, мэргэших давуу талтай ч олон талт туршлага нь бага байдаг.

Гэтэл Монголд ажилласан залуус 1-2 жилд хэчнээн ч төсөл дээр ажиллаж, хэчнээн ч олон зүйл сурч магадгүй. Тэр талаасаа Монголдоо ажиллах нь маш хурдтай, олон зүйл судлах боломж олгодог ч нэг зүйлд нэвт мэргэших талаар дулимаг. Манайд мэргэших гэдгийг ч бүрэн утгаар нь ойлгохгүй, нэг юм хийчихээрээ би сурчихлаа, одоо шинэ юм хийнэ гэх нь бий. Тиймээс бүрэн мэргэшсэн мэргэжилтнүүд олдохгүй байх талтай. 

Хэцүүгийн түвшин Ази гэдэг үг хүртэл интернэтээр явсан биз дээ. Азиуд нэг зүйлээр мэргэшихээрээ маш өндөр хэмжээнд мэргэшдэг. Харин тэр нь Монголд дутагдалтай. 

Түүнээс ч болдог уу, манай Монголын IT-ийн салбар арга барил, хийж байгаа зүйл, дизайн, мэргэшсэн түвшин гэх мэт янз бүрийн үзүүлэлтээрээ Японыхоос хамгийн багадаа 10 жилээр хоцордог. Уг нь дэлхийд программчлалын шинэ хэл гарлаа гэхэд тэрийг хаанаас ч хамаагүй бүгд л зэрэг үзэж болж байгаа. Гэтэл хоцроод байдаг.

Хөгжил өөрөө олон цогц үзүүлэлтээр хэмжигддэг болохоор тэр байх. 

-“Гэрэгэ системс”-ийн нийгэмд чиглэсэн ажил амжилттай болоод танигдчихлаа. Та бүхний дараагийн алхам юу байх вэ?

-Бидний ойрын ирээдүй бол IPO хийх. IPO-г дотооддоо хийх үү, Японд хийх үү гэдгээ ярилцаж байна. Одоогоор андеррайтер компани ирээд ажиллаж байгаа бөгөөд компанийн засаглал, тогтолцоо, менежмент, дотоод хяналт зэргээ улам сайжруулахад анхаарч байгаа. Энэ бол бизнесийн хувьд маш чухал алхам. 

-Таны ярианаас “Гэрэгэ системс” хувьцаагаа Японд гаргах боломж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ талаараа тодруулж ярихгүй юу. Японд хувьцаа гаргавал илүү тал бий болох байх, тийм үү?

-Манай компанийн нэг хөрөнгө оруулагч нь япон хүн байдаг. Тэр хүн олон компанид хөрөнгө оруулсан нь бүгд амжилттай ажиллаж байгаагаас гадна хувьцаагаа гаргасан компаниуд нь амжилттай хөрөнгө босгож чадсан. Тиймээс Японд IPO хийх боломж өндөр байгаа. 

Үүний тулд бид хугарлын цэгтээ очих буюу орлогоо зардлаасаа ахиулах ёстой. 2020 оны эхний улиралд энэ зорилтдоо хүрчих болов уу. 

Японд хувьцаагаа гаргачихвал тус улсад янз бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Тухайлбал, би хоёр компани удирдан ажиллахдаа 7 жил Японоос аутсорсингийн ажил авч байсан бөгөөд япон компаниудад ERP нэвтрүүлж байсан туршлагатай. Тиймээс Япон компаниудад чиглэсэн, төлөвлөсөн ажлууд байгаа. 

-“Гэрэгэ системс”-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат гар утас, компьютер Монголдоо хийх тухайгаа "Made in Mongolia" нэвтрүүлгээр ярьсан байсан. Энэ нь мэдээж зөвхөн нэг хүний биш, компанийн хэмжээний зорилт болов уу. Дэлхийн гар утас, компьютерийн зах зээлд тоглогчид нь хүчээ авчихсан ийм үед бидэнд хэр боломж байгаа гэж харж байна вэ?

-IT компани зөвхөн программ хангамж хийхээс гадна техник хангамж хосолсон бизнесийн төгс, бүрэн шийдэл хийх шаардлага бий. 

Бид киоскоо хийхийн тулд л гэхэд маш олон нийлүүлэгчийн олон эд ангийг судалж, бүрдэл хэсгийн хоорондын нийцлийг бодож, дээр нь ажиллах системээ тооцох гээд бүгдийг үзэж, судалж байж бүтээгдэхүүн гарган авсан. Түүний дараа аппликэйшнээ хөгжүүлнэ.

Одоогоор энэ киоск дээр бидний бичсэн программ л ажиллаж байгаа бол яваандаа иргэд, аж ахуйн нэгж, компаниуд манай киоскийг аваад өөрсдийнхөөрөө аппликэйшнээ хөгжүүлээд явах боломжийг нээнэ гэж бодож байгаа. Харин бид найдвартай ажиллагаа, мониторинг, засвар үйлчилгээ, арчилгааг хариуцна гэсэн үг. 

Үүнийг дагаад манай киоск байнга хөгжинө, дараагийн шинэ хувилбар гарна. Аливаа байгууллага үйлчлүүлэгчидтэй заавал харилцдаг. Тэгвэл тэр харилцааг манай киоск бүрэн орлох юм. Тухайлбал, таныг яваад очихоор “Сайн байна уу” гэж таниад, өмнө нь таны авч байсан үйлчилгээнүүс санал болгоно, эсвэл шинэ үйлчилгээ авах эсэхийг асуудаг болно. Энэ хөгжүүлэлтийг бид хийнэ.

Тэгвэл гар утас бол киоскийн жижгэрүүлсэн хувилбар гэсэн үг. Ялгаагүй олон эд анги судалж, хоорондоо нийцэж ажилладаг болгоод эх хавтангийн дизайныг гаргана. Түүний дараа угсарна. Одоо ингэж угсардаг үйлдвэр олон болсон. Боломжтой эд ангиудыг Монголдоо үйлдвэрлэнэ. Үндсэндээ гар утас үйлдвэрлэх тэр бүх давааг бид туулаад явж байгаа учраас хардвэйр, софтвэйр хосолсон, нийгмийг өөрчлөх төрөл бүрийн шийдлийг хийх боломж нээгдэж байгаа гэсэн үг. 

-Дотоодын компани энэ өрсөлдөөн дунд гар утас үйлдвэрлэх, түүнийг бид хэрэглэх шалтгааныг та хэлэхгүй юу? 

-Орчин үед технологийн хөгжил дагасан тагнуулын хэрэгсэл олширсон. Ийм зөндөө жишээ бий. Тухайлбал, израйлууд тагнах зорилгоор сүлжээний картанд программ суулгаж, Америкт олноор нь түгээсэн явдал болж байв. Дэлхийн нэлээд олон оронд Хуавэйн утас хэрэглэхийг хорьсон, тагнах системтэй гэж үзээд. 

Харин манайд ямар ч цензур алга л даа. Манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдсэн гэсэн Засгийн газрын мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан байсан. Хэрэв ямар нэг байдлаар цахим дайн боллоо гэхэд бид яах вэ? Хятад, Америк хоёр улс эдийн засгийн болоод цахим дайн эхлүүлчихээд байх шиг. Нэг л өдөр бие биенээ хянаад, мэдээллээ алдаад эхэлбэл яах вэ гэдэг нь асуудал. Тэр үед гаднаас хамааралгүй, үндэсний үйлдвэрлэлийн утсаа хэрэглэж чадах уу гэдэг нь бодох ёстой зүйлийн нэг. 

Манай хоёр хөрш энэ талаар хэдийн бодлогоо гаргачихсан. ОХУ гадны кибер халдлагад өртсөн тохиолдолд дотоод интернэтээ тусгаарлан хамгаалах зорилгоор хараат бус интернэтийн тухай хуулиа албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бол БНХАУ хүссэн үедээ бүх интернэт сүлжээгээ тусгаарлах боломж бүрдүүлэхээр Golden shield буюу Алтан бамбай гэдэг үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. 

Өөрөөр хэлбэл, цахимжаагүй, мэдээллийн технологи ашиглаагүй зүйл үгүй болсон энэ үед хараат байх нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал. 

Жишээ нь, санхүүгийн системд орос программ ашиглах нь бизнесийн нууцаа гадагшаа алдаж байгаа нэг хэлбэр. 

-Технологийн компаниудын хувьд оюуны өмч талаасаа манай улсын нөхцөл байдал ямар байна вэ. Та бүхний оюуны бүтээл хамгаалагдаж чадаж байна уу?

-Ийм үг хүртэл гарчихсан шүү дээ, Монгол бол программ хангамжийн пиратууд(хулгайч нар)-ын диваажин гэж. 

Программ хангамжийг мөнгийг нь төлөөд, албан ёсоор нь хэрэглэх ёстой гэдэг ойлголт үндсэндээ Монгол Улсад алга. Microsoft windows-ийг бүх хүн хэрэглэдэг ч ихэнх нь албан бус байдлаар ашиглаж байгаа. Компьютер зарж байгаа газрууд нь хүртэл тийм windows-ийг суулгаж өгч байхад ямар ч хяналт алга. Нэг ёсондоо зохиогчийн эрхийн хууль Монголд огт хэрэгжихгүй байна гэж хэлнэ.  

Ажилчин нь компанийнхаа программын эх кодыг авч гараад өөрөө тодорхой хэмжээнд хөгжүүлээд түүгээрээ бизнес хийсэн цөөнгүй хэрэг гарч, зарим нь хариуцлага хүлээсэн тохиолдол байдаг. 

Уг нь оюуны өмчийн тогтолцоо зөв болоод, программыг мөнгө төлж хэрэглэдэг гэдгийг нийгэмд ойлгуулбал магадгүй программ хангамжийн бизнесийн импорт илүү хөгжих буюу хууль ёсны программ оруулж ирэх, тэрийг дагаж дэмжлэг орж ирэх зэрэг олон эерэг тал бий болно. Нөгөө талаар, программ хангамжийг хөгжүүлж байгаа хүмүүсийг ч ойлгож, эрх ашгийг нь хамгаалдаг болно. 

 

-Аливаа нэг компани амжилттай байх нь ажилчдын бүтээмжээс шалтгаалдаг. Харин ажилтан бүтээмжтэй байх нь тухайн компанийн соёл, уур амьсгалаас шалтгаалдаг гэж олон хүн хэлдэг. Танай компанийн соёл, бусдаас ялгарах онцлог нь юу байдаг вэ?

-Бид дотооддоо төслийн менежментийн Agile, тэр дотроосоо Scrum гэх аргыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлээд, хэрэгжүүлээд явж байна. Яагаад гэвэл Японоос гаралтай энэ арга нь монгол хүмүүст илүү нийцтэй, ялангуяа манайх шиг 10-аас цөөн хүнтэй жижиг багуудтай компанид тохирсон аргачлал юм. Тухайлбал, хүн хоорондын харилцаа бол бичиг цааснаас илүү чухал, ажиллаж байгаа программ бол документаас чухал зэргийг энэ аргачлал онцолдог бөгөөд ерөнхий зарчмууд нь монгол хүний натуртай илүү нийцдэг. 

Түүнээс гадна Чингис хааны цэргийн удирдлагаас авах санаа маш их байдаг. “Алтан дээд гэрээ” номыг уншаад Чингис хааныг ямар мундаг философич хүн байсныг ойлгосон. Үг, өгүүлбэр бүр нь маш гүн утгатай, монголчуудад шууд наалдацтай, одоо ч авч ашиглаж болохуйц байдаг. 

Тэндээс олон үзэл санааг би компанийнхаа залууст хэлж ярьдаг. Тухайлбал, хүн урвагч биш байх ёстой гэдэг зарчмыг залуустаа үргэлж хэлдэг. Чингисийн сургаал дотор байгаа нэг чухал философи нь энэ. Компанийнхаа эх кодыг хулгайлна гэдэг урвалт. Төрийн алба хашиж байж авлига авна гэдэг бол урвалт. Хүн барьж авсан ажлаа сэтгэлээсээ, чанартай хийх ёстой. Түүнээс биш нэг удаа өндөр цалин авъя, даргадаа гоё харагдъя гэдэг бол урвалтын нэг хэлбэр. 

Орчин үед хандлага гэж их ярих болсон. Зөв хандлагатай хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл би "урвагч биш хүн" гэнэ. Нэгэнт урвагч сэтгэхүйтэй хүн насаараа л тийм явна. 

Энэ мэт чухал философи олон бий. Мөн монголчуудад шууд буух үг хэллэг ч их байдаг. Жишээлбэл, стратеги гэдгийг “өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээнэ” гэж хосолмол байдлаар, өргөн утгаар илэрхийлдэг. Эрсдлийн менежмент гэдгийг “Амдаж мэд, тосож бэлд, тэсэж гар” гэсэн байгаа юм. Энэ мэтчилэн орчин үеийн менежмент дээр тэр агуу хүний хэлсэн үгийг жишээд явахад ойлгомжтой, маш өгөөжтэй байдаг. 

-Сонирхолтой үзэл байна. “Гэрэгэ” гэж компаниа нэрлэсэн нь ч үүнээс эхтэй байх нь ээ?

-Тийм ээ. Гэрэгэ гэж гэрээ л гэсэн үг. Андгайтай утга нэг буюу урвагч биш байх л ухагдахуун шүү дээ. Дээр үед давхар визийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм уу даа. Гэрээгээ бариад явахад аль ч улсад нэвтэрч болдог, хамгийн хүчтэй паспорт байсан шиг байгаа юм. Тэр нь өөрөө монгол хүний үнэ цэнийг илэрхийлж байсан бөгөөд монголчууд урвагч биш байснйг илтгэдэг. Өнөөдөр бол Монголоор дүүрэн урвагч болсон гэж боддог. Харин Японд урвагчийн сэтгэхүйтэй хүн байхгүй юм шиг санагддаг. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Гэрэгэ системс” компани захиалгат ажил хийхгүй гэдэг зарчимтай аж. Харин нийгмийг өөрчлөх, нийгэмд хандсан зүйл хийхээр алсаа хардаг болохыг А.Отгонбаяр захирал ч ярьж байлаа. Энэ нь сайн инженерүүд өөрсдийгөө сорьж, өөрсдөдөө боломж гаргах ёстой гэдэг үзэл санааных нь нэг илрэл. 

Тиймээс инженерүүд хэзээд ч галзуу санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг олгодог байна. Яг одоо тус компанийн Судалгаа, хөгжүүлэлтийн алба тамхи зардаг автомат машины программчлалыг хийгээд туршиж байгааг харлаа. “Гэрэгэ” апп-аар дамжуулан худалдан авалт хийхээр шийдэж байгаа гэнэ. Уг аппликэйшн тухайн хүнийг олон шалгуураар баталгаажуулдаг тул насанд хүрээгүй хүүхэд уг төхөөрөмжөөс тамхи худалдан авах боломжгүй болно гээд Тамхины тухай хуулийн хэрэгжилттэй уг шийдэл уялдах боломжтой аж. Зөвхөн тамхи зарахдаа гол нь биш, уг шийдэл амжилттай болбол ямар ч бараа бүтээгдэхүүн зарах автомат машин хийх боломжтой гэж харж байна. 

“Гаргасан санаа нь амжилттай болж, хөрөнгө оруулалтаа татчихдаг тогтолцоотой болбол цаашид манай залуус бүгдээрээ л нэг нэг компани байгуулаад, гүйцэтгэх захирлаар нь ажиллаад явна гэдэг итгэлтэй байдаг” хэмээн А.Отгонбаяр захирал хэлсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.