Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт: Намайг Монгол болон Швейцарт зэрэг шалгаж байгаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргажээ.

Энэхүү товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүдийг Монгол, Англи хэл дээр хэвлэснээс гадна тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг “Оюу толгой”-той холбогдох бүх эх сурвалж, бичиг баримтын эмхэтгэл багтсан аж.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/2475567212496768/

С.Баярцогт энэхүү тохимолыг гаргах болсон шалтгаанаа “Та бүхэн намайг гэнэт яагаад энэ тохимол гаргах болов гэж гайхаж байж болох юм.

Намайг 2018 онд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Авилгатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэж 73 хоног хорьсон.

Дараа нь Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон байж “болзошгүй” гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулахдаа 4 бүлэг шинжээчийн дүгнэлтүүд гаргасан. 

Уг дөрвөн бүлэг шинжээчдээс гурав нь Оюу толгой төслийн 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд байгуулсан Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой сөрөг дүгнэлт гаргаагүй байна.

Харин уг гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэй Татварын Ерөнхий Газрын нэр бүхий таван байцаагчдаас бүрдсэн шинжээчийн баг Оюу толгой төслийн 2009 болон 2011 онд байгуулсан дээрх гэрээ нь Монгол Улсын татварын хууль тогтоомж, олон улсын гэрээг зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх илт алдаатай дүгнэлтийг хийсэн.

Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа уг Шинжээчдийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан задалж, УИХ-ын гишүүдийн гар дээр очсон, нэгэнт олон нийтэд нээлттэй болсон тул тус дүгнэлтэд хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. 

Тэр үед гэрээг хэрэгжүүлэх ёстой Татварын ерөнхий газрын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид олон хууль зөрчиж хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан нь надад төрийн албан хаагчид энэ гэрээний талаар мэдлэггүй байна гэсэн бодлыг төрүүлсэн. Үүнээс болж шийдвэр гаргагчид ч буруу шийдвэр гаргах эрсдэлтэй байна гэж ойлгосон.

Шинжээчдийн дүгнэлтэд дурдсан асуудлуудын 97 хувь нь алдаатай болон гэрээний хэрэгжилтийг хангахтай холбоотой.

Хэрвээ шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шүүх шийдвэр гаргавал “Оюу толгой” төслөөс төсөвт орох татварын орлого үлэмж хэмжээгээр буурахаас гадна “Оюу толгой” ХХК олон арван жилийн турш их хэмжээний татварыг дутуу төлөх боломжийг олгоно.

Тиймээс энэ тухай сэрэмжлүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулан, шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах зайлшгүй хэрэгтэй гэж үзэн энэхүү тохимолыг гаргаж байна. Энэ тохимол монголчуудад хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлав.

Харин өөрт холбогдох хэргийн талаар хэлэхдээ “Энэ асуудлаар хууль хяналтын байгуулагууд өөрсдөө мэдээллээ өгөх байх.

Би маш удаан хугацаанд бүх зүйл шийдэгдэх байх гэж хүлээсэн. Одоо намайг ганцхан Монгол Улсад шалгаж байгаа юм биш. Швейцарт ч яг адилхан хэрэг үүсгэчихээд зэрэг шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа 2016 оноос хойш явж байна" гэсэн юм.