Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр ашигтай компани IPO хийхээр болсныг Саудын Араб зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улсын засгийн газар төрийн өмчит газрын тосны Saudi Aramco компанийн хувьцааг хөрөнгийн анхдагч зах зээлд (IPO) борлуулахаар болсныг Ням гарагт зарлажээ.

Хувьцааг тус улсын нийслэл Рияд хотод үйл ажиллагаа явуулдаг Tadawul хөрөнгийн бирж дээр арилжаалах юм байна.

“IPO хийснээр дэлхийн тэргүүлэгч компанийн имиж олон улсад уламд тодрох болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Saudi Aramco-гийн үнэлгээг боломжит хөрөнгө оруулагчидтай зөвлөлдсөний дараа зарлах гэнэ.

Тус компани Саудын газрын тосны асар том нөөцийг бүхэлд нь эзэмшдэг. Дэлхийн хамгийн том түүхий газрын тос экспортлогч Саудын Араб улсад монополь эрхтэй ажилладаг юм.

Саудын эрх баригчид 2018 онд анх IPO хийх талаар ярьж эхлэхдээ компанийн 5 хувийг хөрөнгийн зах зээлд зарж, $100 тэрбумыг босгох төлөвлөгөө гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээг нь $2 их наядад тооцож байв.

Гэвч IPO хийх төлөвлөгөөг хэд хэдэн шалтгаанаар хойшлуулаад байжээ.

Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Saudi Aramco-гийн хувьцааг арванхоёрдугаар сарын эхээр арилжаалж эхлэх гэнэ.

Тус компани 2018 онд $355 тэрбумын орлого, $111.1 тэрбумын цэвэр ашиг олж дэлхийн хамгийн өндөр орлоготой байгууллагаар тодорч байжээ.

 

Эх сурвалж: CNN