Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн нийслэл утаанд автсанаас нисэх онгоцнууд бууж чадахгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын агаарын чанар Ням гарагт “онц аюултай” түвшинд хүрснээс тус хотод буух болон тус хотоос хөөрөх олон тооны нислэгүүд цуцлагджээ.

Үзэгдэх орчин муу байгаагаас өчигдөр Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудалд ирсэн 37 нислэгийг буцааж, өөр хот руу шилжүүлсэн байна.

Air India, SpiceJet авиа компаниуд Ням гарагт хэд хэдэн нислэг нь саатах, цуцлагдах магадлалтай байгааг урьдчилан анхааруулжээ.

Нисэх буудлын албаны хүн хэлж байгаагаар үзэгдэх орчин муу үед зарим нисгэгчид газардах чадвар эзэмшээгүй тул буцах болж байгаа гэнэ.

Ням гарагийн орой агаарын бохирдлын нөхцөл байдал дээрдсэн тул зарим нислэгүүдээ сэргээжээ.

Шинэ Дели бол 18 сая гаруй оршин суугчтай, 8.8 сая автомашинтай хот юм. Жилийн энэ үед агаарын температур буурч, фермерүүд тариалангийн газраа цэвэрлэхийн тулд гал тавьдаг нь агаарын чанарт голлон нөлөөлдөг.

Баасан гарагт Шинэ Дели хотын захиргаа сургуулийн сурагчдад таван сая амны хаалт тараасан юм. Тус хотын сургуулиуд Мягмар гараг хүртэл хаалгаа бариад байна.

 

Эх сурвалж: CNN