Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн 90% гаруй нь ял шийтгэлгүй үлдсээр

ikon.mn
2019 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: aa.com.tr
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-нд болдог Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийн сүйт бүсгүй Хатис Сэнжиз болон Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар нар Их-20-ийн орнуудад хандан уриалга хүргүүлж байна.

Истанбул дахь Саудын консулын байранд Жамал Хашоггиг хэрцгийгээр хөнөөсөн явдлын дараах олон улсын хамтын нийгэмлэгийн үлбэгэр байдалд цочирдож буй бөгөөд бусармаг энэ явдлаас хойш 13 сар өнгөрсөн ч талийгаачийн мөчлүүлсэн биеийн хэсэг одоог хүртэл олдоогүй байгаа төдийгүй түүний аллагыг захиалсан этгээдүүд шүүхийн өмнө зогсоогүй хэвээр. Саудын Арабын дэглэм сэтгүүлчдийг онцгой харгис байдлаар мөрдөн хавчих ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд “Саудын Араб улс хамгийн багадаа 32 мэргэжлийн болон мэргэжлийн бус сэтгүүлчийг дур зоргоороо хорьсон хэвээр байна” гэж тухайн уриалгад дурджээ. 

Гэтэл дэлхийн нэрлэсэн ДНБ-ий 90 хувийг үйлдвэрлэдэг орнуудын нэгдэл болох Их-20-ийг Саудын Араб (Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн 172-рт эрэмбэлэгддэг) тэргүүлэх гэж байгаа төдийгүй Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын гэрэл зургуудаас ардчилсан орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна хэвлэлийн эрх чөлөөг системтэйгээр зөрчиж буй Хятад (индексийн 177-рт), Турк (157-рт), ОХУ-ыг ч харж болохоор байгааг тэд онцлоод “Дайнтай болон энх тайван орнуудад үйлдэгдэж буй сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн 90 гаруй хувь нь ял шийтгэлгүй үлдэж буй учраас олон улсын түвшинд дорвитой хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай байна” гэдгийг уриалгадаа тэмдэглэжээ. 

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан энэхүү хамтарсан нийтлэл нь 12 хэл дээр орчуулагдан олон улсад хэвлэгдэн нийтлэгдэж байна. 

Жамал Хашоггийн сүйт бүсгүй болон RSF-ийн ерөнхий нарийн бичгийн даргаас ИХ 20-д хүргүүлж буй уриалга бүрэн эхээрээ:

НҮБ-ын Ерөнхий ассамблэйгаас гаргасан тогтоолын дагуу 2013 оноос хойш жил бүрийн 11-р сарын 2-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоохтой тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Дайнтай болон энх тайван орнуудад үйлдэгдэж буй сэтгүүлчдийн эрсэг гэмт хэргийн 90 гаруй хувь нь ял шийтгэлгүй үлдэж буй учраас олон улсын түвшинд дорвитой хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай байна. Нөхцөд байдал, гол баатар эсвэл хохирогчоосоо шалтгаалан онцгой нөлөө үзүүлэхүйц аллагууд гарсаар байгаа нь үүнтэй нэн тэргүүнд тэмцэх шаардлага байгааг харуулж байна.

 
Эх сурвалж: sahifa news

Жамал Хашоггийг Истанбул дахь Саудын Арабын консулын байранд хөнөөсөн явдал нь аль хэдийн мартагдсан ангилалд орсон байж болох ч энэ бол “төрийн гэмт хэрэг” юм.  Улс төрийн түвшинд төлөвлөгдөж, Саудын Арабын Засгийн газрын алуурчдаар үйлдүүлсэн энэ гэмт хэргийн Риадад болж буй шүүх ажиллагааг нийтэд дэлгэхгүй байхад тэд ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Хэрэв Саудын дэглэм энэ гэмт үйлдэлтэй холбоотой бүхий л үр дагаврыг илэрхийгээр хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авахгүй бол хэзээ ч арилшгүй толбо болон үлдэх болно. Хунтайж Мухамед бин Салманы “миний хяналтын дор” болсон явдал тул “хариуцлага хүлээнэ” гэх хожимдсон хүлцэл нь ч хангалтгүй юм.

НҮБ-ын шүүхээс гадуурх ял шийтгэл хариуцсан тусгай илтгэгч Агнес Калламард төрийн үйлдсэн гэмт хэрэг нь иргэдээсээ жинхэнэ утгаараа уучлалт гуйхыг шаарддаг болохыг хэлсэн юм. Яг л Хашоггийн ойр дотнын хүмүүс түүний цогцос олдож, шударга ёс тогтохыг хүлээж байгаатай адил. Бид ч энэ уучлалыг хүлээж байна. Гэвч хаалттай хаалганы ард болж буй шүүх ажиллагаа нь шударга ёсны талаарх олон улсын хэм хэмжээг үл хүндэтгэсээр байна. Харин ч аллага үйлдсэн 5 хүнд цаазын ял оноохын оронд энэ хэргийн нууцыг мэдэх хүмүүсийн дууг үүрд хорьсон Саудын Арабын шударга ёс гээгчид гүнээ харамсаж байна.

Энэхүү эмгэнэлт явдлаас хойш Саудын Араб улс сэтгүүлчдээ онцгой харгис байдлаар мөрдөн хавчих ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд мэргэжлийн болон мэргэжлийн бус нийлсэн 32 сэтгүүлч шоронд хоригдож байна. Хунтайж Мухамед бин Салманд төрийн эрх шилжсэнээс хойш хоригдож буй сэтгүүлчдийн тоо хоёр дахин өссөн. Дан ганц Арабын Хойгоор зогсохгүй дэлхийн хаана ч амьдарч буй Саудуудын хувьд ийм илэрхий айдас дунд байсан нь тун ховор. Харин тэд хөшигний цаадах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн ирэх 12-р сарын эхээр Риадад хэвлэл мэдээллийн чуулган хийхээр бэлдэж байна. Олон улсын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг урьсан “Саудын хэвлэл мэдээллийн чуулган”-аараа тэд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлын талаар хэлэлцэх аж. Бид үүнд итгэхийг хүсэвч цэвэр тавилттай жүжиг байх вий гэдгээс эмээж байна.

Өнгөрсөн 10-р сард олон улсын хэмжээнд давлагаалсан бухимдлын хажуугаар Вашингтон, Оттава, Парис, Берлиний зүгээс Жамал Хашогги агсны үхлийн хэрэгт сэжиглэгдэж буй цөөнгүй тооны хүмүүст тавьсан хориг нь Саудын Арабыг өөрийн дарангуй бодлогоо зөөлрүүлэхэд хангалттай байсангүй. Герман цор ганцаараа Саудын Араб зэвсэг худалдахаа түдгэлзүүлээд байгаа бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс 1,000 удаа ташуурдуулж, 10 жил шоронд хоригдох ял сонссон блогч Райф Бадауиг суллах нь Саудын Арабын нэр хүндэд хэрэгтэй болохыг зөвлөсөн удаатай. Гэвч үүнээс хэдхэн сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы Осака хотноо болсон ИХ 20-ийн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр зураг авахуулахдаа Мухамед бин Салманыг өөрийн дэргэд, тэргүүн эгнээнд хамт зогсоосон явдал болсон юм.

Мальтын сэтгүүлч агсан Дафне Каруана Галициагийн хүүхдүүд, Энэтхэгийн Гаури Ланкешийн эгч дүүс болон Мексикийн Хавиер Валдезь, Мирослава Брич нарын гэр бүлүүд сүүлийн хоёр жилийн турш дотны хүмүүсийг нь хороосон явдлын үнэн мөнийг олохын төлөө тэмцсээр байна. Одоогоос гурван жилийн тэртээ Бурунди дахь Жин Бижиримана болон Украйн дахь Павел Шеремет нарын үзэг нэгт нөхөд нь цагдаагийн байгууллагын илрүүлж чадаагүй хэргийн эцсийг нь үзэхийн тулд өөрсдийн эрэн сурвалжлах оролдлогуудаа хийсэн байдаг. Тэд Бижириминагийн ор сураггүй алга болсон явдал болон Шереметийг автомашинтай дэлбэлж хөнөөсөн хэргийн хариуцагчдыг олохыг оролдсон юм. Гэвч өдөр өдрөөр энэ жагсаалт улам урт болсоор байна. Мексикт л гэхэд 2000 оноос хойш хамгийн багадаа 150 сэтгүүлч хар тамхины картел, хүчирхийллийн заналт цикль болон эзэн холбогдогчгүй гэмт хэргийн золиос болоод байгаа билээ.

Хариуцлагын зарчмыг мөрдөхийг хүсвэл Их-20-ийн удирдагчид нь арга хэмжээ авах үүрэгтэй.

Чөлөөт, хараат бус, итгэл даахуйц, төрөлжсөн сэтгүүл зүйгүйгээр хүн төрөлхтөн бид аливаа хүнд бэрхшээлүүдийг зүй зохистойгоор даван туулах аргагүй болох билээ. Сэтгүүлчдийг хөнөөж буйг улс орны тэргүүнүүд нь зүгээр харж сууж болохгүй. Гэсэн хэдий ч Саудын Араб Их-20-ийг ирэх нэг жилийн хугацаанд удирдахаар зэхсээр байна.

Саудын Арабт бусадтай адил Их-20-ийг тэргүүлэх эрх олгох нь “чимээгүй аллага”-ыг хүлээн зөвшөөрөхийн сацуу олон ургальч хэвлэл мэдээлэл болон үнэнийг нухчин дарахыг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Жамал Хашоггийн дурсгалыг бүү гишгэлж хаяач гэж Их-20-д уриалмаар байна. Саудын Арабаас хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэсэн илэрхий баталгаа болгож, хоригдож буй 32 сэтгүүлчийг анхлан суллуулахыг бусад орны төрийн тэргүүнүүдээс хүсч байна. Яг л Хашогги агсан эцсийн нийтлэлдээ “Арабт хамгийн ихээр үгүйлэгдэж буй зүйл бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” гэсэнчлэн. Дэлхийн бусад бүх орны хувьд ч энэ бол үнэн билээ.

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар болон Жамал Хашоггийн сүйт бүсгүй Хатис Сэнжиз нараас.

 

Эх сурвалж: Reporters without borders