Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 зуны олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээнийг Саппород зохион байгуулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Токио хотын захирагч Юрико Койке

Зуны халуун тамирчдын эрүүл мэнд, амжилтад муугаар нөлөөлөхөөс сэргийлж, Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) Токио 2020 зуны олимпийн наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнүүдийг Японы хойд бүсийн Саппоро хотод зохион байгуулах гэнэтийн шийдвэрийг хоёр долоо хоногийн өмнө гаргасан юм.

Шийдвэрийг Токио хотын захирагч Юрико Койке удтал эсэргүүцэж байсан боловч өнөөдөр зөвшөөрөхөөс өөр аргагүй болсноо мэдэгджээ.

“Бид эцсийн шийдвэртэй санал нийлэхгүй хэвээр байгаа. Гэхдээ ОУОХ тэмцээн болох газрыг солих эрхтэй тул аргагүйн эрхэнд шийдвэрийг хүлээн авч байна. Хамгийн чухал нь ирэх зуны наадмыг амжилттай зохион байгуулах явдал юм. Тиймээс урагш алхах хэрэгтэй. Хэдийгээр дэмжихгүй байгаа ч би шийдвэрийг дагахаас өөр аргагүй боллоо” гэж тэр мэдэгдсэн байна.

Токиогоос хойш 800 км зайтай оршдог Саппоро нь Японы хойд арал Хоккайдогийн хамгийн том хот юм. Энд эрэгтэй, эмэгтэй марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнүүдийг зохион байгуулахаар болж байна.

Наймдугаар сард Токиод агаарын температур Цельсийн 30 хэмээс дээш хүрдэг. Үүнээс гадна маш их чийглэг байдаг нь тамирчдын хувьд том бэрхшээл юм.

1972 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан Саппоро хотод жилийн энэ үед Токиогоос зургаан хэмээр сэрүүн байдаг ажээ.

Токиогийн 1964 оны зуны олимпийн наадам аравдугаар сард зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Өнгөрсөн сард Катарын нийслэл Дохад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр агаарын хэт халалтын улмаас эмэгтэй марафончдын 40 орчим хувь нь замын дундаас гарч байжээ.

Тиймээс ОУОХ эдгээр тэмцээнүүдийг Токиод биш Саппород зохион байгуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: AFP