Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-наас гарсан зөвлөмжийг Төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Иймд Глоб интернэшнл төвөөс сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох тус өдөрт зориулан өнөөдөр "Үнэн амьд байгаа" хэвлэлийн хурлыг зохион байгуулсан юм.

Глоб интернэшнл төвөөс 2018-2019 онд өдөр тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах, нийгэм эдийн засгийн чиглэлээр бичдэг 300 сэтгүүлчийг хамруулсан “Сэтгүүлчийн  аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-г хийж гүйцэтгэжээ.

Энэхүү судалгааны үр дүнгээс харвал: /нийт хамрагдсан сэтгүүлчдийн/

  • 74 % нь мэдээлэл олж авахад ямар нэгэн саад бэрхшээл тулгардаг,
  • 67% нь сүрдүүлэг, дарамт, заналхийлэлд өртөж байсан,
  • 58 % нь ажлын багаж хэрэгсэлд халдаж байсан
  • 52 % нь нийтлэл нэвтрүүлгээ түгээхийг хориглосон, редакцийн цензуртай тулгарсан
  • 51 % нь нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан
  • 36 % нь шүүх хүчний байгууллагын дарамтад өртсөн
  • 20 % нь хувийн цахим хаяг, түүнтэй холбоотой мэдээлэл алдагдсан
  • 18 % нь бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан зэрэг зөрчлүүдтэй нүүр тулж байжээ.
2006 оноос 2017 он хүртэл дэлхий даяар 1,010 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн ба тэдгээрээс 10 хүний нэг нь л шүүхээр шийдэгдсэн 
 
Гэрэл зургийг MPA.mn

2006 оноос 2017 он хүртэл дэлхий даяар 1,010 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн ба тэдгээрээс 10 хүний нэг нь л шүүхээр шийдэгдсэн бөгөөд сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн шийтгэлгүй байдал маш өндөр хэвээр байна. Энэ нь зөвхөн сэтгүүлчид бус нийт нийгэмд мэдээллийн чөлөөт эргэлт, иргэдийн санаа бодлоо илэрхийлэхэд сөргөөр нөлөөлж буй хэрэг. 

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй” гэж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга онцлов. 

Сэтгүүлчдийн олон нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолойг боомилох гэсэн оролдлого бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг
 
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Сэтгүүлчдийн олон нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолойг боомилох гэсэн оролдлого бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг бөгөөд уг эрх чөлөөгөө эдлэхгүйгээр ардчилсан нийгэм, сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалах боломж хязгаарлагдаж, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг бүрдүүлэгч гол хүчин зүйл, эдгээрийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоос ухрах аюултай юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэг нь тогтвортой хөгжлийг хангах суурь юм. Сэтгүүлчид ажлаа хийх үйл явцад эрхийг нь ихээр зөрчиж байна. Үүний дотроос эмэгтэй сэтгүүл рүү дайрсан, хүч хэрэглэсэн гэх явдал нэмэгдэж байна. 

Сэтгүүлчдийн аюулгүй байдал баталгаатай байдаггүй бөгөөд сэтгүүлчид рүү халдаж байгаа хүмүүс ямар ч ял шийтгэлгүй өнгөрч байгаа нь харамсалтай” гэв.

 Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сүүлийн үеийн олон дэвшилт талуудад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай
 

Монгол хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Сэтгүүлчдийг хамгаалдаг ганц заалт нь эрүүгийн хуульд 2017 онд орсон “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах" заалтыг зөрчсөн хүн эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэж оруулсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлсэн хоёр жил гаруй хугацаанд Эрүүгийн хуулийн 14.3 т зааснаар хэн ч хариуцлага хүлээгээгүй, ямар ч хүн хэрэг үүсгээд шалгагдаж яваагүй нь өөрөө асуудал.

Сэтгүүлчдийн хувьд хамгийн том асуудал нь зөрчлийн хууль болоод байгаа юм. Сэтгүүлч нэр нь их өргөн хүрээг хамардаг.

Одоогийн мөрдөж байгаа хуулиудаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн агуулгыг хэвлэн нийтлэх үйл ажиллагааг хязгаарласан заалтууд олон байдаг мөртлөө хамгаалалтын эрх зүйн механизм байдаггүй. Ядаж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сүүлийн үеийн олон дэвшилт талуудад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай" гэв. 

“Сэтгүүлчийн  аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-наас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй зөвлөмж:

Зөвлөмж 1: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг дэх Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлангийн зөвлөмж

Зөвлөмж 2: Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлангийн зөвлөмж

Зөвлөмж 3: Европын холбоо  болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан  худалдааны хэлэлцээр болох GSP+ механизмын үр дүнтэй хэрэгжилтийг хангах замаар хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зөвлөмж