Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ерөнхийлөгч үүнд ямар ч хамаагүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗХЖШ-ын даргын орлогч асан, генерал Б.Баярмагнайгийн цэргийн дүрэмт хувцастай зураг “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартайгаар сошиалд тараад буй. Энэхүү зурагтай холбоотой тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өглөө. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

 

-Б.Баярмагнай генералын зурагтай холбогдуулан тайлбар хэлэхгүй юу?

-Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан.  

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий. 

Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч нар олон бий. Тэр болгон дээр Ерөнхийлөгч тайлбар хийгээд байх боломжгүй. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. Ийм зүйлд хариулт өгч, цаг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа нь туйлын буруу бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Тийм зүйл огт байхгүй. Байх ч ёсгүй. 

МАХН-аас үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ нь ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон байдаг. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй. 

-АМНАТ-ыг хүчингүй болгон цэцийн шийдвэр гарахад Ерөнхийлөгч нөлөөлсөн гэх хардлага бий?

-АМНАТ-ыг хүчингүй болгоход УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Дээр нь Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр авсан мэдээллээр АМНАТ-ын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байдалтай байна. 700 орчим тэрбум төгрөг төсөвт орчихсон. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. Өнгөрсөн жил 700 тэрбум хүрээгүй юм билээ. 

УИХ-ын гишүүд ашигт малтмалыг хятадын нутаг руу гаргах юм бол татваргүй, Монголын нутагт ашиглах юм бол олборлогчид тавьдаг АМНАТ-ыг тав хүртэл хувиар тавьчихсан. Монголын бүх үйлдвэр хаагд гэсэн үг. Гуравдугаар сарын 26-нд энэ хууль гарснаас хойш нүүрс угаадаг, кокс хийдэг, төмөр хайлдаг, жонш баяжуулдаг 100 орчим үйлдвэр хаалгаа барьсан. 

Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан, эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болж таарч байна. Олборлогчид тавигддаг төлбөрийг ашигладаг байгууллагад тавьснаас болоод 100 гаруй үйлдвэр хаагдсан. Тэр буруу хуулийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон нь зөв. Харин одоо орлуулах хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийлгүй улсын хилээр гаргаж байгаа бол өндөр татвар, Монголын нутагт боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой. 

Хятадын импортлогчийн лоббид орж УИХ татвар тогтоосон нь буруу.