Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

О.Сэлэнгэ: Нийт оюутнуудын 25-30 хувь нь нойрны дутмагшилтай байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрүүл оюутан" сарын аяны талаар албаныхан өнөөдр мэдээлэл хийлээ.

Жил бүрийн оюутны эрүүл мэндийг дэмжих cap аяныг "Эрүүл оюутан - Эерэг хандлага" уриатайгаар аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулдаг.

Монгол Улсад 2018-2019 оны хичээлийн жилд 166 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 157,625 суралцагчид суралцаж байна. Нийт суралцагчдын 146,024 буюу 92.6 хувь нь Улаабаатар хотод, 11,601 буюу 7.4 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад суралцаж байгаа юм.

Аяны талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дөлгөөн "Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/420 дугаар тушаалаар "Хүн амыг нас хүйс, эрүүл мэндийн эрсдлээс хамааран урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамруулах тушаал хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжпэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 11 сарын 27-ны А/480, А/739 тоот "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай" тушаалын дагуу жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих capын аянг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу оюутан эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцах ба даатгалын хураамж төлүүлэх явцыг хянаж ажиллахыг их, дээд, сургууль, коллеж, политекник, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосон байдаг.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт оюутнуудын 79 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаад байгаа. Ирэх онд 100 хувь хамруулахаар зорьж байна.

Энэхүү аяны хүрээнд "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг"-т бүрэн хамруулах, оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх "Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, суртачилгаа зохион байгуулж
байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа "Оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, тэр дундаа орон нутгаас ирж, дотуур байранд амьдарч байгаа суралцагчдад энэ чиглэлийн боловсрол олгоход манайхаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Үүнээс гадна бодлого шийдвэр гаргагчдад зориулсан судалгааг хийж байна" хэмээн ярилаа.

Судалгаанаас харахад, оюутнуудын 25-30 хувь нойрны дутмагшилтай, 10-16 хувь хооллолтын буруу дадал хэвшилтэй, 24-30 хувь хөдөлгөөний дутагдалтай байгааг ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ хэвлэлийн хурлын үеэр онцлон хэлж байв.