Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улс шинэ удирдагчаа зарлаж, АНУ-аас өшөө авахаа амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн Сирийн баруун хойд нутагт Исламын Улс террорист байгууллагын тэргүүн Абу Бакр Аль Багдадиг устгах ажиллагаа явуулсан нь амжилттай болсон юм. Иракт төрсөн 48 настай Аль Багдади манай дэлхийн хамгийн өндөр үнэтэй эрэн сурвалжлагдаж буй этгээд болоод байв.

Тэгвэл тус байгууллагаас өчигдөр өөрийн удирдагч нь амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрөөд залгамжлагчийг нь зарлажээ.

Шинэ удирдагчийн нэр Абу Ибрахим Аль Хашими Аль Кураиши юм байна.

Исламын Улсын мэдэгдэлд өгүүлснээр тус байгууллагын хууль тогтоох зөвлөл удирдагчаа алагдсаны дараа хуралдаж, залгамжлагчийг нь сонгосон байна.

Үүнээс гадна тус мэдэгдэлд удирдагчийнх нь үхлийн талаар доромжилсон утгатай зүйл ярьсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “галзуу хөгшин” гэж нэрлээд Аль Багдадигийн өшөөг авахаа амлажээ.

Дональд Трамп мэдэгдэлдээ Аль Багдадиг нохойн үхлээр үхэхдээ уйлж, орилж байсан гэж ярьсан юм.

“Бүү баярла, Америкчуудаа! Шинэ удирдагч танай амжилтыг мартуулж, Аль Багдадигийн цаг үеийг эргүүлэн авчирна” гэж террорист байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP