Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Болдбаатар: 70 гаруй дроныг улсын тусгай хамгаалалттай газрууд болон сав газруудад ашиглаж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд нисдэг камер буюу дрон ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Дрон ашигласнаар ямар эерэг үр дүн гарч байгааг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын судалгаа шинжилгээ байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Т.Болдбаатараас тодрууллаа.

- Тусгай хамгаалалттай газруудын тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа. Тэдгээрт хэчнээн байгаль хамгаалагч ажиллаж байна вэ?

- Саяхан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Ингэснээр 115 газар нутгийг улсын тухай хамгаалалтад аваад байгаа нь нийт нутгийн 20.1 хувийг эзэлж байна.

Тусгай хамгаалалттай газруудыг төрөөс хамааралтай 30 хамгаалалтын захиргаа хамгаалдаг. Ойролцоогоор 360 байгаль хамгаалагч ажиллаж байгаа бөгөөд нэг байгаль хамгаалагч 30,000-400,000 га талбайг хариуцан хамгаалах тохиолдол байна. Нэг байгаль хамгаалагчид ногдох талбайн хэмжээ их, тогтмол хяналт тавихад түвэгтэй учраас төсөл хөтөлбөр болон яамны зүгээс байгаль хамгаалагчдын хангамжийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байгаа. Сүүлийн 2-3 жилд энэ чиглэлийн санхүүжилт эрчимтэй нэмэгдсэн. Байгаль хамгаалагчдыг GPS, дуран, мишок, майханаар хангахаас гадна дрон ашиглуулж эхлээд байна.

- Тусгай хамгаалалттай газруудад 360 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байгаа гэлээ. Байгаль хамгаалагчдын хэд нь дрон ашиглаж байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар 70 гаруй дроныг улсын тусгай хамгаалалттай газрууд болон сав газруудад ашиглаж байна. Дрон ашиглаж байгаа байгаль хамгаалагчид маань мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдсан.

Дроныг байгаль хамгаалалтын үйл ажиллагаанд дараах байдлаар ашиглаж байна.

Хамгаалалт, хяналт шалгалтын чиглэлээр: Хариуцан хамгаалах газар нутгийн онцлогоос хамааран ой, тайга бүхий харагдах орчин хязгаарласан бүсэд богино хугацаанд өргөн талбайг самнах, эрсдэлтэй объектыг илрүүлэхэд дрон өндөр ач холбогдолтой байгаа.

Судалгаа шинжилгээний чиглэлээр: Ан амьтаны байршил нутаг тогтоох, хужир мараа бүхий ач холбогдолтой газруудыг илрүүлэх, тооллого хийх, ойн нөөц даац тогтоох, талбайн хэмжээ гаргах зэрэг ихээхэн хүч хугацаа зарах ажлыг хөнгөвчилдөг.

Эрэн хайх, аврах ажиллагаанд: Онцгой байдал, гал түймэр, байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн үед ажилтан, албан хаагчдын эрүүл аюулгүй ажиллагааг ханган тухайн нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад дрон хамгийн чухал төхөөрөмж болоод байна.

 
Ойн түймэрт тархалтыг тогтоож буй ажлын үед /дроноор/

Аялал жуулчлалын чиглэлээр: Тусгай хамгаалалттай газар нутаг аялал жуулчлалын үйл ажиллагаанд аяллын маршрут зохиох, отоглох хоноглох цэг байгуулах газрыг төлөвлөх зэрэгт өргөн ашиглаж байна.

 
Аялалын маршрут зохиох ажлын явцад авсан зураг /дроноор/

Шторк, бичлэг, зураг авах: Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагт өргөн өнцгөөр байрлал хамаарахгүй зураг авах, олныг хамарсан арга хэмжээнд үйл явдлын бичлэг хийх, олон нийтэд тусгай хамгаалалттай газар нутгийг сурталчлан таниулах шторк реклам хийхэд мөн ашиглаж байгаа.

- Дрон ашиглаж хууль бус үйлдлийг илрүүлсэн, түймрээс сэргийлсэн гэх мэт бодит үр дүнгүүд хэр гарч байгаа вэ. Жишээ хэлбэл?

- Байгаль хамгаалагчид маань ховор, нэн ховор амьтдын байршлыг тогтоох, зургийг нь авч, тоо толгойг нь тогтоосон хэд хэдэн жишээ бий. Ховор амьтдын олон дүрс, зурагтай болсон хэдий ч бидний зүгээс хууль бус ангаас сэргийлэх зорилгоор амьтдын байршлын мэдээллийг нууцалдаг. Харин танин мэдэхүй, сургалтын чиглэлд зураг, дүрсүүдээ өргөн ашиглаж байгаа.