Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Европын зах зээлд өрсөлдүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 1
Сурталчилгаа
 

 

Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, сарлагийн хөөвөр, торомны ноос,  арьс шир гэсэн дөрвөн салбарын үйлдвэрлэгчдийг кластераар бойжуулах, Европын Холбооны орнууд рүү бүтээгдэхүүнээ экспортлоход чадавхижуулах ажлыг эрчимтэй хийж байгаа билээ. Тэдний ууган кластер болох Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер (МГСБК) нь албан ёсоор ТББ болоод гуравхан сарын нүүр үзэж байгаа ч хэдийнэ салбарын тэргүүлэгч 15 байгууллагыг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад орж, чамгүй амжилт үзүүлээд байна.

Тэд гишүүн байгууллагууддаа органик болон байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад тавигдах шаардлагын тухай ОУ-ын ISO 16128 стандартыг нэвтрүүлж, уг стандартын орчуулгыг СХЗГ-т бүртгүүлэхээр хүсэлтээ өгчээ. Түүгээр барахгүй монголд үйлдвэрлэсэн 90-ээс дээш хувийн байгалийн гаралтай орц найрлага бүхий 100 гаруй гоо сайхны бүтээгдэхүүний цахим худалдааны сайтыг ажиллагаанд оруулахад бэлэн болжээ.           

МГСБК ТББ-ийн УЗ-ийн дарга Ч.Батцэцэг:

"Бид жил шахам хугацааг уулзаж ярилцах, бие биенээ таних, итгэл үнэмшлээ нэгтгэх, нийтлэг хэрэгцээгээ тодорхойлох, нэг зорилго дор эвлэлдэхэд зориулсан. Үүний эцэст монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын анхны холбоог үүсгэн байгууллаа. Кластерийнхаа төлөө хамтдаа хийж бүтээж буй үйл хэргийн үр шим бизнест маань шууд ирдэг учраас бид кластерынхаа ажилд урам зоригтойгоор шамдаж байгаа.”

Уг кластер салбартаа манлайлан, үлгэр жишээ туршлага болж, ирэх жил Герман болон Итали улсуудад томоохон үзэсгэлэнгүүдэд оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. Европын Холбооны  орнуудын импортын шаардлага маш өндөр босготой байдаг бөгөөд энэ давааг давахад Европын Холбооноос үнэмлэхгүй дэмжлэг үзүүлж байна.

ЕХ-ны ТРАМ төслийн удирдагч Кармен Фратита:

“Европ руу экспортлох нэн боломжтой бүтээгдэхүүний нэг бол монголын өвөрмөц найрлагтай, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн юм. Бид Монгол үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад ЕХ-ны шаардлагыг хангахад бэлдэж чадавхижуулж байна. Компаниуд нэг нэгээрээ бол бид тусалж чадахгүй. Харин нэгдээд кластер болвол бид бүх талаар дэмжих боломжтой.”

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас МГСБК байгуулагдсантай холбогдуулан Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлын Тухай хуулийн төслийг санаачлах, төсөл боловсруулах асуудлыг хөндөж эхэлжээ. Мөн ЕХ-ны ТРАМ төсөл болон МГСБК ТББ-тай хамтран Хамтын Ажиллагааны Өдөрлөг арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

“Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар бол шинэ салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд кластерийн үүрэг маш чухал. Бидний зүгээс салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ойртуулахад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал ач холбогдол өгч ажиллаж байна.”

Хамтын ажиллагааны өдөрлөг арга хэмжээний үеэр МГСБК ТББ-ийг албан ёсоор нээж монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой яам, агентлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэх юм. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг гэрчлэхээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын болон нэмүү өртөгийн сүлжээний томоохон оролцогчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болсон эрхэм хүндтэй 100 гаруй зочин уригджээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.