Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын байгалийн хий Европт шууд хүрэх зам нээгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Европын орнуудад байгалийн хий нийлүүлэх Оросын Газпром компанийн “Умард урсгал 2” төсөл өчигдөр сүүлчийн томоохон саадаа арилгаж чадлаа.

Дани улсын засгийн газар өчигдөр Оросоос Герман хүртэл Балтийн тэнгисээр тавигдах 1,230 км хоолойг өөрийн харьяаны усаар дамжуулахыг зөвшөөрсөн юм.

Энэ шийдвэр Оросын нөлөөг Европт хязгаарлах АНУ-ын гадаад бодлогод том цохилт болж байна.

Вашингтоны засаг захиргаа Европыг Оросын эрчим хүчнээс хараат болгохгүйн тулд уг төслийг эсэргүүцэж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оронд нь шингэрүүлсэн хий нийлүүлэх саналыг Германд тавьж байжээ.

Дани улсын Эрчим Хүчний Агентлаг DEA өөрийн мэдлийн усаар дамжих 147 км урт хоолойг байгуулах зөвшөөрлийг Оросын төрийн өмчит Газпром компанид өгсөн байна.

Газпромын тавьсан хэд хэдэн хувилбар саналыг Данийн засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сараас хойш судалж байсан юм.

Өчигдөр Унгарын нийслэл Будапешт хотод айлчилж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Данийн эрх баригчдыг “олон улсын хариуцлагатай түнш байж, өөрийн болон Европын орнуудын ашиг сонирхлыг хамгаалж чадлаа” гэж магтсан байна.

“Умард урсгал 2” хоолойгоор Герман улс руу жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжих бөгөөд Оросын импортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх юм.

Орос улс Европт хий нийлүүлэхдээ Украин улсын нутгаар дамжуулж ирсэн бөгөөд жил бүр дамжин өнгөрүүлсний төлбөрт $2-$3 тэрбумыг төлдөг байжээ.

Харин одоо зардал багатайгаар Европт байгалийн хий нийлүүлэх боломжтой болж байна.

АНУ-ын конгресс “Умард урсгал 2” төсөлд хориг тавих хуулийн төсөл боловсруулаад байгаа. Гэвч хуулийг сенатаар батлуулах ажил удаашралтай байгаа юм.

Хуулийн төслийг санаачилсан сенатор Тэд Круз хугацаа бага үлдсэн тул яаравчлан хэлэлцэхийг өчигдөр сенатын гишүүдэд уриалжээ. Хууль хэрэгжвэл АНУ-ын засаг захиргаа уг төсөлд оролцсон Европын компаниудыг хар жагсаалтад оруулах юм.

 

Эх сурвалж: Associated Press