Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Цэцийг хариуцлагажуулахгүй бол хөндлөнгийн нөлөө ороод байгаа юм биш байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өчигдөр Их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төсөвт төвлөрөх боломжгүй болгосон шийдвэр гаргасан хэмээн Сангийн сайд үзэж буйгаа илэрхийлсэн.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн юм.

ҮХЦ-ийн уг шийдвэртэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг тодрууллаа. Тэрбээр "Газрын доорх баялгийг ашиглаж байгаа л бол татвар төлөх нь гарцаагүй. Давхар татвар уу, үгүй юу гэдгийг их хурал өөрөө шийдэх байх. 

Үндсэн хуулийн шийдвэр төсөвт нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө. Гэхдээ Засгийн газар үүн дээр ямар байр суурьтай байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Ямар ч байсан ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ ирэх долоо хоногт нэн яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй. АН-ын зөвлөл ч ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ энэ бол эрх баригчдын шийдэх асуудал. Яагаад давхар татвар авах асуудлыг хуулиндаа оруулж ирсэн юм? Цэц яагаад ийм шийдвэр гаргасан юм?

Ер нь Цэцийг хариуцлагажуулах ажил хийхгүй бол хөндлөнгийн нөлөө ороод байгаа юм биш байгаа гэсэн байр суурин дээр байна. Сангийн сайд Цэцийн гаргасан шийдвэрээс болж ашигт малтмал компаниуд, уурхайн эздийн өмч боллоо гэсэн. Энэ нь буруу л даа. Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна. Газрын доорх баялгийн өгөөжийг ард түмэн хүртэх эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа. Түүнээс биш компаниудын өмч болчихсон асуудал биш. 

Компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлөх үүрэгтэй. Аль нэг компани шууд ороод үүнийгээ болиул гэсэн лобби явуулсан гэдэгт итгэхгүй байна" гэлээ.