Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Урьдчилсан байдлаар шахмал түлшний үйлдвэрт гарсан гал гадны нөлөөгүй гэх таамгийг дэвшүүлж байгаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гарсан галын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.

- Түлшний үйлдвэрт гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид 1 цаг 40 минут ажилласан байсан. Галын тархац хэр их байсан бэ?

- Өчигдөр 19:15 цагт галын дуудлага ирж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан.

Гал хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид гарсан. Шахмал түлшийг дөрвөн төхөөрөмж дамжуулан хатаадаг юм байна. Түүний хоёр дахь төхөөрөмжид гарсан галыг унтрааж ажиллалаа. 1 цаг 40 минут гэдэгт дуудлага авснаас хойш галыг бүрэн унтраах хүртэл хугацааг багтааж ойлгоно.

Үйлдвэр дотор гарсан гал учраас шууд хоолой тавиад унтраах боломжгүй, дотор ажиллагаа явуулан нэмэлт насос тавьж ажилласан. Хатаах төхөөрөмж дотор байсан 3 тонн орчим түлш шатсан бөгөөд улмаар бусад хатаагч төхөөрөмж болон үйлдвэр галд өртөхөөс сэргийлж унтраасан.

Галын үеэр үйлдвэрийн ажилчид, онцгойгийн алба хаагчид гэмтсэн зүйл гараагүй. 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилж байсан.

Урьдчилсан байдлаар гал гарахад гадны нөлөө байхгүй, хатаах явцад түлш шатсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байгаа. Гадны нөлөө байсан уу,  үйлдвэрийн технологийн горим зөрчигдсөн эсэхэд СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.