Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани Африкт үйл ажиллагаа явуулдаг Оросын хуудсуудыг устгажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Евгений Пригожин

Африкийн улс орнуудад чиглэсэн суртал нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулдаг Оросын хуудсуудыг илрүүлж устгаснаа Фэйсбүүк компани өчигдөр мэдэгджээ.

Тэдгээр хуудсууд нь Мадагаскар, Төв Африкийн БНУ, Мозамбик, Конгын Ардчилсан БНУ, Кот Дивуар, Камерун, Судан, Ливи гэсэн тус тивийн найман орныг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгддэг олигарх Евгений Пригожин уг ажиллагааг ивээн тэтгэгч болохыг Фэйсбүүк мэдээлсэн байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор суртал нэвтрүүлэг явуулж байсан үндэслэлээр АНУ-ын хуулийнхан түүнд ял тулгаад байгаа юм.

Пригожиний Internet Research Agency нэртэй “тролл үйлдвэр” Санкт Петербург хотод байрладаг гэлцдэг. Оросын талаас нийт нэг сая гаруй дагагчтай 200 шахуу хуудас ажиллуулж байсныг Фэйсбүүкийн кибер аюулгүй байдлын захирал Натанель Глейкер мэдээлсэн байна.

Оросууд тухайн улс орнуудын иргэдтэй нягт хамтран ажиллах замаар мөрөө буруулж байсныг тогтоосон гэнэ.

Сүүлийн үед ОХУ-ын эрх баригчид Африк тивийн орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин тус тивийн 50 гаруй улсын удирдагчдыг Сочи хотод хүлээн авч, Орос-Африкийн анхны чуулганыг зохион байгуулсан юм.

Фэйсбүүкийн мэдээлснээр Судан дахь Оросын сүлжээ 2018 оны сүүлээр тус улсын ерөнхийлөгч Омар Аль Баширийг дэмжих ажиллагаа явуулсан ч амжилтгүй болж, энэ оны дөрөвдүгээр сард тэр төрийн эрхнээс зайлуулагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүк өөрийн салбар үйлчилгээ болох Инстаграм сүлжээнээс Пригожинтой холбоотой 50 хуудсыг хаасан байна.

 

Эх сурвалж: The Guardian