2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
13:00
S30
-6°
14:00
S30
-2°
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°

Т.Хаш-Эрдэнэ: Нийгмийн бүхий л талбарт үе солигдож байна

Өдрийн сонин
2019 оны 10 сарын 31
Өдрийн сонин
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Манай улсын эдийн засагт дотооддоо ч, гадаад-даа ч үл итгэлцэл нүүрлэсэн, “саарал жагсаалт”-д орсон өдрүүдэд бид ярилцаж байна. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын ойрын хүрээнд ажиллаж буй хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна?

-"Саарал жагсаалт”-д орсон гол шалтгаан бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. 2015 онд ил тодын хуулийн хүрээнд 21 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага шалгагдаж 33.8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон нь манай улсад далд эдийн засаг байна гэсэн ойлголтыг өгсөн. Ил болсон хөрөнгө орлого нь манай улсын дөрвөн жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө байхад аргагүй шүү дээ. 

ФАТФ-аас манай улсад өгсөн нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс дөрөвт нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байгаа. Үүнийг холбогдох төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч ажиллаж байж ханган биелүүлэх ёстой.

Үл итгэлцэл үүсгэж, улам бүр өдөөж байгаа бас нэг шалтгаан бол улстөрчид. Тэдний өнөө маргаашийг харсан, улсын төлөө бус өөрсдийн эрх ашгийг түрүүнд тавьсан, олон нийтээс дэмжлэг олох гэсэн энэ явцуу оролдлогууд, буруу бодлого, буруу үйлдлийн үр дүн ийм байдалд хүргэсэн.

Энэ үл итгэлцэл зөвхөн өнөөдөр бий болчихсон зүйл биш, сүүлийн хориод жилийн хугацаанд үргэлжилж байгаа гажуудал гэж харж байна. Энэ талаар элдэв нэр томьёо ашиглаж, худлаа номчирхох шаардлагагүй байх. Өнгөрсөн хугацаанд нийгмийн тэгш бус байдал улам бүр нэмэгдсэн, үүнээс баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын ялгаанаас үүдэлтэй баян хоосны хоёр туультай, дундаж давхаргагүй нийгэм үүсчихээд байна.

МОНГОЛД ДУНДАЖ ДАВХАРГА БАЙХГҮЙ

-Үл итгэлцлийн тухай яриа маань дундаж давхаргын тухай асуудал руу гулгаад орчихлоо. Манай нийгэмд огтоос дундаж дав-харгагүй гэж та хэлэх гээд байна уу?

-Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дунджид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа.

Харин одоо асуудалд илүү бодитой ханд-маар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана.

Дундаж давхарга нийт хүн амын 50-60 орчим хувийг эзэлж байна, ядуурал 30 орчим хувиас хэтрээгүй гэж ярьцгаадаг. Гэхдээ бодит дүр зураг тэс өөр харагдаж байгаа шүү дээ.

Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй", байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна.

Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Улстөрчид хөгжил ярьж дүр эсгэж жүжиглэхээ болиод дундаж давхаргаа бий болгоход, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах цаг нь аль эрт болсон.

Нийгмийн дундаж давхарга гэдэг аль ч улс орны хөгжлийн гол цөм нь шүү дээ. Тийм учраас Монгол Улсад урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. Хөгжлийн бодлогыг боловсруулж болно, тэгсээр ч ирсэн. Гэхдээ тогтвортой төр л үүнийг хэрэгжүүлнэ.

НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ
 
Гэрэл зургийг mpa.mn

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр, ажлуудыг “популизм”, “дарангуйлал руу тэмүүлсэн” гэж тодорхойлох хүмүүс цөөнгүй байна. Багт нь ажиллаж буй хүний хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Улс төрийн эрсдэлтэй шийдвэрийг гаргахаас эмээдэг улстөрчид энэ улсыг ямар хэмжээнд авчирсныг нийгмээрээ харж байна. Тийм ч учраас залуу хүний хувьд Ерөнхий сайд түүхэн дэвшил авчрахуйц, зоригтой шийдвэрүүд гаргаж буй нь маш зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Цаг зуурын популизм хийж байгаа улстөрч, үйл хэргийн төлөв зүтгэж байгаа улстөрч хоёрыг нэг л зүйлээр ялгаж таних боломжтой. Тэр нь үр дүн.

Ерөнхий сайдын ажлын үр дүнд иргэд эргэлзэхгүй байгаа гэж бодож байна. Харин олон нийтийн эрх ашгаас өөр зүгт ашиг сонирхолтой хүмүүст эргэлзээ байгааг үгүйсгэхгүй.

Миний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үйл хэргийн төлөө зүтгэж яваа улстөрч гэж үзсэн учраас багт нь орж ажиллахаар шийдсэн. Ер нь тодорхой асуудлууд дээр улс төрийн зоримог шийдэл гаргахгүйгээр хөгжлийн тухай ярих хэцүү.

Ерөнхий сайдын бодлого маш тодорхой, гурван зүйл дээр зангидагдаж байгаа.

Нэгд эх орноо эрүүл хүнсээр хангах. Энэ зорилт эхнээсээ биелж бид дотоодоосоо гурил, төмсөө авч импортын хэмжээ буурсан.

Хоёрт нефтийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох. 2023 онд нефтийн үйлдвэр зуун хувь ажиллаж эхэлнэ. 1.5 тэрбум доллар дотооддоо үлдэж төгрөг чангарна.

Гуравт эрчим хүчээ гаднаас импортлохоо болих. Баруун бүсийн аймгуудыг хямд эрчим хүчээр хангах, импортын хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж дуусаж байна, Дотоодоосоо эрчим хүч, нефтийн хэрэгцээгээ хангадаг болчихвол манай улс хөгжих гээд байна гэж маш олон жил, олон ч улстөрчид ярьсан. Харин энэ Засгийн газар ажил хэрэг болголоо, галт тэрэг хөдөлчихлөө.

2045 он гэхэд манай улсын хун ам 5 саяд хүрч өснө, тэдний 3 орчим сая нь нийслэл хотод амьдарна гэсэн төлөв байдаг. Бид үүнд бэлэн үү гэсэн асуулт зайлшгүй тулгарч байгаа. Бэлэн байхын тулд төв цэвэрлэх байгууламжаа ярих хэрэгтэй, утаагаа шийдэх хэрэгтэй. Авто зам дээр явж байгаа машины тоог зохицуулах бодит шаардлага ч зайлшгүй. Хэрэв бид түгжрэл, агаарын бохирдлыг шийдье гэвэл хуучин болон буруу рультэй автомашиныг хориглохоос өөр аргагүй. Энэ нь мэдээж олон нийтэд таалагдахгүй.

Тийм ч учраас улстөрчид энэ шийдвэрийг өмнө нь гаргаагүй. Гэтэл энэ нь урт хугацаандаа бидний, үр хүүхдүүдийн маань амьдрах орчин, эрүүл мэндийг аварч буй шийдвэр юм.
Ер нь өргөн цар хүрээтэй, зоригтой шийдвэр гаргахад тогтвортой байдал чухал гэдэг нь шахмал түлшний жишээн дээр харагдаж байгаа юм. Засаг тогтвортой байж, бодлогоо хамгаалж чадсан учраас энэ өвөл нийслэлийн утаа 20-30 хувиар багасна гэсэн итгэл иргэдэд аль хэдийн төрөөд эхэлсэн.

Сайжруулсан технологийн зуух тараах шийдэл зөв байсан ч, арваад жилийн өмнөөс сайжруулсан зуухтайгаа хамт сайжруулсан түлшний хэрэглээг өнөөдрийнх шиг зориглоод нэвтрүүлсэн бол Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрэхгүй байсан нь ойлгомжтой.

Шахмал түлш 100 хувь оновчтой шийдэл биш, гэхдээ энэ бол богино хугацаанд шийдэж байгаа хэрэг. Дунд хугацаандаа дулаалга, цахилгаан халаагуур, урт хугацаандаа мэдээж орон сууцжуулалт шаардлагатай.

-Алдаа завхралыг нь засна гээд дарангуйлал тогтоох вий гэсэн айдас сэхээлэг хүрээнд байх шиг?

-Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгосон нь үнэн, хүмүүнлэг нийгэм байгуулах зорилго тавьж байгаад одоо эргэлзэх шалтгаан алга. Гэхдээ энэ нь бүх зүйл зөв явж өдий болсон гэсэн үг биш.

Ардчилал аль ч засгийн үед төгөлдөржсөөр ирсэн ч, алдаа завхрал нь ч мөн сүүдэр шиг даган өссөөр ирсэн. Бидэнд үүнээс илүү сайхан амьдрах боломж байсан уу гэвэл байсан. Бидний энэ боломжийг үрэн таран хийсэн хүмүүс түүхэнд бичигдээд үлдэнэ.

Ардчилсан хувьсгалын дараах энэ үед хүмүүс хоорондын итгэлцэл, ёс зүй гээч зүйл байхгүй болсон. Улсын эд хөрөнгөндөө ч маш этикгүй хандсан. Өнөөдрийн баялгийн тэгш бус хуваарилалт, дундаж давхаргагүй нийгэм тэндээс үүдэлтэй. Энэ үед эрх зүйн орчин бүгдэд нээлттэй байсан ч ёс зүйн хувьд асар том алдаа гарчээ. Тэр үеийн бодлого. тодорхойлогчдоос нэг зүйл асуумаар санагддаг.

Өмч хувьчлалын үеэр хувьцаа тараахдаа сургалт явуулсан уу? Бүх нийтэд ойлгуулж амжсан уу? Жирийн иргэд үнэндээ өмч хувьчлалын ач холбогдлыг ойлгоогүй. Өмчөөс нь хүчээр салгаад, хувийн өмчтэй хүн бол хүний адаг гэж жар далан жил суртал ухуулга явуулсны дараа хийж байгаа ажил шүү дээ. Бүх нийтийн мэдээлэл авах эрхийг лав хангаагүй. Бид явж ирсэн энэ замаараа цаашид ахин 25 жил явна гэвэл энэ улсын ирээдүйд итгэх арга алга.

Ерөнхий сайдын хувьд нийгмийн тэгш бус байдалтай тэмцэж байгаа нь хэтэрхий шийдэмгий харагдуулж байж болох талтай. Гэхдээ 90-ээд оны үймээн дунд гол дүр байгаагүй, бизнесийн салбартай гүн холбоогүй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн давуу тал юм болов уу гэж хардаг. Энэ нь нэг бизнесийн бүлэглэлийн захиалгаар нөгөөг нь намнахгүй, тэнцвэрийг хангаж, шаардлага тавих боломжтой гэсэн үг л дээ.

Өнөөгийн улс төрд хийрхсэн популизм хол явахгүй нь улам ойлгомжтой болж байна. Ер нь бол ардчилал гэснээ социализмынхаа зүсээ хувиргасан хувилбарыг ярьсаар ирсэн “ах нар” маань цагийн үнэнд гүйцэгддэггүй юм гэхэд нийгмийн энэ хандлагын үнэнд гүйцэгдлээ.

Одоо нийгмийг хагалан бутаргах, эмх замбараагүй байдал үүсгэхээс өөрөөр эрх мэдлээ хадгалж үлдэх боломжгүй болсныг олон жил улсын оройд суусан хүмүүс анзаарч л байгаа. Дарангуйлал гэх мессеж бол энэ хүрээнээс үүссэн яриа болов уу.

НИЙГМИЙН БҮХИЙ Л ХҮРЭЭНД ҮЕ СОЛИГДОЖ БАЙНА

-Улс төрд гарч ирж байгаа шинэ үе өмнөх үеэсээ хавьгүй дээр ажиллана гэсэн амбиц, санаа таны үгнээс сонсогдлоо?

-Миний хувьд нийгмийн бүхий л талбарт жам ёсны нэг процесс өрнөж байгаа нь үе солигдох үйл явц гэж харж байна. Зах зээлийн нийгэмд төрж өссөн, ямар нэг утопиор тархиа угаалгаж, сэтгэлгээ нь хоёрдоогүй хоёр ч үеийн залуус одоо ид ажиллаж эхэллээ.

Дал, наяад оны, ахуйн асуудлаа хэрдээ шийдчихсэн, хоёр нийгмийн заагт ухаан орж социализм, капитализмын мөн чанарыг амьдралаараа туулчихсан залуус өнөөдөр улс төрд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болсон нь сайн хэрэг. Тэдний хандлага, соёл өөрөө улс төрд ч, нийгмийн бусад салбарт ч шинэ зүтгүүр болох нь ойлгомжтой.

-Таны албан танилцуулга дээр НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч гэсэн статус байна. Ер нь намын дэргэдэх залуучуудын байгууллага сайн, муугаар илт ад үзэгдэж байгаа энэ үед яагаад энэ байгууллагыг сонгов?

-Энэ бол өнөөгийн нийгэмд байгаа, сайн муугаар талцдаг олон туйлшралуудын нэг л дээ. Чин үнэндээ Монголд залуучуудын оролцоотой төрийн бус байгууллагуудаас намын дэргэдэх залуучуудын байгууллага л идэвхтэй ажиллаж, нийгэмд хүрч байгаа нь үнэн.

Улс төрийн орчин, нам гэдэг өөрөө идэвх оролцоотой иргэдийн үнэт зүйл дээр оршдог институци. Тэгэхээр нийгэмд дуу хоолойгоо хүргэе, бодлого ярьж, бодлого тодорхойлох түвшинд ажиллая гэж шийдсэн залуус энэ институцад хандахаас өөр аргагүй.

Хамаарч буй институци нь хангалттай цэвэр, өв тэгш биш байж болно. Гэхдээ түүнд оролцож байж, санаа бодол, зүтгэлээ зориулж байж л тодорхой үр дүнд хүрнэ шүү дээ.

Одоогийн монгол залуусын өмнө гурван сонголт байна гэж боддог. Урдах ажилтайгаа зууралдаад төр засгаа шүүмжилсэн хэтэрхий мэргэн жараахай болох нэг сонголт байна, нэг бол шуудхан гадаад руу гарч амьдрах сонголт байна, эсвэл үйл явцад оролцож, үзэл бодлоо нэмэрлээд явах сонголт байна. Аль ч сонголтыг нь зөвтгөх, эсвэл буруутгах аргагүй. Харин миний хувьд гурав дахь сонголтыг нь хийсэн.

-Цаг зарцуулж, үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа.

-Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x