Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгэмд дэг журам тогтоох зорилгоор Чили улс APEC-ийн чуулганыг цуцаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Чили улсын засгийн газар ойрын үед зохион байгуулахаар төлөвлөж байсан олон улсын хоёр том арга хэмжээг цуцлахаар болсныг зарлалаа.

Тус улсад үүсээд байгаа үймээн самууныг зогсоож, нийгэмд дэг журам тогтооход бүх анхаарлаа төвлөрүүлэх болсноос ийм шийдвэр гаргажээ.

Арваннэгдүгээр сарын 15-17-нд APEC-ийн дээд хэмжээний чуулган Чилийн нийслэл Сантьяго хотод болох байв. Энэ чуулганаар Америк, Хятадын төрийн тэргүүнүүд уулзаж, худалдааны гэрээгээ хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан юм.

Ирэх сард багтаан худалдааны гэрээний эхний хэсгийг батлах төлөвлөгөө хэвээр байгаа бөгөөд Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзах өөр газрыг тодруулахаар ажиллаж байгааг Цагаан ордон мэдээлжээ.

Чилийн нийслэлд болох хоёр дахь арга хэмжээ нь арванхоёрдугаар сарын 2-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах COP21 буюу уур амьсгалын өөрчлөлтийн чуулган байв.

НҮБ одоогоор уг арга хэмжээг зохион байгуулах өөр газрыг товлоогүй байна.

Чили даяар амьжиргааны өртөг, тэгш бус байдал нэмэгдэж байгааг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үргэлжилж, өнгөрсөн хугацаанд нийт 20 орчим хүн амиа алдаад байгаа юм.

Жагсаал тэмцэлд оролцсон нийт 7,000 гаруй хүнийг баривчилсан байна. Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинера улс даяар онц байдал зарлаж, гол хотуудад хөл хорионы цаг тогтоогоод байгаа.

Өнгөрсөн Бямба гарагт Сантьягод болсон жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон нь 1990 онд Чилид ардчилсан засаглал тогтсоноос хойшх хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ болжээ.

 

Эх сурвалж: BBC