Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн засгийн газар Эль Чапогийн хүүг баривчлах ажиллагааны видео дүрсийг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын дундуур Мексикийн тусгай хүчнийхэн алдартай хар тамхины картелийн босс Эль Чапогийн хүүг гэрээс нь баривчилсныхаа дараа аргагүйн эрхэнд буцааж сулласан билээ.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт тус улсын засгийн газар Овидио Гузманыг баривчлах ажиллагааг харуулсан видео дүрсийг нийтэд үзүүлжээ.

Аравдугаар сарын 17-ны өдөр Мексикийн хойд Синалоа мужийн Кулиакан хот дахь гэрээс нь Гузманыг баривчилсан ч картелийн зэвсэгт этгээдүүд тусгай хүчнийхнийг бүслэн хааж, олон хүний амь үрэгдсэн мөргөлдөөн гарах шинжтэй болсон тул цаг орчмын дараа буцаан сулласан байна.

Засгийн газрын уг шийдвэрийг олон нийт шүүмжилж байв. Харин Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор “гэмгүй хүмүүсийн амь наснаас үнэтэй баривчилгаа байх ёсгүй” гэж шийдвэрээ тайлбарлаж байжээ.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус улсын батлан хамгаалахын сайд Луйз Кресенсио Сандовал тусгай хүчний дайчны дуулганд суулгасан камерны бичлэгийг үзүүлсэн байна.

Уг видеонд үзүүлснээр Овидио Гузман баривчлагдсаныхаа дараа гар утсаар ах руугаа залгаж “Би бууж өгсөн, Ажиллагаагаа зогсоо. Хүмүүстээ буц гэж хэл. Би түвэг учруулмааргүй байна” хэмээн ярьж байжээ. Энэ үеэр цаана нь буун дуу тасралтгүй сонсогдож байв.

Гэвч Гузманы ах довтолгоогоо зогсоохыг зөвшөөрөөгүй бөгөөд тэнд байгаа тусгай хүчний дайчдыг болон тэдний гэр бүлийг айлган сүрдүүлж эхэлсэн байна.

Картелийн зэвсэгт этгээдүүд Овидио Гузманы гэрийг бүсэлж, ойр орчмын замуудад хаалт тавиад байжээ.

Ингээд дээрээс өгсөн тушаалын дагуу тусгай хүчнийхэн хэсэг хугацааны дараа байрыг орхин гарч явсан байна.

Овидио Гузманы эцэг “Эль Чапо” хочит Хоакин Гузман хар тамхины Синалоа картелийг олон жилийн турш удирдаж байсан юм. Тэрээр одоо АНУ-ын шоронд бүх насаар хорих ял эдэлж байгаа.

Эх сурвалж: Reuters