Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн цагдаа нар хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бельгийн цагдаа нар тус улсыг дамжин тээвэрлэгдэж байсан хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргаснаа мэдээлжээ.

Ердөө долоо хоногийн өмнө тус улсын боомтоос Британи руу илгээсэн хөргүүртэй ачаанаас 39 хүний цогцос илэрч байв.

Энэ удаа жимс, хүнсний ногоо ачсан чингэлэгнээс насанд хүрсэн 12 эрэгтэй гарсны 11 нь Сирийн иргэд, нэг нь Суданы иргэн байжээ.

Тээвэрлэж явсан машины жолооч ачаанд нь хүн байж магадгүй гэж сэжиглээд цагдаад мэдээлснээр илрүүлсэн байна.

Бельгийн ачааны машины жолооч нар сүүлийн үед Их Британи руу ачаа хүргэх дургүй болоод байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь ачаанаас нь хүн илэрвэл хүний тоогоор 2,000 фунт стерлингийн торгууль хүлээдэг болсон гэнэ.

Бельгийн ачаа тээврийн холбооны тэргүүн Изабелла Де Мэгт орон нутгийн телевизийн сувагт ярихдаа “Жолооч нар Британи руу ачаа тээвэрлэхдээ хууль бус цагаач зөөсөн хэрэгт орооцолдох нь нэмэгдсэн” гэжээ.

Цагаачид хөргүүртэй ачаанд нуугдах сонирхолтой байдаг нь ийм ачааг нээж шалгах магадлал бага байдагтай холбоотойг тэр ярьсан байна.

Бельгийн цагдаа нар өнгөрсөн Даваа гарагт Эритрэй, Судан, Этиопийн харьяат эрэгтэй, эмэгтэй нийлсэн 27 хүнийг баривчилсан байна. Тэдний 11 нь 18 нас хүрээгүй хүмүүс байсан бөгөөд Британи руу гарaхаар бэлдэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian