Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бямба-Очир: Төвлөрсөн дулаан дууссан газраас л Улаанбаатарын утаа эхэлдэг

ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

 Хүний төрөлх мөн чанар тав тух руу тэмүүлдэг зүй тогтолтой учраас хүмүүс хэзээ ямагт хот руу татагдаж иржээ. Тохилог орон сууцууд, төвлөрсөн зах зээл, ажил үйлчилгээ, ашиг орлого гээд хүний төрөлх мөн чанарт таатай, нийцтэй бүхнийг хотод л олж болно. Улаанбаатар хот ч яг энэ жам ёсоор орчин үеийн метрополис хот болох дүр төрхөө ердөө сүүлийн 60 жилд олж авсан юм. Яагаад 60 жил гэж хэмээн та гайхаж байж магадгүй. Үнэндээ хот зөвхөн газар дээр л босдог юм биш. Үндсэндээ газар доорхи дулааны шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээнүүд дээр л тохилог хот сүндэрлэдэг билээ.

Халуун паартай, хананаасаа татаад хэрэглэчихдэг халуун, хүйтэн устай, дотроо нойлтой тохилог орон байргүй бол хотод тав тух үгүй. Хот бол юун түрүүнд хүний төлөө бүрдүүлсэн тав тух юм. Тэгвэл түүнийг бий болгодог зүйл нь Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг барилга байшин, орон байр, өрх айл бүрийн үүдэнд хүргэж буй дулааны шугам сүлжээ хэмээх газар доорх нүсэр дэд бүтэц билээ.

Монголд дулааны шугам сүлжээ гэх салбар үүссэнээс хойш яг 60 жил болж байна. Тэр хүртэл буюу 1959 он хүртэлх Улаанбаатар хот бол улс төр, нийгэм, эдийн засгийн агуулгаараа нийслэл байснаас биш “тав тух” хэмээх ойлголтын гадна оршиж ирсэн эсгий гэрийн түүх гэхэд хилсдэхгүй юм. Өнөөдөр төвийн холболттой дулааны шугам хаана хүрээд дуусч байна, тэр цэгээс эсгийн гэрүүд эгнэсэн гэр хорооллын түүх эхэлж байгаатай агаар нэгэн. Улаанбаатар хотын хамгийн том асуудал нь утаа мөн гэвэл дулааны төвлөрсөн шугам сүлжээ дууссан хил хязгаараас л энэ асуудал эхэлж байгаа.

Улаанбаатар хотын хамгийн том асуудал нь утаа мөн гэвэл дулааны төвлөрсөн шугам сүлжээ дууссан хил хязгаараас л энэ асуудал эхэлж байгаа.

Улаанбаатар хотын төв хэсэг хорин нэгдүгээр зууны метрополис хотын хэв шинжтэй бол хаяа залгах гэр хорооллууд зуун жилийн өмнөхөөс төдийлөн ялгагдах юмгүй. Энэ хол зөрүүтэй хоцрогдлыг бий болгож буй хүчин зүйл нь ердөө л дулаанаар хангах асуудал. Тэгэхээр Улаанбаатарын зовлонг шийдэж, утааг үгүй болгоё гэвэл дулааны шугам сүлжээг цааш тэлэх нь хамгийн оновчтой бөгөөд зайлшгүй шийдэл юм.

Асуудлыг шийдэх тухай ярихаар бид мөнгөний тухай л ярьдаг, мөнгө байхгүй бол юуг ч өөрчилж чадахгүй гэж ойлгож, үүнтэйгээ эвлэрсэн маань нэг том алдаа гэж боддог. Тавдугаар цахилгаан станцыг байгуулж байж л асуудлыг шийднэ гэдэг хүлээлтдээ бүгд итгэл үнэмшилтэй. Энэ талаар ярилцаад даруй хорин жил өнгөрлөө.

Харин энэ зуурт гэр хороолол хэд дахин тэлсний зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг сүүлийн 30 жилд 10 дахин өсжээ. Асуудлууд маань мөн л хэд дахин өссөнийг харвал тэдгээрийг зөвхөн мөнгөөр шийддэг гэдэгт эргэлзэхээр байгаа биз.

Жилээс жилд тэлсээр ирсэн нүүрсэн галлагаатай гэр хорооллууд руу дулааны шугам татахын тулд V цахилгаан станц баригдахыг хүлээхгүйгээр  орчин үеийн технологитой дулааны эх үүсвэр барьж шийдвэрлэх шаардлага бий.

Гэтэл Улаанбаатар хотын захиргаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн  төслөөр зургаан байршилд дэд төв бүхий бичил хороолол байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй нь дэвшил мөн боловч нөгөө талдаа дулааны эх үүсвэр нь төдийлөн ирээдүйгүй бодлого болохыг ч хэлэх ёстой юм. Тэдгээр дэд төвүүд нь нөгөө л 80,90-ээд онуудад нүүрс түлдэг уурын зуухаар халдаг бичил хорооллууд шиг л хуучин технологи, үр ашиггүй, алдагдалтай ийм л уурын зуухтай байхаар шийдэж байна. Улаанбаатарын утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг шууд хориглох зоригтой алхмыг хэрэгжүүлээд эхэлсэн энэ үед дахиад нүүрснээс эх үүсвэр гаргах “уурын зуух” гэсэн концепцтэй Дэд төвүүд нь алсыг харсан бодлого мөн гэж үү? Уурын зуухаар үйлдвэрлэсэн дулааны өртөг өндөр байдгаас хэрэглэгчдийн төлөх төлбөр нэмэгддэг, байнгын арчилгаа, засвар үйлчилгээ шаардагддаг, тоног төхөөрөмжийн сэлбэг материалын олдоц муу үүнийг дагаад хүн хүчнээс авахуулаад ашиглалтын зардал өндөртэй тул хот, улсын төсвөөс байнга татаас авч ирснийг бид бүхэн сайн мэднэ. Мөн сүүлийн 25 жилд иймэрхүү татаас өгдөг, хөлдүү, иргэд нь бухимддаг бичил хорооллын уурын зуухнуудыг үе шаттайгаар төвийн дулаанд холбож дуусгаад байхад шинээр ийм уурын зуухтай бичил хотхон бий болгохоор төсөл эхэлж байна. Нийслэл хот 380 жилийн ойгоо тэмдэглэж байна бид эргээд өмнөх нүүрс түлдэг уурын зуухны технологио дэмжсээр сууж байна. 

Гадны санхүүжилт, зээл, тусламжаар бүтээн байгуулалтыг хийхдээ өөрийн орны онцлогт зориулж, орчин үеийн техник технологиор шинэчлэх бодлогыг баримтлах, нэгэнт хөрөнгө зарцуулж дараа нь төлж барагдуулах нөхцөлийг хүлээж байгаа л юм бол үүний цаана шинэ техник технологи, дэвшлийг хамт оруулж ирэх хариу нөхцөлийг Төслийн нэгжүүд тавих ёстой.

Азийн хөгжлийн банк Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийг төвийн дулаанд холбох хүсэлтийг 2016 онд Эрчим хүчний яаманд гаргахад тэр үеийн удирдлагууд боломжгүй гэх хариу өгч байсан. Харин Монголын дулаан хангамжийн холбооны инженерүүд тооцоо хийж Баянхошуу дэд төвийг төвийн дулаанд холбох, тооцоо, схем судалгааг гаргаж өгсөнөөр энэ ажил 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Цаашид Амгалан дулааны станцаас шинээр дулааны шугам татаж Сэлбэ дэд төвийг төвлөрсөн дулаанд холбох тооцоо, судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Өнөөдөр Европын улс орнууд нүүрс түлдэггүй байгалийн хий, шахмал түлш, мазут, био түлш ашигладаг дулааны эх үүсвэрээр хотоо халааж хөгжүүлж байна. Тухайлбал, Английн хойд хэсэгт байдаг Шотланд арал 500 мянган хүн амьдардаг хотынхоо дулаан хангамжийг хаягдал хогоор ажилладаг дулааны эх үүсвэрээр хангаж байна. Австри улсын нийслэл Вена хотынхоо төвд хогоор ажилладаг дулааны эх үүсвэрээр хотынхоо дулаан хангамжийг шийдэж байна. Скандиновын орнууд огт түүхий нүүрс түлдэггүй хоёрдогч эх үүсвэр шахмал түлш, хог, био түлш, байгалийн хий ашигладаг дулааны эх үүсвэрээр хотынхоо дулаан хангамжийг шийдэж байна. Манайд Азийн хөгжлийн банкны Дэд төвүүд, Барилга, хот байгуулалтын яамны зээлийн хөрөнгөөр баригдаж буй  Сервис нэртэй төслүүд үнэндээ нэр нь гоё ч нэдэр дээрээ технологийн шинэ шийдэлгүй, үрэлгэн, алсын хараа муутай нүүрс түлдэг уурын зуухтайгаар шийдэж байна.

Өнөөдөр Засгийн газар түүхий нүүрс түлэхийг хориглож зоригтой шийдвэр гаргаад ажиллаж байхад яагаад түүхий нүүрс түлдэг хуучин уурын зуухаар дулаан хангамжаа шийдэх дэд төвүүдийг барьж байгаа юм бэ?

Монголын дулаан хангамжийн холбооны инженерүүд Улаанбаатар хотын хойд, баруун хэсэгт цагт 100 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай буюу 3,4 дүгээр хорооллын хэмжээний орон сууцыг халаах хэмжээний 2 дулааны эх үүсвэрийг нүүрс түлдэггүй технологиор барьж ашиглалтанд оруулж төвийн дулаан хангамжийн системтэй холбож бие биендээ дулааны эрчим хүчийг экспорт, импорт хийх зарчмаар ажиллуулж гэр хороололд төвлөрсөн дулаан хангамжийг бий болгох тооцоо, судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ нь төвлөрсөн дулаан хангамжийг тэлэх, өргөтгөх бололцоотой шийдэл юм. Үүний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг дотоодын инженерүүд хийх бүрэн боломжтой байна.

Бие даасан эх үүсвэрийн үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчний өөрийн өртөг зардал нь өндөр, үр ашиг багатай байдаг тул цаашид бие даасан эх үүсвэрүүдийг төвлөрсөн дулаан хангамжийн системтэй холбож дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэж үр ашгийг дээшлүүлэх, нэгдсэн диспетчерийн удирдлаган дор нарийн горим ажиллагаатай ажиллуулах.

Монгол шиг хахир хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө хасах 30-40 градус хүрч хүйтэрдэг оронд дулаан хангамж гэдэг нь асар том стратеги байх учиртай. Хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэл хотдоо дулааны хангамжаа бүрэн шийдэж чадаагүй, нийслэлчүүдийнхээ мөн тал хувийг нүүрсэн галлагаар өөрсдөд нь даатгасаар ирсэн манайх шиг улс орон дэлхийд үгүй боллоо. Түлшний стратеги, цаашлаад дулаан хангамжийн стратегигүй, алсыг харсан ирээдүйн бодлогогүйгээр бид хэр удаан амьдрах вэ гэдгийг ярих цаг ирсэн биш үү? Улаанбаатар хотын 380 жилийн хөгжлийн сүүлийн 60 жилд нь  төвлөрсөн дулаан хангамжийг даган өнөөгийн орчин үеийн Улаанбаатар хот бий болсон бол ирэх 20 жилд гэр хорооллыг барилгажуулах стратегийг боловсруулж төвлөрсөн дулаан хангамжийг тэлэх, нүүрс түлдэггүй байгаль орчинд ээлтэй технологитой дулааны эх үүсвэрүүдийг барьж байгуулж хөгжих учиртай.

Төр засаг нь гэр хорооллыг дулаанаар хангах асуудлыг шийдэх, гэр хорооллын иргэд нь хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг төлдөг л байх зарчимд шилжицгээе.

 

Монголын дулаан хангамжийн холбооны тэргүүн

Төрийн шагналт, доктор                   Д.Бямба-Очир

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.