Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын конгресс Арменийн геноцидыг хүлээн зөвшөөрөх тогтоолыг дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын үнэмлэхүй олонх 20 дугаар зууны эхээр Оттоманы эзэнт гүрэнд Армени үндэстний эсрэг геноцид хэрэгжүүлснийг хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг дэмжжээ.

Төлөөлөгчдийн танхимын гишүүд уг шийдвэрийг 405:11 харьцаагаар дэмжсэн байна.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Оттоманы засгийн газар загалмайн шашинт 1.5 сая армени хүнийг хоморголон хядсан гэж олон түүхчид үздэг бөгөөд дэлхийн хэд хэдэн улс орон геноцид болсныг хүлээн зөвшөөрдөг.

Харин өнөөдрийн Турк улсын эрх баригчид энэ явдлыг Оттоманы засгийн газрын бодлогоор явуулсан ажиллагаа биш, иргэдийн хооронд болсон зөрчил мөргөлдөөний үр дүн гэж тайлбарладаг юм.

Үүнээс гадна амь үрэгдсэн Армени хүмүүсийн тоог хамаагүй бага байсан гэж үздэг.

Тогтоолын төслийг Калифорни мужийн төлөөлөгч, Ардчилсан Намын гишүүн Адам Шифф санаачилжээ. АНУ-ын мужуудаас Калифорнид Армени үндэстнүүд хамгийн олноор оршин суудаг юм.

Одоо тогтоолын төслийг дэмжих эсэхийг Сенатын танхим шийдэх ёстой.

Өчигдрийн санал хураалтын дараа Турк улсын гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу шийдвэрийг шүүмжилж, Сирид цэргээ оруулсан Турк улсаас АНУ “өшөө авлаа” гэж мэдэгджээ.

Арменичуудын эсрэг геноцид болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дараа АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Сирид явуулсан ажиллагааны шийтгэл болгон Турк улсын эсрэг тавих хоригийг 403:16 харьцаагаар дэмжжээ.

Дээрх хоёр шийдвэрийг Турк улсын үндэсний баярын өдөр гаргасан нь анхаарал татаж байна. Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр бүгд найрамдах улс байгуулагдсаны ойг Турк даяар тэмдэглэдэг юм.

 

Эх сурвалж: Reuters