Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Мөнхбат: Ямар ч их хэмжээний мөнгө миний хүүхдүүдийг орлохгүй

Э.Эрдэнэцэцэг, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Инээж хөгжилдөж байсан хүмүүс өнөөдөр зулын гол ороогоод сууж байна-

Улаанбаатарчууд бидэнд утаанаасаа салах юу юунаас эрхэм чухал. Гэхдээ үүнийхээ төлөө эрдэнэт хүний амь насыг хохироох учиргүй. Одоогийн байдлаар утаанаасаа салах гэсэн биш 600 орчим хүн угаартаж, найман хүний амийг золиослоод буй.

Шаардлага хангасан, стандартын зууханд сайжруулсан түлшийг түлэх ёстой, мөн хэрхэн галлах тухай хэн ч иргэдэд урьдчилж сануулаагүй. Тэгсэн атлаа бүх бурууг “Галаа түлж чадаагүй" гэсэн шалтгаанаар иргэддээ тохоод байгаа. Ийм Засгийн газар, сайд, төрийн албан тушаалтан, аж ахуйн нэгж байж болох уу?

Хэрэг явдал гарснаас хойш cap гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлснээс өөрөөр хэн ч амиа алдсан хүмүүсийн ар гэрээс уучлал гуйсангүй. Энэ бүхний гол буруутан “Тавантолгой түлш” компанийнхан иргэдээс уучлал гуйх нь байтугай тоож ч харахгүй, “Бид буруугүй” гэж мэлзэх болсон. Уг нь тэд одоо телевизүүдээр цацаад байгаа сайжруулсан түлшний талаарх мэдээллээ хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос өмнө гэр хорооллын иргэдэд хүргэх ёстой байлаа.

Сайжруулсан түлшнээс болж угаартаж, амиа алдсан хүмүүсийн уй гашууг юугаар ч хэмжих боломжгүй. Тэр дундаа хоёрын хоёр хүүгээ алдсан залуу гэр бүлийн гашуудлыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Бид сайжруулсан түлшинд угаартаж амиа алдсан хоёр хүүгийн өвөө Ш.Мөнхбат гуайтай ярилцсан юм. Бэлхэд байх гэрт нь очиход сайжруулсан түлшнээс болж, дахин ойр дотныхоо хэн нэгний амийг алдахгүйн тулд бүх хүүхдээ цуглуулан, дөрвөн айлын 12 хүн нэг дор амьдарч байгааг хэлсэн.

Хоёр хүүгээ алдсан залуу хос гэр бүл болоод тав гаруйхан жил болжээ. Тэд энэ сарын 27-нд хоёр хүүхдийнхээ даахийг үргээхээр төлөвлөж байхдаа ийм гунигт явдал тохиолдоно чинээ санаагүй.

Ш.Мөнхбат “Даахийг нь авах гэж байсан өдрийнхөө өмнөх өдөр 21 хоногийг нь хийгээд байж байх гэж дээ” хэмээн халагласан. Аавтай нь ярилцах оронд охин нь хэд хэдэн удаа өрөөнд орж ирсэн ч нулимсаа барьж дийлэлгүй гарсан юм. Харин аав нь биеэ барин зураг, бичлэг авалгүйгээр яриа өгөхийг зөвшөөрсөн. Тэрбээр мөн зээгийнхээ зургийг үзүүлээд “Ийм жаахан амьтан шүү дээ, миний хүү” хэмээн нулимсаа барьж ядан байлаа.

-Дурсахыг хүсэмгүй үйл явдлыг эргэн сануулж, сэтгэлийн тань шархыг хөндөж байгааг уучлаарай. Та тухайн үед юу болсныг ярьж өгөхгүй юү?

-Шөнийн 02:50 цагийн үед охин маань залгаад “Аав хүү уйлаад болдоггүй. Бас миний зүрх дэлсээд байна” гэсэн. Очиход охин, хоёр зээ маань ухаангүй байсан болохоор тэр даруй түргэн дуудахад 15-20 минутын дараа түргэнийхэн ирсэн. Намайг түргэн дуудах энэ хугацаанд зээгээ тэвэрч байсан эхнэр маань ухаан алдчихсан байлаа.

Түргэний эмч “Хоёр хүүхэд амьсгал хураажээ. Амьд байгаа хоёр хүнээ аваръя” гэсэн. Нэмж түргэн ирж, эмч нар зүрхэнд нь 30 минут массаж хийж байж, азаар амьд гарлаа. Хэрэв тэр үед энэ хоёр маань өнгөрсөн бол надад амьд явах шаардлага байгаагүй.

Би энэ насыг наслахдаа олон зүйл үзсэн. Гэхдээ үүн шиг зүйл үзсэнгүй. Уулзаад салснаас хойш хэдхэн цагийн дараа хүүхдүүдийнхээ хөрж амжаагүй цогцсыг шүүх эмнэлгийн машинд өргөж оруулна чинээ санаагүй.

Биднийг эмнэлэгт очдог өдөр Хордлогын төвд 30 гаруй хүн ирсэн. Эмч нар “Яасан хэцүү шөнө вэ” гэцгээж байсан. Энэ өдөр бас нэг хүн өнгөрсөн.

-Байшинд утаа униар байсан уу?

-Утаа униар гэхээр юм байгаагүй. Үл ялиг уксусархуу зүйл үнэртсэн. Эмч нар ирээд анх гайхаад, хүүхэн харааг нь шалгаж байж угаартсан гэдгийг мэдсэн. Ингээд эхнэр, охин хоёр маань сэхээнд орж, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хөл дээрээ босож чадахгүй гурав хонолоо. Эхний хоёр өдөр бол зовхио ч нээж чадахгүй байсан. Эмч нар биднийг угаартсан гэрт 14 хоног очиж болохгүй гэсэн.

-Эхнэр, охины тань бие гайгүй юу?

-Охин маань одоо болтол шокноосоо гарч чадахгүй, уйлж унжсан хүн байна. Бид яачих ч юм билээ гээд хэдэн зэрэг харж, ганцааранг нь хааш нь ч явуулахгүй, байнга дагаж явж байгаа. Эхнэрийн бие гайгүй. Гэхдээ одоо ч гэсэн эмнэлгээр явж байна.

Би өөрийгөө тухайн үед зүгээр гэж бодсон боловч хордсон байсан байна лээ. Тэсэхийн аргагүй муухай үнэртэй зүйлээр чөлөө зайгүй гүйлгэсэн. 80, 120-той байдаг даралт маань 200 хүрч, толгой байнга өвддөг болсон. Эм уудаггүй хүн чинь даралтны эм идэж байна. Даралтны аппарат хүртэл авлаа.

-Төр засгийн удирдлагууд та бүхэнтэй уулзсан уу?

-Хэн ч ирээгүй. УИХ-ын гишүүн З.Нарантуяа эх хүнийхээ хувиар, иргэний хувиар ирж уулзаад явсан. Тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэсэн. Тэд сонгууль болохоор орондоо орох уу, оймсыг чинь тайлах уу гэдэг хүмүүс. Үзэн ядаж байна, новшнуудыг. Хүмүүсийг амиа хорлочихсон мэт ярьж байна. Тэнэг хүн биш үхэхийн төлөө сайжруулсан түлш аваад, түлээд, яндангийн хаалт таглаад сууж байх уу. Үхэхэд гутлын үдээс л хангалттай.

Хүний амь ийм үнэгүй юм уу. Борог амьдралтай бид хүн биш үү. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшнээс болж хүн үхэхийг мэдэж байсан. Солонгост ч олон хүн үхсэн гэж мэдээлэл хийж байгаа нь жаахан ч атугай ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлгүйнх. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнгөрсөн жил ч гэсэн хүмүүс үхэж л байсан. Чи хаана байсан юм бэ” гэж сэтгүүлчийг загнасан.

Бид үхэх ёстой юм уу. Яаж ийм үг аманд нь багтаж байна вэ. Монгол Улс Энэтхэг, Хятад шиг олуулаа биш, цөөхөн хүн амтай. Төр барьж байгаа хүмүүст үнэхээр гомдож байна. Яагаад бидэнд сайжруулсан түлшний талаар, амь насанд аюултай гэдгийг урьдчилаад хэлчихэж болоогүй юм бэ.

Гэр хорооллын 200 мянган өрхөд мэдээлэл хүргэсэн гээд байгаа. Манайд бол юу ч ирээгүй. Яагаад энэ олон телевизээр хэрхэн, яаж хэрэглэх, ямар аюултай талаар ярьж болоогүй юм бэ. Бүхэл бүтэн айл гэрийн амьдралыг самарлаа. Амьдрах хүсэл алга, энэ хүүхдүүдэд.

-Сайжруулсан түлшийг ОХУ-д шинжлүүлсэн. Стандартын шаардлага хангасан, ахуйн зориулалтаар хэрэглэж болно гэсэн байна лээ?

-Би энэ хариунд итгэхгүй байна. Шаардлага хангахгүй байсан ч хэн нэгэн албан тушаалтанг хангалаа гэж ярь гэнэ. Үгүй гэвэл ажлаас нь халаад, өөр нэгнээр нь хэлүүлнэ. Тэдэнд эрх мэдэл, хөрөнгө хүч байна.

Харин бидэнд юу ч алга. Мао Зэдун “Ард түмэн бол юу ч бичээгүй цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно” гэж хэлсэн байдаг. Улс төрчид бидэнд яг ингэж хандаж байна. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Миний хамгийн их гомдож байгаа зүйл хүн үхэж болзошгүйг мэдсээр байж яагаад хэлээгүй юм бэ.

Одоо хэр нь тайвширч чадахгүй байна. Өдөр нь ажил төрөл хийгээд сатаардаг ч шөнө унтаж чадахгүй, хоёр хүүхэд бодогдоод байх юм. Энэ бол хамгийн том аймшиг. Тэд бидний зовлонгоор бизнес хийж байгаа биз.

-Та одоо сайжруулсан түлш хэрэглэж байгаа юу?

-Мод түлж байгаа. Хүйтрэхээр одоо яах юм, бүү мэд. Гал түлдэг өрөө маань тусдаа байдаг болохоор гайгүй байх гэж найдаж байна.

-Сайжруулсан түлшнээс дээж авсан байх. Цагдаагийнхан ямар нэгэн хариу өгсөн үү?

-Нэг уут, уутны тал түлш байсныг цагдаа нар аваад явсан. Юмыг яаж мэдэх вэ гээд би тэр түлшийг үнэрлэхэд ямар ч үнэр гараагүй. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цагдаагийн ерөнхий газраас надтай холбогдож, юу болсныг тодруулсан. Гэхдээ ямар нэгэн хариу өгөөгүй.

-Төр засгийн удирдлагуудад хандаж юу хэлэх вэ?

-Төр засгийнхан энэ бүхнийг бодож байгаа байх. Тэд бүгд дүүрчихсэн тэнэгүүд биш байлгүй. Ухаантай хүмүүс байгаа байх гэж найдаж байна. Сонгуулийн үеэр тэд бидний төлөө чөмгөө дундартал ажиллана гэсэн. Харин одоо чөмгөө дүүртэл л идсэн бололтой.

-“Тавантолгой түлш” компанийнхан ирж уулзаж, уучлал гуйгаагүй юу?

-Үгүй. Тэд үхэн үхтэлээ арьсаа хамгаална. Тэдэнд албан тушаал хэрэгтэй болохоос ард түмний амьдрал хамаагүй. Энэ гэрт нулимс, уй гашуу л байна. Инээж, хөхрөөд тоглоод сууж байсан хүмүүс зулын гол ороогоод байж байна.

Цардуул нэмсэнээр Тавантолгойн нүүрснээс ямар бодис гарахыг тэд мэдэхгүй байв л гэж. “Тавантолгой түлш” компани инженер, лабораторитой л байлгүй. Ямар ч түлшнээс утаа гарна. Гэхдээ энэ бол харагдахгүй, үнэртэхгүй химийн аюултай хорт бодис. Стандарт гэж ямар хэмжээтэй зуухыг хэлээд байгаа юм. Бид хүй нэгдлийн үеэс гал түлсэн биз дээ. Тийм байж буруу түлнэ гэж байх уу. Энэ бол арьсаа хамгаалах гэсэн л арга. Хэцүү үед 103-ынхан үнэхээр түргэн шуурхай ажилласан. Тэдэнд маш их талархаж байна.

-Эмчилгээний зардлыг та бүхэн хувиасаа гаргасан уу? 

-Хүн угаартаж хордсон тохиолдолд эрүүл мэндийн даатгал үйлчилдэггүй юм байна. Нэг өдрийн эмчилгээнд бид 500 мянга гаруй төгрөг зарцуулж байсан. Нэг хүний эмчилгээний зардал өдөрт 226 мянган төгрөг болсон.

Үүн дээр ор хоногийн мөнгө нэмэгдэнэ. Хүүхдүүдийг хөдөөлүүлэхээс хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Биднээр гомдолгүй гэж гарын үсэг зуруулсан. Энэ төрийн байгууллага, эмнэлэгт хүн чанар гэж байна уу. Бид хүүхдүүдийг хөдөөлүүлэхийн тулд эмнэлгээс гаргахаас өөр аргагүй болсон. Энэ хугацаанд гэрээр эмчилгээ хийлгэж, тариа орлох эм уусан. Таньдаг эмч маань ойрын нэг жилдээ охиныг жирэмсэн болж болохгүй, эмчилгээ сайн хийлгэхгүй бол тархины саажилттай болох магадлал өндөр гэж хэлсэн.

Энэ залуусын амьдралыг яах вэ. Залуу улс үхэлтэй нь биш, амьдрах л байх. Гэхдээ энэ гэр бүлийн гэрэл нь байхгүй боллоо. Би зургаан зээтэй. Хамгийн бага хоёр нь тэд. Манай гэр бүлийг тэд л хөгжөөдөг байсан. Яаж ч ядарсан тэднийг хараад ядаргаа маань арилдаг байлаа.

-Мэдээж таны зээ нарын амийг орлох зүйл энэ хорвоод үгүй. Гэхдээ та гомдол гаргах уу?

-Мэдээж гомдол гаргана. Гэхдээ 49 хоног нь өнгөрөөгүй байхад хэл ам, зарга хийгээд яах вэ. Ямар ч их хэмжээний мөнгө миний хоёр эрдэнийн дэргэд юу ч биш, 00-н цаас.

Төрсөн дүүгийн маань хүүхэд бас угаартсан. Хордлогын төвд ор байхгүй учраас Халдвар судлалд хэвтүүлсэн байсан. Ингэхдээ угаартсан гэж хүнд битгий хэлээрэй гэсэн байна лээ. Ажил дээрээ гал түлээд, толгой нь өвдсөн байгаа юм. Гэртээ ирээд шууд ухаан алдсан. Өмсөж яваа хувцаснаасаа угаартсан байна лээ. Улаанбаатарыг утаагүй болгох нь зөв. Гэхдээ энэ мэт хүмүүсийг “тоншоод” байвал эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ угаартсан хүмүүс бүрэн эдгэрэх эсэхийг ч мэдэхгүй байна.

Түүний ярианд “Үнэхээр гомдолтой байна. Хэлэх ч үг алга. Үзэн ядаж байна” гэх үг хэдэнтээ давтагдсан. Зээ нар нь түүнийг үнсээд, баяртай хэмээн гараа даллан явсныг тэр хамгийн сүүлчийн удаа гэж даанч мэдээгүй. Хэрэв мэдсэн бол яасан ч тэднийг явуулахгүй байсан юм.

Тэрбээр "Би тэр өдөр зад загнаад л тэр гурвыг гэртээ хонуулах байсан байна лээ. Хүн өөрийгөө л буруутгадаг юм байна. Тэр шөнө машинаа гарааш хонуулалгүй ил тавьсан учраас цаныг нь арилгах гэж хугацаа алдсан. Тав, арван минутын өмнө ч атугай очсон бол хүүхдүүд маань амьд байх байсан болов уу гэж харамсах юм. Амийг нь аварч чадах ч байсан юм билүү.

Охиныг утсаар ярихад хүү цаана нь уйлж байсан. Манай хүргэн тэр үед Дархан руу томилолтоор явсан байсан” хэмээн ярьсан. Хоёр хүүгийн бага нь өвөөгийн амин хайртай зээ байжээ. Утсаар ярихад л өвөөгөө санаад байна гэж уйлсаар авахуулдаг байсан хүү гэнэ. Өвөө нь ч түүний хувьд хамгийн хайртай хүн нь байжээ.

Ш.Мөнхбат “Би нөгөө ертөнц рүү явж байж л болсон явдлыг мартана. Би хүүхдүүдийнхээ ам руу ганц ширхэг ч эм хийж чадаагүй” хэмээн түүний хоолой зангирав. “Миний хүү уйлаад яах вэ” гэсээр охиноо тайвшруулна. Ийн нэгэн гэр бүлийн амьдрал амьдын тамд унажээ. Энд зөвхөн нус нулимс, уй гашуу л байна. Харин сайжруулсан түлш үйлдвэрлэгчид “Энэ бол хамгийн зөв сонголт” гэж түлшээ сурталчилсаар л...

Зураг