Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Исламын Улс бүлгийн удирдагчийн амьдарч байсан байгууламжийн балгасыг дроноор харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн Исламын Улс террорист байгууллагын удирдагч Абу Бакр Аль Багдадиг устгах ажиллагааг Сирийн баруун хойд нутагт явуулсан билээ.

Тэгвэл Туркийн Анадолу агентлаг түүний амьдарч байсан Сирийн Барисса суурингийн ойролцоох байгууламжийн балгасны зургийг дроноор авсан байна.

Аль Багдадиг устгасны дараа байгууламжийг АНУ-ын сөнөөгч онгоцнууд зургаан пуужингаар харваж, газартай тэгшилсэн юм. Террористууд удирдагчийнхаа амьдарч байсан байгууламжийг шүтээн болгохоос сэргийлж ийм арга хэмжээ авсан байна.

Ажиллагааны үеэр Аль Багдади гурван хүүхдийнхээ хамт газар доорх хонгилоор зугтахыг оролдсон ч мухардаж, биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн юм.

Дэлбэрэлтийн улмаас хонгил нурсан ч АНУ-ын тусгай хүчнийхэн нурангин дундаас Аль Багдадигийн цогцосны ихэнх хэсгийг цуглуулж, ДНХ шинжилгээгээр мөн болохыг нь баталсан байна.

Тусгайгийнхан Аль Багдадиг алагдсаны дараа тус байгууламжид хоёр цаг орчим хугацаанд ажиллаж, Исламын Улс байгууллагатай холбоотой баримт мэдээллүүдийг цуглуулсан гэнэ.

Үүний дараа тэднийг явахад сөнөөгч онгоцнууд байгууламжийг пуужингаар харважээ.

Эх сурвалж: Business Insider