Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Балбын уулчин хамгийн өндөр 14 оргилд долоон сарын дотор гарч, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Балбын уулчин Нирмал Пуржа дэлхийн хамгийн өндөр 14 оргилд долоон сарын дотор гарч чадсанаар дэлхийн дээд амжилтыг тогтоосноо өнөөдөр зарлажээ.

Түүний гарч чадсан 14 оргил бүгд далайн төвшнөөс 8,000-аас дээш метр өндөртэй юм. Пуржа өнөөдөр сүүлийн оргил болох Хятадын Шиша Пангмагаас дээд амжилтаа фэйсбүүк хуудсаар зарласан байна.

Өмнөх дээд амжилтыг 1987 онд дээрх 14 оргилд долоон жил, 11 сар, 14 хоногийн дотор авирч чадсан Польшийн уулчин Иржи Кукучка эзэмшиж байжээ.

Үүнээс жилийн өмнө Италийн домогт уулчин Рэйнольд Месснэр бүх 14 оргилд гарч чадсан дэлхийн анхны хүн болж байв.

Дараа нь Өмнөд Солонгосын Ким Чан Хо мөн адил 14 оргилд гарсан ч Кукучкагаас нэг сар илүү хугацаа зарцуулжээ. Онцлог нь тэр оргилуудад гарахдаа ганц ч удаа нэмэлт хүчилтөрөгч ашиглаж байгаагүй гэдэг.

Ким Чан Хо 1989 онд ууланд авирч байхдаа осолдож нас барсан юм.

36 настай Пуржагийн хувьд өмнө нь Британийн армид алба хаадаг Гурха дайчдын нэг байсан хүн.

Тэрээр эхний ээлжинд Аннапутра, Даулагири, Канченжунга, Эверест, Лхоце, Макалу оргилуудад нэг сарын дотор авирсан байна. Сарын дараа тэр Пакистаныг зорьж, 8,125 метр өндөр Нанга Парбат оргилд гарчээ.

Дараа нь тэр Пакистаны Гашебрум 1, Гашебрум 2, К2 оргилуудад дараалан гарсан байна.

Ингээд 23 хоногийн дараа Пуржа Пакистан-Хятадын хил дээр орших Хималайн “Broad Peak” оргилд хөл тавьжээ.

Ингээд хэсэг амсхийсний дараа Пуржа сүүлчийн дайралтаа есдүгээр сард эхлүүлж, Чо Оюу, Манаслу оргилуудад долоо хоногийн дотор гарсан байна. Өнөөдөр тэр дэлхийн хамгийн өндөр 14 оргилын сүүлчийнх нь болох Хятадын Шиша Пангмад гарснаар зорилгоо гүйцээжээ.

 

Эх сурвалж: AFP