Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украины өндөр настнууд Louis Vuitton брэндийн авдарт үр тариа хадгалж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Украины Мохнач нэртэй жижиг тосгоны оршин суугчид болох Александр болон Александра Сохранычийн гэр бүл олон арван жилийн турш Францын алдарт Louis Vuitton брэндийн авдарт үр тариа хадгалж байжээ.

Тэд ямар үнэ цэнэтэй эдлэлтэйгээ мэддэггүй байж. Тахианы тэжээлийг нь хуурай хадгалж чаддаг сайн авдар л гэж боддог байсан гэнэ. Нэг удаа тэднийд айлчлан ирсэн нэг хамаатан нь LV гэж ямар үнэтэй брэнд болохыг тэдэнд ярьж ойлгуулжээ.

Ингээд Сохранычийн гэр бүл авдраа орон нутгийн угсаатан судлалын музейд өгсөн байна. Музейн захирал Максим Булах авдрыг Киев дэх Louis Vuitton дэлгүүрийн мэргэжилтнүүдэд үзүүлж судлуулаад 1880-аад оны бүтээгдэхүүн гэж тодорхойлуулжээ.

Авдрын үнийг өнөөдрийн ханшаар $11,000 орчим гэж тооцоолсон байна. Гэхдээ ийм хуучны LV бүтээгдэхүүн дуудлага худалдаагаар $100,000 хүрч зарагдсан тохиолдол байдаг тул Булах авдрыг үнэ хүргэж, өндөр настай эздийнх нь амьдралд нэмэрлэхээр шийдсэнээ ярьжээ.

 
LV авдарны эзэд

LV авдрын гарлын талаар тэр хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Тухайлбал 1888 онд энэ тосгоны ойролцоо Оросын эзэн хааны галт тэрэг осолдож байж. Нийтдээ 30 орчим хүн амь үрэгдсэн энэ ослын үеэр аврах ажиллагаанд нутгийн тариачид оролцож байсан ба тэдний дотор Сохранычийн өвөг дээдэс байсан гэж таамаглажээ. Сайн ажилласны төлөө тариачдад зорчигчдын зарим эдлэлийг бэлэг болгон өгсөн байх магадлалтай гэнэ.

Уг галт тэргэнд Оросын эзэн хаан Александр III гэр бүлийн хамт зорчиж байсан гэдэг.

Бас нэг хувилбар нь дэлхийн хоёрдугаар дайны үед Европт байлдаж явсан цэргүүд буцаж ирэхдээ дайны олз болгон авч ирсэн байх боломжтой гэнэ.

Ямартай ч Сохранычийнхан LV авдарныхаа оронд одоо том ган тогоо тавьж, үр тариа хадгалдаг болсон байна.

Эх сурвалж: Russia Today