Мал ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө манай улсад 2018 онд батлагдсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр болсон байгалийн нөөцийн шавхагдах аюулыг цогц арга хэмжээ авч багасгахыг санал болгох зорилготой билээ.
Тэгвэл өнөөдөр зохион байгуулагдсан мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө (МААТХТ) хөрөнгө оруулагчдын форумын үеэр Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой байдалд тулгарч буй бэрхшээлийн талаар экспертүүд байр сууриа илэрхийллээ.
Тогтвортой ноос, ноолуур эвслийн Монгол дахь төлөөлөгч Б.Батхишиг: Орчин цагийн малчдын нийгмийн өнгө төрх, ахуйн соёл нь цаг үеэ даган шинэчлэгдэж байгааг бид мэднэ.
Сүүлийн гурван жил малчны хоршоо, нөхөрлөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг давхардсан тоогоор 50 гаруй малчны байгууллагад хийсэн Бэлчээр ашиглалтын зохистой байдлаар хийсэн үнэлгээнээс харвал 30 үзүүлэлтийн 10 нь малчны байгууллагуудад биелэгдэж байна.
Иймд мал аж ахуйн салбарт тулгамдаж буй бэрхшээлийн тухайд:
Мөн бэлчээрийн мал аж ахуйгаа зах зээлд холбохын тулд малчдын хоршоогоор холбогдох асуудал дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, малчны асуудлыг байгууллагын түвшинд ярих шаардлагатай. Сум, орон нутгийн хөгжил хоршоон дээр тулгуурлаж байж баялаг бүтээгдэнэ.
Бусад улс оронтой харьцуулахад энэ салбарт бодлого эрх зүйн орчин таатай гэж үздэг. Гэхдээ таатай орчныг хэрэгжүүлэх арга механизмыг гаргаж ирэх нь чухал юм. Үүний нэг арга нь малчдын хоршоог хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах явдал юм.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа: Түүхий эд, малын аюулгүй байдал, малын тоо толгой нэмэгдэж байгаа байдал, экспортын асуудал болон байгаль орчны асуудал нь монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж байна.
Тэгэхээр эхний ээлжид тогтвортой хөгжлийн зарчимаа эргэж харах шаардлагатай. Хэрвээ тогтвортой хөгжлийн зарчмаар ажиллаж чадвал эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үзүүлэлтүүдийг нэгтгэж шийдэх боломжтой.
Эдийн засгийн үр ашгаа ярьж байгаа бол байгаль орчноо доройтуулж болохгүй. Нийгмийн асуудлыг ярьж байгаа бол эдийн засгаа орхигдуулж болохгүй. Тиймд эдгээрийн уялдаа холбоог бий болгохгүй байгаа нь энэ салбарын хамгийн гол бэрхшээл гэж харж байна.
2009 оны үед болсон зуднаас хойш Монгол Улсын малын тоо толгой огцом өссөн. Тиймээс малчид эрсдлийнхээ эсрэг тэмцэж буй хэлбэр нь малынхаа тоог нэмэгдүүлэх арга болсон хэрэг. Хэрвээ нийгмийн хамгааллын тогтолцоо байсан бол малчид заавал малынхаа тоог нэмэгдүүлэх гэж зүтгэх биш бууруулах өөр арга замыг хайх боломж үүсэх байсан.
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Мал аж ахуйн салбарт тодорхой хөгжлийн үе шаттай явж байна. Мөн малын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд яригдах ёстой.
ХАА-н гаралтай экспортын бүтээгдэхүүнүүдээс махны экспорт огцом буурсан. Энэ жил 24 сая төл хүлээж авсан бөгөөд жил ирэх тусам малын тоо толгой нэмэгдэж байна. ХХААХҮЯ-наас тооцож, судалснаар бид жилд 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал бүх талын нөөц, малын тоо толгой тогтвортой явах боломжтой гэж гарсан.
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор Г.Ганзориг: Манай малчдын хувьд ажиллах хүчний уламжлалаа алдаад, зохисгүй болоод байгаа зүйл байхгүй. Нийгэм цаг үетэй холбоотойгоор уламжлалт соёл маань л бага зэрэг алдагдаж байгаа хэрэг.
Хамгийн гол тулгамдаж буй асуудал бол малчдын залгамж халаа юм. Шинэ гэр бүлүүд ихэнхдээ хот суурин газрыг зорьдог болсон. Хөдөөгүүр явахаар ганц бие залуучууд аав ээжтэйгээ малаа маллаад амьдарч байна. Иймд энэ хүний нөөцийн асуудлыг эргэн харж, залуу гэр бүлийг дэмжих, шинэ малчин залуучуудад амьдрах орчныг нь бүрдүүлж өгөх шаардлагатай гэж харж байна.
Мерси Корын Хөтөлбөр Хариуцсан захирал Марк Тассэ: Мал аж ахуйн салбарыг цогцоор нь харж чаддаг бодлого хэрэгтэй. Бид үхрийн махны чиглэлээр судлан ажиллаж байхад бүс нутаг өөрсдийн байсан. Иймд бүс нутагт тохирсон малын тэжээлийн онцлогийг гаргаж ирэх нь зөв байх. Мөн малын эрүүл мэндийн талаас нь анхаарал хандуулах шаардлагатайтул малчдыг энэ талаар сургах, зөв дадал эзэмшүүлэх байдлаар хийх ажлууд их бий. Мөн залуу малчдыг бэлдэх асуудал нь тулгамдсан асуудлуудын нэг гэж бодож байна.
Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний дагуу мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд дараах таван өргөн хүрээний зорилгыг дэвшүүлсэн байдаг. Үүнд,
Дээрх зорилгууд нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-тай уялдсанаараа давхар онцлогтой юм.
Энэхүү арга хэмжээг НҮБ, ХХААХҮЯ болон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрөөс хамтран зохион байгууллаа.