Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй барьсан идлэг шонхор Улаанбаатар руу оруулах гэж байгаад баригдав

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ байнгын шалгалт хийж байгаа юм.

Шалгалтаар идлэг шонхор шувуу тээвэрлэж явсан зөрчил илэрчээ.

Энэ талаар НМХГ "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид өчигдөр орой улсын дугаартай, Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож, ачаа тээшинд үзлэг хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлсэн.

 

Идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ" гэсэн мэдээллийг өлгөө.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД

7.5.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно:

7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

9.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:

9.2.1.шивэр хөтүү, дагуур ятуу, эрээнхавирга хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.8.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:

9.8.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх хуультай.