Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Арнольд Шварцнеггер, Лэброн Жэймс нар гэр орноо орхин ой хээрийн түймрээс зугтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужид дэгдсэн ой хээрийн түймэр өнгөрсөн шөнө салхины улмаас хүрээгээ тэлсэн байна.

Улмаар олон саяын үнэ өртөгтэй амины орон сууцнууд байрладаг Брэнтвүүд хотыг түймрийн утаа бүрхэж, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлжээ.

Брэнтвүүдэд Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид, продюсерууд, медиа компанийн эзэд, удирдлагууд амьдардаг. Мөн NBA-гийн од Лэброн Жэймс амьдардаг байна.

Лос Анжелес Лэйкерс багт тоглож байгаа Жэймс өнгөрсөн шөнө эхнэр, гурван хүүхдийн хамт автомашинаараа гэрээ орхин явж, толгой хоргодох газар хайж байгаагаа твиттер хуудсандаа бичжээ.

Сүүлд тэр хоноглох газар олсноо мэдээлсэн байна.

Лэброн Жэймс 2017 оны сүүлээр Брэнтвүүдэд найман унтлагын өрөөтэй амины орон сууцыг $23 саяар авсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Калифорни мужийн захирагч асан, жүжигчин Арнольд Шварцнеггер өнгөрсөн шөнө мөн гэрээ орхин дүрвэсэн байна.

“Хэрвээ та нүүлгэн шилжүүлэх бүсэд амьдардаг бол унтаад хэрэггүй. Даруй гэрээсээ явах хэрэгтэй” гэж тэр твиттер хуудсандаа уриалжээ.

Шварцнеггерийн шинэ уран бүтээл “Terminator: Dark Fate”-ийн нээлт Даваа гарагийн орой болохоор төлөвлөгдөөд байсан ч түймрийн улмаас цуцлагдсан юм.

“Agents of SHIELD” цувралын жүжигчин Клэрк Грэгг, “Sons of Anarchy” цувралын найруулагч Курт Саттер нар мөн орон гэрээ орхин дүрвэж байгаагаа мэдээлжээ.

Брэнтвүүдэд Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж буй сенатор Камала Харрис, Walt Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Игер, рэппер, продюсер Dr Dre нар амьдардаг юм.

Сан Францискогийн хойд талд оршдог Сонома усан үзмийн тариалангийн бүс нутагт түймэр шатаж эхлэхэд Калифорни мужийн захирагч Ням гарагт муж даяар онц байдал зарлажээ.

Даваа гарагт түймэр салхинд туугдаж, хяналтаас гарсан байна. Түймрийн эрсдлийг бууруулахын тулд Калифорнийн хамгийн том эрчим хүчний компани Pacific Gas & Electric Co олон зуун мянган хэрэглэгчийнхээ цахилгааныг салгасан байна.

Өнгөрсөн онд Калифорнийн түүхэнд хамгийн их хохиролтой ой хээрийн түймэр гарахад 86 хүний амь үрэгдэж байжээ.

 

Эх сурвалж: AFP