Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Курдийн тагнуул Исламын Улсын удирдагчийн дотуур өмдийг хулгайлсан нь цогцсыг баталгаажуулахад ашиглагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Исламын Улс террорист байгууллагын удирдагч Абу Бакр Аль Багдадиг устгасан АНУ-ын тусгай ажиллагааны талаар мэдээлэл сүүлийн өдрүүдэд тасрахгүй байна.

Тэгвэл Сири дэх Курдийн зэвсэгт бүлэглэл энэхүү ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн тухай албаныхан мэдээлжээ. Аль Багдади аюул тулгарвал хил давж зугтахаар Сирийн баруун хойд нутагт, Туркийн хилийн ойролцоо нуугдаж байсныг Курдийн тагнуулууд анх мэдээлсэн байна.

“Тавдугаар сарын 15-наас хойш бид Тагнуулын Төв Газартай хамтран Аль Багдадиг мөрдөж байсан. Манай нэг тагнуул байрлаж байсан байранд нь нэвтэрч, Аль Багдадигийн дотуур өмдийг хулгайлж чадсан юм. Хожим үүний тусламжтай ДНХ шинжилгээ хийж, Аль Багдадигийн цогцсыг 100 хувь баталгаажуулсан” гэж Курдийн зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгч Полат Кан мэдээлжээ.

Уг ажиллагааг бүр сарын өмнө төлөвлөөд байсан ч Дональд Трампын Сириэс цэргээ гаргах гэнэтийн шийдвэр саад болж, төлөвлөгөөг хойшлуулсныг тэр бас мэдээлсэн байна.

Курдын өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Аль Багдадигийн дэргэд аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан хүн хувийн өс хонзонгийн шалтгаанаар толгойлогчоосоо урваж, тагнах ажиллагаа гүйцэтгэж байжээ.

Аль Багдади баригдахгүйн тулд эцсийн мөчид биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж байгаа. Түүний цогцосны хэсгүүдийг цуглуулан тусгай лабораторид хүргэн ДНХ шинжилгээ хийж, баталгаажуулжээ.

Үүний дараа цогцсыг байрлалыг нь нууцалж байгаа далайн усанд хаясан тухай Пентагоны албаны хүн мэдээлсэн байна. 2011 онд Пакистанд АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны үр дүнд алагдсан Аль Кайдагийн тэргүүн Осама Бин Ладены цогцсыг ч ийм аргаар оршуулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian