2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
13:00
S30
-6°
14:00
S30
-2°
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°

Ч.Насантогтох: Олимпоос медаль авна, би огтхон ч эргэлзэхгүй байна

Н.Отгонбаатар, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 29
Үндэсний шуудан
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Насантогтох багшийн нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах олон хотын 11 дэх удаагийн тэмцээн Спортын төв ордонд боллоо. Энэ үеэр Насаа багштай уулзаж ярилцлаа.

-Таны нэрэмжит тэмцээн 11 дэх жилдээ боллоо. 2008 оны Бээжингийн олимпын жил анх зохиож байжээ?

-Бээжингийн 2008 оны олимпын дараа Өвөрхангай аймгийн засаг дарга, ЗДТГ-аас анх санаачлан Өвөрхангай аймагт шилдэг жүдочдын залгамж халаа болсон залуучуудын дунд тэмцээнийг зохион явуулж байхаар шийдвэрлэсэн.

Тэгээд 2008 оны аравдугаар сард анхны тэмцээнийг зохион явуулсан юм. Энэ жил 11 дэх удаагийн тэмцээнийг МЖБХ Улаанбаатар хотод явуулъя гэсэн санаачилга гаргасан. Үүнээс өмнөх арван тэмцээн Өвөрхангайд болсон.

-Энэ жилийн 11 дэх удаагийн тэмцээнийг олон улсын чанартай тэмцээн болгож зохион байгуулж байгаа юм уу?

-Уг нь олон хотуудын тэмцээн гэсэн нэртэй явагдаж байгаа. Гэхдээ нээлттэй тэмцээн гэж зарласан болохоор ОХУ-ын Якутаас болон Буриадын Улаан-Үд, Чита хотоос баг, тамирчид хүрэлцэн ирж барилдаж байгаа нь тэмцээний нэр хүнд, цар хүрээг тэлсэн сайхан үйл явдал боллоо.

Цаашид үргэлжлүүлээд олон улсын тэмцээн болгоё гэсэн санал санаачилгыг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, МЖБХ гаргаад байна. Ирэх жилээс олон тэмцээн болон явагдах байх гэж бодож байгаа.

-Бага насны охид барилдаж байгаа харагдах юм. Охидын хамгийн бага жин хэд вэ?

-Тийм ч бага жин биш л дээ. Охидын 40 кг-ын жингээс эхэлэн явагдаж байгаа. Залуучуудын дунд жүдогийн тэмцээн бараг л байдаггүй. Харин өсвөр үеийн тэмцээн их байдаг юм. Тийм болохоор залуучуудынхаа дунд явагддаг тэмцээнтэй болгохзорилготой. Энэ удаагийн тэмцээнээс эхэлэн олон улсын тэмцээнүүд ямар жингийн ангилал, дарааллаар явагддаг вэ. Яг тэр ангилал зарчмаар явагдах юм.

-Анхны тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс сайн бөх болсон нь хэр олон байгаа бол?

-Тэмцээн зохиогдсон 10 жилд олон сайн тамирчин төрөн гарсан. Жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн ихэнх тамирчид энэ тэмцээнд барилдаж явсан хүүхдүүд бий. Тийм болохоор энэ тэмцээн чансаа, чанарын хувьд үнэхээр сайн болж байгаа.

-Дэлхийн жүдо бөхийн өдөр энэ тэмцээн эхэлсэн нь өвөрмөц онцлогтой байна уу?

-Тийм шүү. Өнөөдөр “Дэлхийн жүдочдын өдөр” юм. Жүдо бөхийг анх санаачлан, хөгжүүлж, дэлхий дахинд түгээсэн Япон Улсын иргэн Жигоро Кано гэдэг хүний төрсөн өдөр. Энэ хүний төрсөн өдрийг ОУЖБХ-оос дэлхийн жүдочдын өдөр гэж тэмдэглэдэг уламжлал болгон тогтоогоод байгаа. Сая манай жүдогийн ахмад бөхчүүд, шилдэг тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жүдочдын өдөрт зориулан мод тарилаа.

Манай Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар гээд бүх шилдэг тамирчид, дэлхийн аваргууд ахмадуудтайгаа цуг мод тарьсан нь сайхан байв. Мод тарьсныхаа дараа энэ тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Мөн үүнээс гадна өөр нэг онцлог үйл явдал гэвэл 1989 онд Монголын тамирчид Югослав улсын Белград хотод жүдо бөхийн 16 дахь ДАШТ болсон.

Тэр дэлхийн аваргын тэмцээний 95 кг-ын жинд Монгол Улсын анхны мөнгөн медалийг О.Балжинням аварга хүртэж байлаа. Гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд анхны хүрэл медалийг хүртэж байв. Үүний дараа 2009 онд Х.Цагаанбаатар анхны дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байсан. Х.Цагаанбаатарын дэлхийн аварга болсны 10 жилийн ой мөн тохиож байгаа юм. Өнөөдөр шавь нартайгаа, Монголын жүдо бөхийн анхдагч бөхчүүдтэйгээ хамтарч тэмцээн зохион явуулж байгаадаа таатай байна.

-Та самбо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан. О.Балжинням аварга, Д.Баттулга нар самбо бөхийн шигшээгийн тамирчид байхдаа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын анхны мөнгө, хүрэл медалийг хүртсэн байх аа?

-Намайг Оросод сургууль төгсөж ирэх үед самбо, жүдо бөхийн шигшээ баг хамт байсан юм. 1985, 1986 оны үеэс эхпэн самбо, жүдо бөхийн шигшээ баг салж, нийлж явсан. 1987, 1988 оноос шигшээ баг болон хоёр салсан түүхтэй.

Манай жүдогийн олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн бөхчүүд бүгд самбо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид байдаг юм. Н.Түвшинбаяр, X.Цагаанбаатар, Д.Сумьяа, Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, Д.Төмөрхүлэг, Д.Цэрэнханд гээд манай жүдогийн шилдгүүд самбо бөхийн дэлхийн аваргууд байгаа.

Энэ хоёр барилдаан Монголд амжилттай хамтдаа хөгжиж дэлгэрсэн. Жүдо бөх олимпын төрөл болохоор самбочид амжилтаа, ирээдүйгээ бодоод жүдо бөх рүү хошуураад байна л даа. Жүдо бөх олимпын төрөл болохоор шигшээ баг улсын төсвөөс санхүүжиж, цалин, ахуй, хангамж нь самбо бөхөөсөө арай илүү болохоор тамирчид амьдралаа, амжилтаа боддог болжээ.

-Ямар ч спортын төрлийн хөгжил тодорхой хугацааны дараа уналтад ороод сэргэдэг тал байна уу. Энэ жилийн дэлхийн аваргад жүдочдыг амжилт муутай оролцлоо гэж шүүмжлэх боллоо. Шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би үүнийг жүдо бөхийн амжилтын уналт гэж харахгүй байна. Жүдо бөхөөр хичээллэж байгаа хүүхэд, залуучуудын тоо их болсон. Жүдо бөх Монголд маш амжилттай хөгжиж, дэлгэрч байгаагийн гэрч энэ мөн.

Жүдо бөхөөр хичээллэгсэд олон болсон нь олимп, дэлхийн аварга тамирчид төрөн гарсны гавьяа. Жүдочид энэ жилийн дэлхийн аваргад амжилт тааруутай оролцсон тал бий. Гэхдээ энэ тийм удаан үргэлжлэхгүй байх. Нэг их удахгүй сэргээд л гараад ирнэ. Самбо, жүдо бөхийн аль ч төрлөөр манай тамирчид өмнөх шигээ амжилт гаргана.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин самбо бөхийн хөгжлийг түргэтгэх зорилгоор олимпын хөтөлбөрт оруулах гэж ОУОХ-ны удирдлагуудтай яриа хэлэлцээр явуулж байгаа юм билээ. Сүүлийн гурван жилд самбо бөх дэлхийд маш хүчтэй хөгжин дэлгэрч байгаа. Тэмцээн уралдааны чанар чансаа ч өссөн байна. Монголын жүдо бөхийн холбоо олимп, дэлхийн аваргатай.

Дэлхийд эхний тавд бичигдэх бүрэн чансаатай баг. Аль ч орны багт дэлхийн аваргаас медальгүй ирэх, амжилт буурсан юм шиг харагдах үе бий. Япончууд 2008 оны олимпоос ганцхан алтан медаль хүртэж байлаа. Хятадаас гурван олимпын аварга төрж байв. Гэтэл хятадууд сүүлийн жилүүдэд ДАШТ-ээс медаль авч чадахгүй яваа. Аль ч оронд ийм цаанатай, наанатай бэлтгэлжилтийн уналт, сэргэлт байдаг.

-Та олимпын дараа Хятадын шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан бил үү?

-Өвөр Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар 2012-2016 он хүртэл ажилласан. Дөрвөн жилд нэг удаа бүх хятадын спортын их наадам гэж явагддаг юм билээ. Өвөр Монголчууд нэг удаа түрүүлж үзээгүй байсан.

Миний дасгалжуулсан 2-3 жүдочин бүх хятадын аварга тамирчин болсон. Үүний дараа олимпын наадамд хоёр хүүхэд оролцсон. Өвөр Монголын жүдочдын чадвар өссөн. 2016 онд гэрээ дуусаад Монгол Улсдаа ирж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Х.Болдбаатар багш та хоёр цуг ажиллаж байв уу. Таны дараа Х.Болдбаатар багш Өвөр Монголд очсон юм уу?

-Хоёр жил болсны дараа очсон. Тэгээд Х.Болдбаатар бид хоёр хамт ажилласан.

-Олимп ойртсон үед жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдыг сольсон нь хэр зөв алхам бэ. Энэ богино хугацаанд амжилт гаргах тамирчдыг бэлтгэх хэцүү даалгавар байх. Та үүнийг юу гэж бодож байна?

-Аливаа юманд хариуцлага гэж байх ёстой. Шигшээ багийн хуучин дасгалжуулагчид хариуцлагаа хүлээж ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ бол буруу зүйл биш. Харин ч хариуцлагаа ухамсарласан бусад спорт холбоодод үлгэр жишээ болох халаа, сэлгээ болсон. Одоо тавигдсан дасгалжуулагчид хуучин шигшээ багт ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Х.Болдбаатар, П.Нямлхагва нар бол асар туршлагатай.

Олимп, дэлхийн аваргуудыг тэд бэлтгэн гаргасан. Өөрсдөө тэд тамирчин байхдаа дэлхийн шилдэг өрсөлдөгч бөхчүүд байв. Тасралтгүйгээр дасгалжуулагчаар ажиллаж байсан. Би шигшээ багийн залуу дасгалжуулагч нарын багт үнэхээр итгэж байгаа. Шаардлага сайтай, хатуу, зарчимч буурь суурьтай сайн дасгалжуулагчид шигшээ багт удирдаж байна.

-Шинэ дасгалжуулагч нарын бэлтгэсэн тамирчид дараа жилийн олимпоос медаль хүртэнэ гэдэг та итгэлтэй байна уу?

-Олимпоос медаль авна. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна.

-Манай улсын эмэгтэй хүнд жингийн бөхчүүд сүүлийн жилүүдэд дэлхийд сайн өрсөлдөгчид байж чадахгүй байна уу?

-Гавьяат Д.Цэрэнхандаас хойш манай эмэгтэй хүнд жингийн амжилт жаахан буурсан тал бий. Манай улс хэдэн хүн амтай билээ. Японд таван сая, Францад долоон сая хүн жүдо бөхөөр хичээллэж байна. Зөвхөн клуб гэхэд 400 гаруй байдаг. Бүх дээд сургуулиуд нь жүдогийн клубтэй. Кадокон, Будаканы их сургууль гэж бий. Хичээллэгсдийн тоо үүнтэй шууд холбоотой гэж хэлж болно.

Хүнд жингийн бөхчүүдийн бэлтгэл хангагч цөөн байгаа. Одоо эмэгтэй хүнд жингийн бөхчүүдийн гаргаж байгаа амжилтыг голж болохгүй. Боломжийнхоо хэрээр өрсөлдөж байна. Ер нь бол холбооны хөгжлийн бодлого байгаа байх.

x