Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Биенээ хөглөсөн бизнесмэн ХОС

ikon.mn
2019 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Гэр бүл бол хамгийн том хүч. Хайр халамж, бие биенээ гэх тэмүүлэл, ирээдүйгээ бүтээх их хүчний нэгдэл юм. Тэгвэл Бизнесийн салбар тэр дундаа Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын салбарт хүч үзэж буй хосуудтай амжилт, урам зориг, эрч хүч, хэрхэн хамтдаа зүтгэж буй талаар ярилцлаа.

Ганц мод гал болдоггүй

Ганц хүн айл болдоггүй гэдэг шиг. Бизнесийн салбарт ганцаараа хүчин зүтгэх нь бэрх даваа байдаг.Тэгвэл таныг хэнээс ч илүү сайн ойлгож дэмжин ажиллах хамгийн үнэнч хамтрагч бол таны гэр бүлийн хүн. Хамтын хичээн зүтгэлээр,нэг нэгнээ дэмжиж, хурцалж чадвал хэрхэн амжилтанд хүрч болдогийг танд дараах ярилцлага, нийтлэлээрээ хүргэж байна.

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани Монголд албан ёсоор нээлтээ хийлээ гэх дуулиан олны анхаарлыг татаж байсан цаг хугацаа 2015 он. Ингэж Монгол Улс RE/MAX-тай болж улс дотроо франчайз эрх олгох төв оффисийг байгуулав. Тэндээс франчайз эрх авч Монгол дахь RE/MAX-ийн тав дахь брокер оффисийг нээсэн бизнесмэн хосууд болох М.Мандах, Ч.Ариунжаргал нартай ажил амьдрал болоод улирч одсон цаг замын аясад өгсөж уруудсан амжилт, алдаа онооны талаар хуучиллаа. Тэд RE/MAX Mongolia-ийн анхдагчид.

 

Төрийн албаа, улстөрөө ч орхиод үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан

-Өнөөдөр бол танай гэр бүл RE/MAX-ийн “бүтээгдэхүүнүүд”. Харин RE/MAX-тай ажил амьдралаа холбохоос өмнө хэн байв? Эндээс яриагаа эхлэе?

Ч.Ариунжаргал – Бид RE/MAX гэх их айлд бүл нэмэхээс өмнө арав гаруй жил бизнес эрхэлж байсан. 2004 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр “АржМаМөнх” компанийг байгуулсан юм. Энэ нэр утгатай. 2003 онд хүү маань төрөөд ой хүрэх жил нь бид компаниа байгуулсан учраас өөрийнхөө нэрний Арж-Ариунжаргал, нөхрийнхөө нэрний Ма-Мандах, хүүгийнхээ нэрний Мөнх-ийг оруулаад хоёулаа ярилцаж байгаад “АржМаМөнх” хэмээн нэрлэж байлаа. Бидний бизнес ингэж эхэлсэн. Үүний дараа хүүхдийн зуслан, амралтын газар ч ажиллуулж үзлээ. Хүүхэдтэй харилцах ажил маш их хариуцлага дагуулдаг. Би бизнесээ хариуцна. Нөхөр маань гадаадаас том автомашин оруулж ирж борлуулна. Сүүлдээ би шантарсан. Хүүхдүүдээ яах билээ, бизнесээ яах билээ. Стрессдсэн, хүрээллээ өөрчилмөөр, өсч дэвжмээр ч санагдсан. Дараа нь нөхөр маань төрийн албанд хүчин зүтгэлээ. улстөр ч хүч үзлээ. Хан-Уул дүүргээс 2008 онд бие даан нэр дэвшээд торойтол гараад ирсэн ч өнөөх л улстөрийн бохир тоглолт явагдаад дарагдсан. Ингээд л хоёулаа төрийн албаа, улстөрөө ч орхиод үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан даа. Одоо бодоход бурхан биднийг үл хөдлөхийн бизнес рүү л алсуурхан залуурдаад байсан шиг санагддаг юм /инээв.сур/.

 

-REMAX-аар овоглох болсон он жилүүдийг эргээд нэг дурсвал?

М.Мандах -2015 оны аравдугаар сард RE/MAX монголд нээлтээ хийхэд бид хамт байсан. Дараа нь 2016 онд хамтдаа АНУ-д очиж үзээд үнэхээр шилдэг бренд, ирээдүйтэй бизнесийн салбар байна гэгдийг олж харсан. Ингээд жилийн хугацаанд судалгаа хийгээд 2016 оны аравдугаар сарын 5-нд RE/MAX PARTNER оффисоо нээж RE/MAX-ийн монгол дахь тав дахь фрайнчайз эрхийг эзэмшигч боллоо. Эхлээд бид өөрсдөө ч ойлгоогүй. Бидэнд дэврүүн мөрөөдөл л байсан даа. Өөрсдөө залуу хүмүүс учраас таньдаг хүнээ ажилд авахгүй. Зөвхөн хөгжье, хамтдаа ажиллая гэсэн залуусыг л авч ажиллуулна гээд зориг шулуудчихсан хайгаад л байлаа. Бидний хүссэн агент оддолгүй бүтэн нэг жилийг хий дэмий алдаж оффисоо нээснээс хойш жилийн дараа уналтад орсон. Гэсэн ч хоёулаа дахиад эхэлсэн. Хоёулаа хамтдаа ажиллахын сайхан нь магадгүй энэ. Эхнэр минь хажууд байгаагүй бол эхнээс нь дахиад эхлэх зориг надад төрөөч үү. Энэ бизнесийг амжилтад хүргэхийн тулд бид маш сайн боловсон хүчин, бизнес сэтгэлгээг бэлтгэх учиртай юм байна. Уламжлалт арга барил биш, энэ бизнесийг ойлгосон хүн л надад хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод дахиад хүмүүсээ шинэчилж авсан.  Одоо бол нэлээд туршлагажиж боловсрогдсон боловсон хүчнүүдийн төлөөлөл манай оффист ажиллаж байна.

 

Ч.Ариунжаргал – Бид хоёр АНУ-д 45 жил туршигдчихсан фрайнчайзыг монголд хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. RE/MAX монголын уламжлалт компаниас тэс өөр бизнес. Энэ бол ажилтан аваад, хөдөлмөрийн гэрээ хийгээд, цалинжуулаад “чи энийг хий” гэдэг бизнес биш. Анх зөвхөн агент элсүүлэхэд өдөрт маш их цаг зарцуулж байлаа. Олон улсын компани учраас маш олон хүн сонирхож 100, 100-н анкет ирдэг байсан. Ярилцлага хийгээд өдөр цайндаа ч гарч чадахгүй яриад л, тайлбарлаад л байна. Миний ам цангавал нөхөр минь үргэлжлүүлж яриад л, нөхөр ядарвал би яриад л /инээв.сур/. Нэг хүнд цаг 30 минутыг зарцуулж тайлбарладаг байлаа. Гэвч би цалин өгч чи ажиллахгүй. Та бид хоёр хамтрая гэхэд түүнийг хүлээж авах залуус ховор байсан. RE/MAX-ийн брокер оффис нь цаашаа агентуудтайгаа гэрээ байгуулж ажилладаг. Агентууд (Реалтор) нь ажилтан бус бие даасан бизнес эрхлэгч юм. Агентуудыг бид ажиллах орчин, сургалт, бичиг материалаар хангаж тэд бие даан ажилладаг гэсэн үг. Одоогоос гурван жилийн өмнө энэ бизнесийг асар хурдан ойлгох хүн ховор байлаа. “Би танайд ажиллаж байж цалин авахгүй. Тэгсэн хэр нь программын төлбөр төлөх юм уу гээд гайхаж асууна. Олон улсын компанийн ажиллах зарчим тэс өөр, үүнийг хүлээж авах хүн ховор байсан учраас агентаа хайсаар эхний нэг жилийг алдсан. Хоёр дахь жилээс үйл ажиллагаа жигдэрч байлаа. Үл хөдлөхийн бизнес тэр дороо саалийн үнээ шиг өгөөжөө өгдөг бизнес биш. Урт хугацаанд амжилтад хүрдэг бизнес. Би үл хөдлөхийн салбарт яагаад татагдсан бэ гэхээр энэ бол хүнийг сургадаг бизнес. Хэдий чинээ өндөр мэдлэг боловсролтой байна төдий чинээ өндөр борлуулалт хийнэ гэж үздэг. Тиймээс хүнийг хөгжүүлдэг. Бас стресс үгүй, аз жаргалтайгаар хийх ажил. Ажилдаа дуртай байж амжилт гаргадаг. Тиймээс REMAX бол яах аргагүй дурлахаар ажил.

 

“Хамтдаа сэтгэлээр унана, хамтдаа эргээд босно, биенээсээ суралцана”

-Урлагийн хосууд биенээ маш сайн ойлгодог гэдэг. Харин бизнесийн салбарын хосуудын ажил, амьдралын онцлог юу вэ? Хамтдаа ажиллах сайхан биз?

Ч.Ариунжаргал -Хамтдаа нэг зорилгын төлөө харж ажиллах сайхан шүү. Нэг нь гадагшаа явахад нөгөөх нь орлочихдог. Нэг нь сэтгэл санаагаар унахад нөгөөх нь дэмжээд өргөөд босгоод ирдэг. Нэг тархи ажилласнаас илүү хоёр тархи ажиллах нь хэд дахин үр өгөөжтэй. Гэр бүл нэг зорилготой байх таалагдаж байгаа /инээв.сур/. Миний чаддаг зүйлийг Мандах чадна. Мандахын чаддаггүй юмыг би чаддаг байх жишээтэй. Миний хувьд агентуудаа сургах зэрэг ажлыг хариуцдаг бол манай хүн алсын бодлоготой ажлаа аваад явчихдаг болохоор илүү амар.

М.Мандах – Хэн хэнээ нөхнө гэдэг хамгийн сайхан. Хамтдаа ажиллах цаг хугацааны хувьд их том боломж. Хэрэв бид дарга, цэргийн журмаар ажилладаг бол өглөө 09.00-өөс орой 18.00 цаг хүртэл ажиллаад л орой гэртээ л уулзана. Тэгэхэд хамтдаа ажилладаг учраас харих замдаа түгжрэлд ярилцчихна. Орой очоод, шөнө босоод ч ярилцаж болно /инээв.сур/. Ярилцаж чаддаг хосуудын харилцаа улам батжиж бөхжиж байдаг гэдэг дээ. Энэ хамтдаа ажиллахын нэг давуу тал. Бас амьдрал дардан биш хойно эрсдэл гарсан ч хамтдаа хүлээчихнэ. Ашиг орлого олвол хамтдаа баярлана. Хамтдаа сэтгэлээр унана, хамтдаа эргээд босно.  Бие биенээсээ суралцана. Энэ л сайхан.

-Хамтдаа нэг их хөөрч, догдолж байсан нь хэзээ бол?

-Би RE/MAX-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал байснаа 2017 онд агент болсон. Тухайн оны төгсгөлд байгууллагын шинэ жилээ тэмдэглээд сууж байтал топ 10 агентийг нэрлэсэн. Би зургаахан сарын хугацаанд топ агент болно гэж төсөөлөө ч үгүй хоолоо идээд л сууж байлаа. Тэгтэл “REMAX PARTNER Ариунжаргал” гээд л зарладаг юм байна. Тэгэхэд би маш их баярласан. Нөхөр маань ч “Оффисынхоо нэрийг гаргалаа” гээд их хөөрсөн. Хайртаа хүнээ баярлаж, өөрөөр минь бахархаж байгааг харах сайхан шүү дээ.

М.Мандах –Тэр шинэ жилийн тухай яръя л даа. Өөрийн оффисынхноо “манайх ч шалгарахгүй дээ” гэж сэтгэл дундуурхан бодоод сууж байтал эхнэр маань 500 агентаас шилдэг аравт багтсан нь маш том амжилт байсан. Үүнээс маш их урамшсан шүү. Хоёр жилийн өмнө манайхаас шилдэг болох хүн байхгүй дээ гээд бодож суусан бол харин өнөөдөр 2019 онд хагас жилийн тайлангаар манай оффисын хоёр ч хүн топ 10-т шалгарсан байна. Энэ л минйи ажлын амжилт. Би ер нь агентуудаараа үргэлж бахархаж суудаг хүн л дээ. Тэдний гүйлгээ гаргаж байгаа, ажиллаж байгааг харах сэтгэлд их гоё. Анх 2016.05.05-нд оффисоо нээгээд хөөрч явлаа. Энэ онд 2019.07.07-нд хоёр агентаа топ продюсер болгоод маргааш нь RE/MAX  LUXURY оффисоо нээгээд сэтгэл дүүрчих шиг болсон. Орой нь хоёулаа том ажлын ард гарсан шиг санагдаад бие биедээ баяр хүргээд ярилцаж суусан. Цаашдаа олон баярлах үйл явдал тохиох болов уу. Энэ бол дөнгөж эхлэл.

-Гэргий тань жигүүр дэлгэж RE/MAX-ийн дахин нэг шинэ оффисийг “өлгийдсөн” гэв үү?  

Ч.Ариунжаргал -Миний хувьд 2016 онд Лас-Вегаст очиж хуралд оролцохдоо RE/MAX COLLECTION гээд тансаг зэрэглэлийн оффис байдгийг мэдсэн. Тиймээс өөрийн орондоо энэ салбарыг нээх алс хэтийн зорилго өвөрлөөд тэндээс буцсан юм. Агент хийж байх хугацаандаа Luxury зэрэглэлийн буюу өндөр дүнтэй орон сууц, объектон дээр түлхүү ажилласан. Үйлчлүүлэгчид маань надад маш их урам өгдөг байлаа. “Би чиний тусламжтай маш гоё байр авсан. Баярлалаа. Цаашдаа ийм объект, байр авмаар байна чи туслаач, зөвлөгөө өгөөч” гэнэ. Энэ бүгдээс зах зээлд тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт хэрэгцээ байгаа юм байна гэдгийг ойлгосон. Энэ хэрэгцээ шаардлагын дагуу RE/MAX LUXURY оффисоо нээгээд гурван сар болж байна. Өндөр дүнтэй орон сууцыг зарахад хүч хөдөлмөр, маркетинг, мэдлэг нэлээд юм шаарддаг. Тиймээс LUXURY оффис хүлээлт ихтэй байж. Одоогоор манай оффис найман агенттай ажлаа явуулж байна. Энэ оффис маань зөвхөн өндөр дүнтэй орон сууцан дээр үйл ажиллагаа явуулдаг тусгай хэрэгцээтэй оффис юм. Үүний брокер эзэмшигчээр ажиллаж байгаадаа маш их баярлаж байна. Энэ бүхэнд нөхрийн маань хайр халамж туслалцаа маш их байсан. Үүнийг дурдахгүй байж болохгүй юм. Чамдаа баярлалаа.

 
 

“REMAX хүмүүст боломж л олгодог. Боломж нь мэдээж орлого”

-Таны бизнес танд болоод бусдад ямар ашигтай вэ?

М.Мандах -REMAX хүмүүст боломж л олгодог. Боломж гэдэг мэдээж орлого. Бас сурах, олон улсад гарах, цагийн менежмент байна. Би залуустай ярилцлага хийхдээ өнөөдрийг биш 3-5 жилийн дарааг хараарай. Тэгвэл чамд маш их боломж бий гэж зөвлөдөг. Харамсалтай нь залуус өнөө маргаашаа харах нь элбэг. Сайхан залуус гараад явахад харамсдаг. RE/MAX-ийн хамгийн гоё нь юу гээч. Агентууд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой аваад маш тайвнаар ажлаа хийх боломжтой байдаг. Энэ цагийн менежмент одоо нийгэмд маш их хэрэгтэй байх шиг санагддаг.

-Өмнө нь байр зарах шаардлага гарвал фэйсбүүкт л зар тавьдаг байлаа. Харин одоо RE/MAX-т ханддаг хүн олон болжээ. Шалтгаан нь мэргэжлийн байгууллага гэж үнэлдэг. Тэгвэл мэргэжлийн байгууллага хэрхэн ажилладаг вэ? Энэ тодотголын ард ямар үйл ажиллагаа явагддаг бол?

М.Мандах -Би байраа зарах боллоо. Өөрөө зар сурталчилгаагаа өгнө, байршуулна, утасдана. Ажлаа хийгээд сууж байхад хэн нэгэн холбогдоод үзье, харья, ярьж хөөрье гэнэ. Захиралдаа загнуулаад, сэмхэн худлаа хэлээд байраа үзүүлэхээр гарна. Эхний нэг хүн авахгүй гэнэ. Дараагийн хүн дахиад үзье гэж дуудлаа, гараад очлоо, татгалзлаа. Энэ үйлдэл хэд давтагдахыг мэдэхгүй. Энэ том асуудал биш байж болно. Харин хамгийн том эрсдэлээ хүмүүс анзаардаггүй. Тэр юу вэ гэхээр хувийн орон сууц, хувийн орон зайдаа танихгүй хүмүүсийг оруулж ирээд суулгачихдаг. Дараа нь чи тэр байранд амьдардаг байсан гэх зэргээр хувийн нууцаар тоглолт хийх эрсдэл бий. Энэ бол маш том эрсдэл. Үүнийг хэн ч хардаггүй. Тэгэхээр та тайван ажлаа хий. Харин байраа зарах ажлыг мэргэжлийн хүмүүст нь даатгаад орхихыг л бид зөвлөдөг. RE/MAX таныг худалдан авагчтай уулзуулахаас өмнө бүгдийг судална. REMAX-аар байраа заруулах тохиолдолд худалдан авах хүсэл сонирхолтой хүмүүсийг судлаад байрны эзнийг хүн бүртэй уулзах биш эцэстээ нэг л хүнтэй уулзуулдаг. Өдөрт таван хүнийг эзэнтэй нь уулзуулаад буцаагаад байж болохгүй. Тиймээс худалдан авах магадлал өндөр хүнтэй нь эзнийг нь холбодог. Хүндрэл, эрсдэлтэй байвал зөвлөгөө өгнө. Бид ингэж л ажилладаг. Манай монголд “заавал эзэнтэй нь уулзана” гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Гэтэл АНУ-д өмчлөгч хэзээ ч худалдан авагчтайгаа уулздаггүй. Түүний өмнөөс RE/MAX-ийн агент Мандах ажлыг нь хийгээд эзний дансанд мөнгө нь шилжээд орчихдог, улсын бүртгэлийн гэрчилгээ нь худалдан авагчын нэр дээр шилжчихдэг. Энийг л бид хийе гээд байгаа юм.

Ч.Ариунжаргал –Би агент хэрхэн ажилладаг тухай ярья. Агентаар сонгогдсон залуу хамгийн эхлээд брокертой гэрээ хийж, гурван шатны ярилцлаганд ордог. Ярилцлаганд орсны дараа тэнцсэн тохиолдолд хамтран ажиллах гэрээ хийнэ. Сургалтад хамрагдана. Дараа нь олон улсын сүлжээнд нэгдэх ID-гаа авна. Ингэж мэргэшсэн агентуудаар үйлчлүүлсэн тохиолдолд эрсдэл багасдаг. Өөрөөр хэлбэл зах зээлээс хэт үнэтэй үл хөдлөх худалдан авах зэрэг аливаа санхүүтэй холбоотой эрсдэлээс REMAX-ийн агент хамгаалдаг. Үйлчилгээ авч байгаа хүмүүс үнэ цэнийг нь мэдэрч байгаа болов уу гэж бодож байна. Илбийн юм шиг бүтчихлээ гээд эргээд талархал сонсох сайхан. Мэргэжлийн гэдэг тодотголын хувьд 50 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авахдаа манайхан ах, дүү, хамаатан садан бүгдээс асуудаг. Тэд “ав ав, гоё байр” гэнэ. Орсны дараа цонх нь наран талдаа биш ч юмуу, байрлал, зогсоол зэрэг нь сэтгэлд нь нийцэхгүй байх тохиолдол бий. Ийм нөхцөл байдалтай тулгарахгүйн тулд мэргэжлийн байгууллагад хандвал тэд бүгдийг судлаад таны тав тухыг хангана гэсэн үг. Энэ нь л мэргэжлийн ажил. Бас RE/MAX мэргэжлийн чадвартай гэхээс илүүтэй зөв хандлагатай, эерэг, аливааг хийе гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л цуглуулдаг.

-REMAX өнөөдөр монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын гол тоглогч. Харин анх энэ бизнесийг эхлүүлэхэд хүлээлт байсан уу, эсвэл эсрэгээрээ хэрхэн хүмүүст таниулах вэ гэдэг эрсдэл байв уу?

Ч.Ариунжаргал - Анх тэр бүр хүмүүс мэддэггүй байлаа. Эсрэгээрээ RE/MAX монголд ороод ирчихсэн юм уу гэж баярлах нэгэн ч байсан. Гэхдээ ингэж хүлээж авах хүн мэдээж цөөн. Оффисууд маань нэмэгдсээр байлаа. 10 боллоо, 20, 30 боллоо. Өнөөдөр 39 оффис үйл ажиллагаа явуулж байна. Хүн болгон REMAX-ийг мэдэж байна. Эргээд харахад энэ бидний оруулсан хүч хөдөлмөр гэж бодохоор маш сайхан санагддаг.

Өнөөдөр биднээс хотхоноо хэрхэн барих вэ гэдэг зөвлөгөөг авах гэж иргэн, аж ахуй нэгжүүд ханддаг болоод байна. Энэ бол REMAX-ийг ойлгодог болсны илэрхийлэл. Бид төслүүд дээр зөвлөгөө өгч байна. Хямдхан орон сууц гэхээрээ л хүний 1 сая 800 мянган төгрөгийг квадрат тутамд авчихаад оюутны байр шиг юманд оруулчихдаг. Гэтэл энэ мөнгөнд тааруулаад хангалттай гоё тохижилт хийж өгөх боломжтой. Сая манай RE/MAX PARTHER оффисоос “Зайсан аппартмент” барилгын ажилд зөвлөгөө өгч ажилласан. Бидний зүгээс төслийн багийнханд 1.5 сая төгрөгөөс 2 сая төгрөгийн хооронд бүрэн цутгамал маш гоё зүйл хий. Гурван өрөө байранд ч хоёр ариун цэврийн өрөө хэрэгтэй байдаг юм. Нэг сая 800 мянган төгрөгийн байранд ч ресепшин, лобби хэрэгтэй байдаг гэдэг шаардлагуудыг тавьсан. Уламжлалт биш америк загвараар орон сууц барихад улсын комисс хүлээж авахаас өмнө зарагдаад дуусчихсан байна. Том цонх, хүүхдийн тоглоомын талбай гээд залуусын хүсээд байгаа зүйлийг төслүүд хийж өгч чаддаггүй. Мөнгө л хараад байдаг. Уламжлалт зарчмаар оросын байраа бариад байдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн 40 гаруй үзүүлэлт бий. Энэ болгоныг төслүүд дээр зөвлөж ажиллаж байна. Ингэснээр барилгын чанар, зохион байгуулалтад асар их нөлөөлж байгаа. Чанаргүй олон барилга бариад хоёр гурван худалдан авалт хийгээд харилцагч хохироод байна. Энэ байдлыг халахын төлөө RE/MAX ажилладаг.

-REMAX-ийн үнэ цэнэ ба ирээдүйг тодорхойлбол?

М.Мандах -Ирээдүйг өнгөтэй, өөдрөг харж байна. Монгол Улсын эдийн засагт бид маш том нөлөө үзүүлэх хүмүүс гэж өөрсдийгөө тоогоод байгаа. Бид олон улсын стандартыг Монголд бий болгож байгаа. Нэгд татвар. Энэ байр ийм үнэтэй, тийм үнээр зарагдсан, завсар хийгдсэн 50 саяар зарагдсан бол ирээдүйд 55 саяар зарагдах магадлалтай зэрэг бүх мэдээллийг шивээд Улсын бүртгэлд оруулж байна. Тэгэхээр цаашид лон улсын компаниудад монголын эдийн засгийг нээлттэй болгож чадвал  татвараа нуудаг хууль бус ажил байхгүй болно гэж харж байгаа. Тухайлбал үл хөдлөхөө зарчихаад улсад 2 хувийн татвараа төлөхдөө багаар бичдэг асуудал цэгцрэх боломж байна. Манайд үл хөдлөхийн хууль алга. Хуультай болох болов уу гэж найдаж байгаа. Нотариатчидын танхим бидэнд талархал илэрхийлдэг болсон. Нотариат ажлаа хийх гэхээр иргэд дутуу бичиг цаастай оччихдог, яах учраа мэдэхгүй “Одоо хаашаа явах уу, юу бүрдүүлэх үү” гээд хараад зогсчихдог байж. REMAX ажиллаж эхэлснээр нотариатад очихоос өмнө бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд өгчихөг, хангалттай зөвлөгөө өгдөг болсон тул нотариатын ажилд хүндрэлгүй болсон гэдгийг хэлдэг. Олон улсаас бидэнд маш том дэмжлэг ирж байгаа. Сургалт зохион байгуулна, олон улсын хурал зөвлөгөөнд хамруулж байна. Монголчууд үл хөдлөхийн зах зээлийг сайн ойлгохгүй байна. Гэтэл дэлхий биднийг таньж байна. Монгол дахь REMAX салбар Азийн бүсийн орнуудаас хоёр жил тэргүүлсэн улс. Хятадууд бидэн дээр ирээд сургалт авдаг. Олон улсад манай агентууд гараад эхэлчихсэн. Би агентынхаа амжилтаар бахархдаг. Брокер эзэмшигч хүний хувьд агент нь үйлчлүүлэгч болчихдог. Тийм учраас агентийнхаа амжилтаас кайф авдаг.

Ч.Ариунжаргал- REMAX монголдоо этиктэй цөөхөн байгууллагуудын нэг. Орлогоо шилэн дансаар зарладаг цөөн байгууллагын нэг, цор ганц ч байж магадгүй. Бид татвараа зуун хувь төлдөг. Мөн бид улсын хийгээгүй ажлыг хийж байна. Татвараа төлдөггүй байгууллага олон. Харин манай агент хувь хүний татвараа, компани албан байгууллагын татвараа ягштал төлдөг. Бид ингэж хууль дүрмийн дагуу ажил явуулж татвар төлөх ёстойг, төлснөөр ямар эрсдэлээс хамгаалж байгааг иргэдэд ойлгуулж байна. RE/MAX ёсзүй, арбитр, гомдлын хороотой. Бид өрсөлддөггүй, бид хамтардаг. Ажил дээр хүртэл бид бие биенээ дэмждэг. Монгод байхгүй олон стандарт манай байгууллагад бий.

Үнэ цэнийн тухайд үйлчлүүлэгчээс магтаал сонсох. “Чам шиг хариуцлагатай, сэтгэлтэй хүн ховор” гэх зэрэг олон сайхан үг сонсоно оо. Хамгийн гоё нь ажлаа бүтээгээд орхих биш эргэж холбогдоод “Би хоёр жилийн өмнө байр авсан. Баярлалаа. Дахиад үл хөдлөх зарах хэрэгцээ байна, надад туслаач, би зөвлөгөө авъя” гэхэд л ажлынхаа үнэ цэнийг мэдэрдэг. Мартчихсан явтал олон жилийн дараа талархал сонсох сайхан. Харилцагчын маань намайг үнэлж буй үнэ цэнэ миний хаанаас ч олоогүй хамгийн сайхан мэдрэмж байдаг. Тэр л надад аз жаргал мэдрүүлдэг.

Ийм нэгэн ажил хөдөлмөрөөрөө манлайлж амжилт өөдөө тэмүүлэн яваа бизнесмэн хосуудтай ярилцсаны дараа сэтгэл нэг л өег болчихов. Тэд хийж, тэд хөдөлмөрлөж, тэд бүтээж, хөдөлмөрийн үр шимээрээ ирээдүйд гэгээ татуулж явна. Даруухан ханиа дандаа чимэх гэргийнх нь “Манай хүн ярихдаа маруухаан. Хэлэх гэсэн санааг нь би тайлбарлаад өгье” хэмээх үг уртын урт амьдралын харгуйд үргэлж түүнийгээ түшиж, тулж, тусалж дэмжиж ирснийг нь илтгэнэ. Ийм л ханьтай эр хүн алздаггүй байх. Ийм л гэр бүл “эвдэрдэггүй” биз. Хайр дүүрэн гэр бүлээс халуун дулаан мэдрэмж тээсээр буцлаа. Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.