Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

67 настай хятад эмэгтэй хүүхэд төрүүлж, улсынхаа түүхэнд хамгийн өндөр насандаа төрсөн эх болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зүүн хойд Хятадын Шандон мужийн эмнэлэгт 67 настай эмэгтэй 2.56 кг жинтэй, эрүүл саруул охин төрүүлсэн нь тус улсын түүхэнд хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн эхэд тооцогдож байна.

Тян нэртэй эмэгтэй өөрөө уг эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд үр тогтоох Хятадын уламжлалт эмчилгээний аргыг эзэмшсэн эмч хүн ажээ.

Байгалийн жамаар жирэмсэлсэн өндөр настай эхийг Баасан гарагт кесарево хагалгаагаар төрүүлсэн байна.

Хагалгаа хийх үед эмэгтэйн сав 40 настай эмэгтэйнх шиг байсан бөгөөд энэ нь ийм өндөр насандаа байгалийн жамаар жирэмсэлсний нууц байх гэж төрөх эмнэлгийн эмч Лю Вэнчэнь CCTV сувагт ярьжээ.

Эмэгтэйн нөхөр 68 настай Хуань шинэ төрсөн охиндоо Тянчи хэмээх нэр өгсөн нь “Тэнгэрийн хишиг” гэсэн утгатай гэнэ.

Хосууд насанд хүрсэн хүү, охин хоёртой, хэд хэдэн ач, зээтэй юм байна. Тэдний хамгийн том ач нь энэ жил 18 нас хүрчээ.

Хоёр хүүхэд нь өндөр настай эцэг, эхээ хүүхэдтэй болоход дургүй байсан бөгөөд “Намайг хүүхэд төрүүлбэл бүх харилцаагаа тасална гэж охин маань сүрдүүлж байсан” гэж Тян гуай хэвлэлд ярьсан байна.

Хятадын Өдрийн сонины мэдээлснээр тус улсад өндөр настайдаа хүүхэд төрүүлсэн өмнөх дээд амжилтыг 2016 онд төрсөн 64 настай эмэгтэй эзэмшиж байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт 73 настай эмэгтэй хиймлээр үр тогтоох аргаар жирэмсэлж, ихэр охид төрүүлсэн нь одоогоор мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн өндөр настай эхэд тооцогдож байна.

 

Эх сурвалж: CNN