Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Oktoberfest наадмын үеэр ялгардаг метан хийг анх удаа хэмжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Германы Мюнхен хотод олон сая хүн цугларч, шар айрагны Oktoberfest наадамд оролцдог.

16 өдөр үргэлжилдэг энэ баярын байгаль орчинд үзүүлдэг нөлөөг судлаачид өнгөрсөн жил анх удаа хэмжиж, үр дүнг сая танилцуулсан байна. Өмнөх жилийн баяраар Мюнхен хотын агаар мандалд метан хийн хэмжээ нэмэгдсэнийг ажигласан судлаачид 2018 онд Oktoberfest наадмын метан хийн ялгаруулалтыг тусгайлан хэмжсэн ажээ.

Мюнхений техникийн их сургуулийн судлаачдын тогтоосноор энэ баярын үеэр нийт 1,500 кг метан хий агаарт ялгарсан нь АНУ-ын Бостон хотын ижил хугацаанд ялгаруулдаг хийнээс 10 дахин өндөр байжээ.

Уг хийн ихэнх нь хоол унд бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой байсан бол 10 орчим хувь нь оролцогчдын гэдэсний хий, хэхрэлт зэргээс үүссэн байна.

Метан бол нүүрстөрөгчийн давхар ислийн дараа хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийг бүрдүүлэгч хоёр дахь том элемент юм. 

Агаар мандлыг халаах нөлөөгөөрөө нүүрстөрөгчийн давхар ислээс ч илүү гэгддэг. Сүүлийн жилүүдэд дэлхийн агаар мандалд метан хий нэмэгдэх болсныг эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа.

Жил бүрийн Oktoberfest наадамд зургаан сая гаруй хүн оролцож, долоон сая литр орчим шар айраг, 100,000 литр дарс, хагас сая тахиа, 250,000 зайдас хэрэглэдэг гэсэн тоо байдаг.

Судалгааны үр дүн Oktoberfest наадмыг зохион байгуулагчдад сануулга болж, метан хийн ялгаруулалтаа хязгаарлахад анхаарал тавьдаг болгох ач холбогдолтой гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian