Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мэргэн: Эрүүдэн шүүсэн гэх хэргийг нууцаас гаргах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүн шүүгдэгчээр татагдсан бөгөөд тэднийг өмгөөлөн 13 өмгөөлөгч ажиллаж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч Б.Мэргэн "Өмгөөлөгчид шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Ингэхдээ тодорхой хязгаартай бөгөөд хэрэг ямар шатанд явж байгаа, өмгөөлүүлж буй хүнийх нь талаар худал мэдээлэл тархаж, түүнээс нь үүдэн эрх зүйн байдал нь доордох гээд байгаа бол мэдээлэл өгдөг.

Эхлээд хэргийн явцын талаар мэдээлэл өгье. Анхан шатны шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч, прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн аваад байна. Ингээд хэргийг байгаа материалынхаа хүрээнд шийдвэрлэ хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас магадлалаа гардаж авсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргах байр суурьтай байна.

Энэ хэрэг төрийн маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийн материалын талаар ярих эрхгүй. Тийм учраас сэтгүүлчдийн асуултад мөн хариулах боломжгүй.

Бид ярилцаад Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж төрийн нууцад хамааруулсан хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байгаа. 1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжинд тус хэргийн материалыг дараа нь эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийн материалыг ил  болгож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-өө хуралдуулаад хэргийн материалыг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Уг хүсэлтэд өмгөөлөгчид бүгдээрээ гарын үсгээ зурсан.

Хэрэг нууцын зэрэглэлтэй учраас бидний ажиллаж байгаа хэргийн хүрээнд гэхэд шүүх дээр очоод 36 хавтас 15,600 хуудас материалыг үзэж танилцаад, тэмдэглэл үйлддэг. Ингээд үйлдсэн тэмдэглэлээ үлдээгээд гардаг. Бид робот биш. Тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү.

Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлд ажиллаж байхад нэр бүхий улстөрчид маш нууц хэргээс мэдээлэл задруулаад байдаг. Ингэхдээ өөрт ашигтай байж болохоор хэсгийг гаргаж ирээд олон нийтийг төөрөгдүүлээд байгаа. Үүнийг залруулах гэхээр "Та нар төрийн нууц задруулахгүй шүү" гээд дарамтлаад байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах үүднээс хэргийн материалыг ил болгох хэрэгтэй байна.

Цаг хугацааны хувьд аваад үзвэл 1998 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 21 жил шалгаж, гурван шатны шүүхээс шийдвэр гарчихсан. Ийм нөхцөлд нууцаас гаргах ёстой юм уу, үгүй юм уу үүнийг тодорхой болгож өгөөч ээ.

Эрүүдэн шүүсэн гэх хэрэг дээр ч гэсэн үйл явдал зургаан хоног үргэлжилсэн гээд байгаа хэр нь 26 минутын бичлэгийг л гаргаж тавиад байгаа. Тухайн бичлэгийг гэхэд л эхлээд олон нийтэд үзүүлчихээд дараа нь Засгийн газрын хуралдаанаар оруулж, нууцаас гаргасан.

Түүнчлэн Олон улсын парламентын холбооноос ч гэсэн  улстөрчдөө болиулаач ээ, энэ чинь хэргээ илрүүлэхэд чинь саад болоод байна хэмээн мэдэгдсээр байгаа.

Хэргийн шүүх хурал үргэлжлэх явцад улстөрчид, хэвлэлийнхэн, олон улсын байгууллагууд албан ёсоор хандан шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Мөн иргэний нийгмийн байгууллагууд ч шүүхийн гадаа жагсаж, шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан. Тал бүрээс ийнхүү хэргийн материалыг ил болгох, шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа нь цаашлаад шүүхээ хардах үндэслэл болоод байгаа юм. Энэ нь цаашлаад талцал хуваагдалд хүргэж, үндэсний аюулгүй байдлыг бусниулах эрсдэлтэй учраас бид ҮАБЗ-д хандаж байна" хэмээн ярилаа.