Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

APEC-ийн чуулганд ашигласан тансаг автомашинуудаа Папуа Шинэ Гвинейн удирдагчид өөрсдөө хэрэглэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Папуа Шинэ Гвиней 2018 онд APEC-ийн дээд хэмжээний чуулганыг нийслэлдээ зохион байгуулж байв. Энэ үеэр гадаадын хүндэт зочдод үйлчлэх нэрээр 300 гаруй тансаг ангиллын суудлын автомашин худалдаж авсан нь иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

Гэвч тухайн үед Папуа Шинэ Гвинейн удирдагчид машинуудыг ашигласныхаа дараа дуудлага худалдаагаар зарж, төсвийн мөнгийг нөхнө гэж амлаж байжээ.

Автомашинуудын дотор тансаг ангиллын 40 ширхэг Maserati Quattroporte, гурван ширхэг супер тансаг ангиллын Bentley Flying Spurs багтаж байв.

Хоёрдугаар сард тус улсын цагдаагийн газар APEC-т ашигласан 300 гаруй шинэ машины 284 нь улсын мэдэлд эргэж ирсэн бөгөөд үлдсэн машинуудыг эрэн сурвалжилж байгаагаа зарлаж байжээ. Сүүлийн байдлаар тэдгээрээс хэд нь улсын мэдэлд бусаж ирсэн нь тодорхойгүй байгаа.

Тэгвэл эдгээр машинуудын ихэнхийг зарж борлуулж чадаагүй тул засгийн газар дотоод хэрэгцээндээ ашиглахаар болсноо саяхан мэдээлсэн байна. Тухайлбал гурван ширхэг Бентли загварын машины нэгийг тус улсын ерөнхий сайд Жэймс Марапе хөлөглөхөөр болжээ. Жэймс Марапе өнгөрсөн тавдугаар сард улс төрийг авлигалаас цэвэрлэх амлалттайгаар Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд болсон юм.

Бэнтли, Масерати загваруудаас бусад машинуудыг парламентын 111 гишүүн тус бүрт албан хэрэгцээнд нь олгохоор болсон байна.

Харин парламент дахь сөрөг хүчний лидер Белден Намах өөрөөс нь гадна сөрөг хүчний таван гишүүн APEC-ийн машинуудаас татгалзаж байгаагаа хэвлэлд ярьжээ.

“Улс оронд мөнгө хэрэгтэй байна. Унааны тусгай хангамж эдэлдэг парламентын гишүүдэд ийм машин ямар хэрэгтэй гэж? Давхар зардал үүсгэж байна шүү дээ” гэж тэр шүүмжилсэн байна.

Газар хөдлөлтийн гамшигт өртөж, халдварт өвчин тархаад байсан Папуа Шинэ Гвиней улс 2018 онд APEC буюу Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагын дээд чуулганыг зохион байгуулахад $135 саяыг зарцуулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian