Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баттуяа: “Капитал” банкны дампуурлаас 600 тэрбумын схем гарна

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Одоогоос зургаан сарын өмнө “Капитал” банк дампуурлаа зарлаж, Монголбанк санхүүгийн салбарт томоохон дуулиан дэгдээсэн юм.

Дампуурлаа зарласан банканд хадгаламжтай байсан 31 төрийн байгууллагыг бид зарлаад байгаа. Тэдгээр төрийн байгууллагуудын мөнгөн хадгаламж ихэнх нь тэрбумаар хэмжигдэж байсан гэдэг. Тэгвэл төрийн байгууллагууд яагаад банканд ийм хэмжээний хадгаламжтай байдаг, дампуурлын сураг дуулдсаар удсан “Капитал" банкийг тэд ямар учраас сонгосон зэрэг асуултууд урган гарч байгаа юм.

Энэ тухай “Капитал” банкны хохирогчдын холбооны хуулийн зөвлөх Ц.Баттуяатай ярилцлаа. Тэрбээр “Капитал” банканд хадгаламжаа алдсан иргэдийн хохирлыг барагдуулах стратегийн өмгөөллийг амжилттай хийсэн юм.

-“Капитал” банкны дампуурлыг зарлахад хамгийн түрүүнд хадгаламжтай байсан иргэд эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. 1,200 орчим иргэний хохирлыг барагдуулахад багагүй хугацаа, үйл ажиллагаа орсон болов уу?

-Капитал банкны хадгаламж эзэмшигчид болон данс эзэмшигчид гээд нийт 1200 иргэний асуудал анх боссон. Тэдний ард 30-40 мянган иргэн дам хохирсон байдаг. Анх хохирогчдын төлөөлөл надад хандсан. Би Хүний эрхийн чиглэлээр судалгаа хийдэг хүн. Энэ хэрэг бол яах аргагүй хүний эрхийн ноцтой зөрчил байсан учраас би тэдэнд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхийг зөвшөөрсөн.

Үндсэн хуулийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүй болон бусад баталгааг бүрдүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, , зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө Төр хариуцна” гэдэг чухал заалтыг Төр зөрчсөн гэж үзэж болохоор байгаа юм.

Үүнээс бидний ажиллагаа эхэлж, хаана хандах, ямар хуулийн зөрчил бий болчихоод ийм хэмжээнд хүрчихэв гэдгийг судлах хэрэгтэй болсон. Ингээд харахад Монгол Улсад хүний эрхийг зөрчих маш аюултай арга бий болсон байна. Хулгайч нар нь хуулиараа дамжуулж, хуулийг нь өөрчлөх замаар ард иргэдээ цөмлөх арга замыг сонгосон байна гэж дүгнэсэн.

Учир нь тухайн үед миний анхаарлыг татсан нэг хууль байсан нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль юм. Тус хуулийн Наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг, валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө" гэсэн заалт байгаа юм.

20 сая гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн бэ гэдэг нь учир дутагдалтай. 20 сая төгрөг гэдэг бол өнөөгийн зах зээлийн ханшаар маш бага тоо. Үүний цаана улс үндэстний иргэдийг тэгшитгэх бодлогод хамруулчихсан гэж ойлгогдохоор байсан.

Монгол Улс иргэнээ 20 сая хүртэлх хадгаламжтай байхыг нь хуулиар тогтоочихсон. Энэ нь хүмүүст айдас бий болгож эхэлсэн. “Би банканд хадгаламж эзэмшвэл 20 сая хүртэл төгрөг байршуулах ёстой. Түүнээс дээш байвал банк дампуурсан тохиолдолд авч чадахгүй юм байна” гэсэн айдас.

-Хуулийн дагуу бол 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж эзэмшигчид шууд хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Харин түүнээс дээших нь бүрхэг болчихсон. Таны үйлчлүүлэгчид тэдгээр иргэд байх нь ээ?

-Тийм. 20 хүртэлх сая төгрөгийн мөнгийг авах нь тодорхой. Түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай иргэд хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн байсан. Мөнгөн дүнд шилжүүлбэл, нийт 260 тэрбумын асуудал яригддаг.

Түүнээс гадна “Капитал" банкны эзэн болох Б.Ундармаа гишүүн тухайн үед ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Тэр битгий хэл гудамжинд цурхираад уйлж байгаа хохирогчид дээр ирж уулзаагүй, өрөвдөөгүй, уучлалт гуйгаагүй. Одоог хүртэл мөнгө, эрх мэдэлтэй ч бай нинжин сэтгэл байхгүй бол тэр хүн хүн биш болж таарна. Тэр хүн ямар хэмжээний ёс зүйтэй вэ гэдэг нь харагдсан.

Төр яагаад тийм хүнийг саарал ордондоо нууж байгаа юм шиг байлгаад байгаа нь сонирхол татсан. Бид энэ хоёр асуудлаар тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Нэгт, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулиа эргэж хараач, хоёрт, УИХ-ын гишүүн Б.Ундармаад хариуцлага тооцож, эргүүлэн татаач гэсэн боловч татгалзсан хариу өгсөн нь харамсалтай. Бидний тэмцэл түүгээр хязгаарлагдаагүй.

Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хороо зэрэг хандаагүй газар байхгүй.

Нэр бүхий таван гишүүнд хүртэл хандсан. Ингээд явсны эцэст зарим нэг гишүүн нааштайгаар хүлээн авч, Нийтийн сонсгол хийж өгсөн. Бидний зорилго бол ерөөсөө нийтийн сонсголыг хийлгэх байсан.

Учир нь тухайн үед Монголбанк биднийг авч хэлэлцэхгүй, хариу өгөхгүй байсан. Тэгэхээр бид Нийтийн сонсгол хийлгэж, Монголбанктай хоёр талаас халз уулзаж асуудлын шийдийг гаргахыг хүссэн. Капиталын дампуурлаас болж ихэнх хохирогчид маш их цочирдсон. Тэдний олонх нь ахмадууд. Тэтгэвэрт гараад нэг ч cap тэтгэврээ авахгүйгээр үр хүүхдүүддээ хадгалж байсан.

Зарим нь гадаадад үр хүүхэд нь хөлс цусаа дуслуулан байж хураасан мөнгөө аав ээж рүүгээ явуулж хадгалуулдаг байсан. Хөгшчүүд болсон хойно өвчин зовлонтой хүмүүс олон. Хоёр ч хүн энэ явдлаас болж нас барсан.

Нэг хүн бол газар дээрээ зүрхний шигдээс болж байсан харамсалтай тохиолдол гарсан. Гаднаас нь хараад бол хүмүүс ойлгохгүй. Мөнгөтэй хүмүүс мөнгөө алдчихлаа гээд залуус хүртэл инээлдээд өнгөрч байсан удаатай. Банкны тухай хуулиар хохирогч, холбогдогч талууд тодорхой дарааллын дагуу авахаар зохицуулалттай байдаг. Тэр заалтаар иргэд хэзээ хохирлоо барагдуулах нь маш бүрхэг байсан.

Хэдий тийм ч бид нийтийн сонсголыг амжилттай хийж, Монголбанкны хүмүүсийн ам өчгийг авч яаралтай шийдвэрлэх арга хэмжээ бүрдсэн. Ингээд Улсын баяр наадмаас өмнө хохирогчид хохирлоо барагдуулж дууссан. Эрх зүйч, хуульч хүний хувьд нийгмийн өмнө үүрэх хариуцлага гэж байдаг. Миний хувьд түүнийхээ хүрээнд хийсэн томоохон ажлын нэг гэж үзэж байгаа.

-“Капитал”-ын хохирол дуусаагүй. Одоо бүр их хэмжээний хохирол яригдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс гадна хадгаламжтай төрийн байгууллагуудын жагсаалтыг бид өмнөх дугаартаа зарласан. Төрийн байгууллагууд банканд хадгаламжтай байх боломжтой юу. Хуульч хүний хувьд энэ талаар судалж үзсэн үү?

-Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны нэгдүгээр 24-ний өдрийн хамтарсан тушаал гэж байдаг. Тэр тушаалаар Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанк, бусад банканд нээх, хаах журам баталсан байдаг.

Журамд төрийн сангийн кассын данс, улсын төсвийн орлого төвлөрүүлэх тэг үлдэгдэлтэй данс, төсвийн байгууллагын бэлэн болон үйлчилгээ үзүүлэх байгууллагын картын данс, хадгаламжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх данс, олон улсын гэрээнд банканд данс нээхээр заасан олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсвийн байгууллагын данс, төсвийн байгууллагын ажилчдын цалин олгох харилцах данс, орон нутгийн валютын данс нээх эрхийн тухай зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага банканд мөнгө төвлөрүүлэх, данс нээх эрх нь нээлттэй. Тэгвэл ямар банканд мөнгө хадгалуулах вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ.

-Тэр асуудал руу орохоос өмнө нэг зүйлийг тодруулмаар байна. Таны хэлснээр бол Капиталд данстай байсан 31 төрийн байгууллага дээрх жагсаалтын аль нэгээр данстай байсан байж мэдэх нь. Хэрэв төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгө, ажилчдын цалин хөлс байршиж байсан бол өнгөрсөн хугацаанд аль хэдийнээ үйл ажиллагаа нь доголдох ёстой. Гэтэл өнөөдөр хүртэл нэг нь ч “Бид хохирчихлоо” гэхгүй байгаа нь “но”-той санагдаж байна. Тэдгээр байгууллага хуулийн дагуу мөнгө байршуулж байсан үгүйг мэдэх боломжтой юу?

-Журмыг ямар хуулийг үндэслэж гаргасан бэ гээд харахаар Төсвийн тухай хуулийн 12.1.11, 12.1.13, 35.6, Монголбанкны тухай хуулийн 17.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг.

Төсвийн тухай хуулийн 35.6-д төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банканд данс нээх түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанктай хамтран батална гэжээ. Үүнээс харахад гурван байгууллага хамтарч журам батална гэж ойлгогдож байна.

Гэтэл Монголбанк, Сангийн яам хоёр л дангаараа журам баталчихсан. Нэг ёсондоо хуулиасаа давсан журам болчихсон гэж харагдахаар байна.

-Төрийн 31 байгууллага яагаад дампуурлаа зарлах дөхсөн “Капитал”-ы г сонгов?

-Дээр хэлсэнчлэн Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын 3.2-т данс нээж байгаа банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн зургаан сарын байдлаар хангасан байх, үйлчилгээний шимтгэл хамгийн бага, үйлчилгээг боловсронгуй түргэн шуурхай үзүүлэх боломжтой байх гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг дурдсан байдаг.

Монголбанк энэ үзүүлэлтийг хангасан эсэхийн талаар тодорхойлолт гаргаж Сангийн яаманд саналаа хүргүүлдэг. Сангийн яам зөвшөөрсөн тохиолдолд тухайн дансыг нээж, байршуулна. Үүнээс харахад эрсдэл багатай банк байх ёстой гэдэг ерөнхий шалгуур үзүүлэлт гарч ирж байгаа биз. Хөрөнгө оруулалт, арвижуулах нь гол биш, энэ бол нийтийн мөнгө. Нийтийн мөнгийг хамгийн найдвартайгаар хадгалуулах итгэл хүлээсэн банк байх ёстой байх нь.

Капитал банкийг яагаад сонгов гэдэг нь маш том асуултын тэмдэг. Монголбанкны цахим хуудаст одоо ч харагдана. Капитал банкны тайлан мэдээлэл 2016 оноос хойш байхгүй. Үүнийг захын иргэн хүртэл ороод харчих боломжтой.

Монголбанканд маш олон бүрэн эрхүүд байдаг. Тэр бүрэн эрхийнхээ хүрээнд банканд хөндлөнгийн хяналт шалгалт хийх эрхүүд байгаа. Үүнийгээ хэрэгжүүлээгүй. Очиж очиж дампуурах гэж байгаа банкийг сонгож аваад татвар төлөгчдийн мөнгийг байршуулахыг зөвшөөрсөн нь анхаарал татаж байна. Хадгаламжтай иргэдийн хохирол 260 тэрбумын хүрээнд яригддаг. Гэтэл төрийн байгууллагууд нь 375 тэрбум гэж байна. Нийлээд 635 тэрбум төгрөгийн асуудал гарч ирнэ.

Дампуурах гэж байгаа банканд ийм их хэмжээний мөнгийг аваачиж хийгээд санаатайгаар дампууруулсан гэж үзэж болохоор байна. Үүнд Сангийн яам, Монголбанк шууд буруутай. Үүн дээр 1,200 иргэн хохирохоос гадна гурван сая монголчууд хохирчихоод байна. Одоо бол Капитал банкны эрх хүлээн авагчид ажлаа хийж байгаа гэдэг тайлбар өгч байгаагаас бус ямар шатандаа, ямар гүйцэтгэлтэй, хэзээ барагдуулах вэ гэдэг нь бүрхэг байна.

-Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орчихлоо. Үүний үндэс нь банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэдэг нь тодорхой болчихсон. Капитал банкны дампуурал ч үүнд нөлөөлсөн гэж хүмүүс үзэж байна?

-Энэ бол өнөөдрийн нөхцөл байдалд тохирсон цаг үеийн ярилцлага болж байна. Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооноос гаргадаг саарал жагсаалтын ангилалд орчихлоо.

Тэр зургаан сарын өмнөх бидний тэмцэл улс орны дотоод асуудал биш болж, бүр гадаад асуудал болсныг харуулж байна. Иргэдээ хуурч мунхруулаад болчихдог гэж бодож байсан бол андуурсан хэрэг боллоо. Энэ жагсаалтад Этиоп, Гана, Тунис зэрэг Африкийн орнууд, Сири, Пакистан зэрэг шашны мөргөлдөөнтэй улсууд, Бахамын арлууд зэрэг офшор бүсийн болон хөгжиж буй хамгийн бага орлоготой орнууд ордог.

Тэгэхээр бид энэ орнуудын эгнээнд орчихсон. Саарал жагсаалтад орсон бодит шалтгааныг мэргэжлийн хүмүүсийн дүгнэж байгаагаар авлига албан тушаалын том гэмт хэргүүд шүүх прокурорын шатандаа хэрэгсэхгүй болж шүүн таслах ажиллагаа хийгдсэн тохиолдол байхгүй. АТГ-аас 11.9 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж зарлаад байдаг. Ийм байхад улстөрчид нь чихээ таглаад сууж болохгүй болчихсон байна.

Зарим томоохон банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээ тайлбарлаж чадахгүй байгаа. Энэ чинь зэвсгийн наймаа, терроризмыг дэмжих санхүүжилт байх боломжтой гэж олон улс хардаж байна. Бидний тэмцээд байгаа “Капитал” банкнаас алга болсон 600 гаруй тэрбум төгрөг хаачсан бэ.

Энэ үетэй давхцаад олон улсын байгууллагаас манай банкуудыг 500 тэрбум төгрөгөө нотлооч гэж байна. Энэ тоонууд хоорондоо ойролцоо байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл манай улстөрчид ард түмэндээ молиго үмхүүлдэг шиг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашиглан манай банкүуд дүрмийн сангаа өсгөсөн гээд ичих ч үгүй тайлбар тавиад сууж байна.

Харамсалтай нь олон улсын санхүүгийн байгууллагын шаардлагыг энэ тайлбар ерөөсөө хангахгүй байгаа юм. Дотор нь яваад тэмцэл дунд явсан хүний хувьд хэлэхэд олон орон ард түмэн зургаан сарын өмнө цөхөрсөн байдал олон улсад нөлөөлсөн гэж би хувьдаа бодож байна. Капиталын хохирол бага хэмжээний мөнгө биш. Хэн нэгэн хамаатандаа зээлчихээд авч чадахгүй байгаа асуудал биш.

Бүхэл бүтэн банкны дээрэм явагдсан. Явагдахдаа иргэдээ цөлмөхөөс гадна татвар төлөгчдийн их хэмжээний мөнгө явж байна. Улс нь эзэнгүй байж болно. Глобалчлагдсан дэлхий эзэнгүй байна гэж байхгүй. Олон улс харж байгаа.

-“Капитал”-ын дампуурлаас одоогоор тодорхой болоод байгаа дүн 635 тэрбум төгрөг. Таныхаар энэ бол эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэж байна уу?

-Энэ бол яах аргагүй эдийн засгийн гэмт хэрэг гэдэг нь тодорхой байгаа. Монголбанк “Капитал” банкны мэдээлэл, тайлан нь хугацаандаа орохгүй гурван жил болж байхад мэдсээр байж энэ хүртэл явуулсан гэхээр санаатай гэмт хэргийн шинж.

Олон улсын судлаачид дэлхийн III дайн бол Хуулийн дайн гэж яригддаг. Энэ нь аль хэдийнээ эхэлчихсэн. Нүдэнд харагдахгүй, далд байдлаар өрнөдөг. Хуульд нь шургалж ороод хууль тогтоох дээд байгууллагад нөлөөлж, өөрсдөдөө таарч тохирсон хуулийг хийгээд давуу байдал бий болгоод улс орныг цөлмөдөг. Эдийн засгийн гэмт хэрэг гэдэг мэргэжлийн болон санхүүгийн давуу байдал бий болгохын тулд бүлэг болон хувь хүмүүсээс явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг ойлгоно. Нам гэдэг халхавчин дор бүлэг этгээдүүд дээрмээ хийж байна.

Гэтэл нөгөө талдаа Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид элсээд бүх юмыг хуулийн дагуу яваад байгаа юм шиг боловч цаагуураа халхавчилсан байдлаар ажилладаг. Капитал банкны дампуурлын жишээн дээр эдийн засгийн гэмт хэргийн нийтлэг шинжийг хангалттай хангаж байгаа. Банк санхүүд чиглэгдсэн хууль ёсны харилцааг зөрчсөн, шунахайн сэдэлтэй.

Ерөөсөө ойлгомжтой. 635 тэрбумын аль эртнээс хэсэг бүлэг нөхөд авахаар схем зохиочихсон байна. Үүнийг 60 тэрбумын схем гэдэг шиг 600 тэрбумын схем шууд харагдаж байгаа юм. Хэн идэж ууж хаашаа хийсэн гэдэг хуйвалдааны шинжтэй схем илэрхий харагдаж байгаа. Маш сонирхолтой. Дампуурчихсан банкны эзэн яагаад өнөөдрийг хүртэл УИХ-д суусаар байна вэ.

Эдийн засгийн гэмт хэргийг нийгмийн дээд давхаргын субъектүүд үйлддэг. Тамга барьж гарын үсэг зурдаг шийдвэрлэх эрх бүхий хүмүүс. Дөрөвт нь, тус гэмт хэрэг нь нуугдмал шинжтэй байдаг. Капиталын дампуурлыг ард түмэн өнөөдөр л мэдэж байна. Маш олон жил нууж явсан. Саарал жагсаалтад орох хүртэл хэмжээнд далд хэлбэрт явсан байна.

Өнөөдөр Монгол Улсад үйлдэгдэж байгаа төр засгийн эрх мэдлийн хүчирхийлэл маш далд хэлбэрт явсаар байна. Эцэст нь энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйгээр гарч илэрдэг. Монголбанк 2016 оноос хойш ямар ч тайлан тавиагүй банкийг шалгалт хийх эрх нь нээлттэй байсан ч шалгалт хийгээгүй эл үйлдлээрээ тэд шууд хамсаатан болж байна.

Олон улсын байгууллага гэмт хэрэг мөн байна гэж үзээд 500 тэрбумаа нотол, олон хэрэг шийд гээд байхад яагаад чимээгүй байна вэ. Бид одооноос дуугарах хэрэгтэй. Зургаан сарын өмнө хэсэг бүлэг иргэд өөрсдийнхөө мөнгийг авахын төлөө тэмцсэн бол татвар төлөгчид мөнгөө авахыг шаардаж тэмцээсэй гэж хүсэж байна.

Зураг