Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын цагдаа сураггүй болсон иргэдийн ар гэрийнхнээс биологийн дээж авжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Британиас олдсон 39 цогцосны мөрөөр ажиллаж байгаа Вьетнамын цагдаа нар Ням гарагт сураггүй болсон иргэдийн ар гэрийнхнээс үс, цус зэрэг биологийн материал авсан байна.

Лхагва гарагт Британийн боомтын ойролцоо ачааны машинаас олдсон цогцоснуудыг Вьетнам улсын иргэдийнх гэж сэжиглэж байгаа юм.

Тэднийг Вьетнамын хойд бүсийн цагаан будаа тариалдаг ядуу мужаас гаралтай хүмүүс гэж таамаглаж байгаа. Энэ нутгийн айл өрхүүдээс амьдралаа сайжруулахаар Европыг зорьсон хүмүүс цогцоснууд илэрсэн өдрөөс хойш сураггүй болоод байгаа юм.

Өнөөдөр Вьетнамын Фэйсбүүк сүлжээнд хүмүүс #RIP39 хаштаг хэрэглэн гашуудацгааж байна.

Эхэн үедээ Британийн цагдаагийн газар хохирогчдыг Хятадын иргэд гэж үзэж байсан нь тэднээс Хятадын паспорт илэрсэнтэй холбоотой. Одоо Хятад, Вьетнамын албаныхан Британийн талтай нягт хамтран ажиллаж байна.

2009-2016 оны хооронд Британид хууль бусаар цагаачилсан Вьетнам иргэдийн 70 хувь нь каннабисын тариалан, хумсны салон зэрэг газруудад боолын хөдөлмөр эрхэлж байсныг Британийн засгийн газраас өнгөрсөн онд гаргасан тайланд дурджээ.

 

Эх сурвалж: Reuters