Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын гурван эмнэлгээс сурвалжлахад…

Б.Должинжав, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаа хүйтэрч, утаа гарав уу үгүй юу бага насны хүүхдүүдийг ханиад,томуугийн өвчин “өлгийдөн” авдаг.

Тиймдээ ч Улаанбаатарт амьдардаг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн санааг өвлийн улиралд хамгийн их зовоодог  асуудал нь  томуугийн өвчлөл. Хэрэв хүндэрвэл хүүхдийн амь насанд аюултай энэ өвчин өвөл бүр манай улсын тулгамдсан асуудал болдог.

Томуугийн ид дэгдэлтийн үед эмнэлгийн өрөө, ор нь хүрэлцэхгүй  хонгилд хэвтэн эмчлүүлдэг дүр зураг хэдийн танил болсон. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн онцгой комисс сайжруулсан түлшний талаар мэдээлэл хийх үеэр утаа буурсан үүнийг дагаад томуугийн өвчлөл өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад гурав дахин буурсан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлсэн юм. Гэр хорооллын дундах зарим өрхийн эмнэлгээр орж, агаарын бохирдол утаа, томуугийн өвчлөлийн талаар сурвалжилсан юм.

ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН 98 ХУВЬ НЬ ВАКЦИНДАА ХАМРАГДЖЭЭ

Агаарын бохирдол ихтэй гэр хороолол төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Дарь эхийн эцсийг баасан гаригийн өглөө 09:00 цагт  зорилоо. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд “Андсайхан” өрхийн эрүүл мэндийн төв байрладаг. Эмнэлгийн таван эмч тус хорооны 18 хэсгийн 12,956 хүний эрүүл мэндийг хариуцан ажилладаг.

Биднийг очиход хүүхдийн эмчийн өрөөнд  ой хүрээгүй бололтой хүүхэд үзүүлж байв.  Ээж нь “Томуугийн вакциндаа хамрагдахаар ирсэн” гэв. Тус төвд харьяалагддаг хоёр цэцэрлэгийн хүүхдүүдийн 98 хувь нь вакциндаа хамрагджээ.

Харин үлдсэн хүүхдүүд нь өөрсдөө ирж вакцинаа хийлгэж буй нь энэ аж. Цааш явбал  эмнэлгийн сандал  дүүрэн хүнтэй харагдав.  Тус төвд өдөрт 100-120 хүн ханддаг буюу нэг эмчид 20-25 хүн ногддог юм байна.

Өдөрт дунджаар 0-5 насны 40 гаруй хүүхэд үйлчилгээ авдаг аж. Энэ талаар “Андсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтан Ц.Баасанхүү “Өдөрт дунджаар гурван хүүхэд томуугийн өвчлөлөөр ханддаг. Хүүхдүүд томуугийн вакцинаа тариулах, А, Д витаминдаа хамрагдахаар ирж байна. Есдүгээр сарын  дундуур томуу хэсэг ихэссэнээ саяхан буурчихлаа.

Ер нь аравдугаар сард хүүхдүүд томуугаар өвдөх нь бага байдаг. Харин арванхоёрдугаар сарын дундаас нэгдүгээр сар хүртэл эрчээ авч, өдөрт 0-1 насны 21 хүүхэд томуугаар өвдөж, хүндэрсэн байдалтай ирдэг. 

Энэ үед уртасгасан цагаар ажиллана, зарим хүүхдээ гэрээр очиж үздэг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт хүүхдийн тоо олон байна” гэсэн юм. Дараа нь бид тус эмнэлгийн дүн бүртгэгч Д.Бямбажаваас томуугийн өвчлөл энэ жил буурсан эсэх талаар тодруулсан юм. Тэрээр “Өнгөрсөн жил долоо хоногт 460 үзлэгтэй, өдөрт дунджаар 12 хүүхэд томуугаар өвдсөн байсан.

Энэ жил долоо хоногт 512 үзлэгтэй байгаагийн 13 нь томуугаар өвдсөн байна. Томуу цэцэрлэг, сургууль эхлэхээр ихэснэ. Хэсэг хугацааны дараа багасчихна. Сая томуугийн вакцин хийсэн болохоор бага байна. Гэхдээ хамгийн их дэгдэлттэй үе буюу  аравдугаар сарын сүүлээс  нэгдүгээр сар хүртэл  энэ тоо ихэснэ” гэсэн юм. Гэр хороолол дунд байдаг энэ хороонд утаа багассан нь ажиглагдаж байгааг тэд бас хэлж байв.

Биднийг ярилцаж байх үед түүний утас дуугарахад “Угаарын хийн мэдээ авъя” гэж байна гэв. Үүнийг лавлавал “Энэ сарын дундуур угаарын хийнд хордсон гэж нэг гэрийн хоёр  хүн ирсэн. Бас нэг аав, хүү хоёр зуух нь дэлбэрсэн гэсэн боловч манайд бүртгүүлээгүй” гэлээ.

“ТОМУУГИЙН  ӨВЧЛӨЛ АРВАННЭГДҮГЭЭР САРААС  ИДЭВХЭЖДЭГ”

Чингэлтэй дүүргийн XI хорооны “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд очвол нам гүмхэн угтав. Тус хороонд 0-5 насны 594 хүүхэд бүртгэлтэй байдгаас 188 нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Энэ сарын 24-ний байдлаар томуугийн зовуурь илэрсэн, ханиалгасан шинж тэмдэгтэй 21 хүүхэд ирсэн. Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байв.

Энэ талаар “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Ганзул “Өнөөдрийн байдлаар нус гоожих, хий ханиалгасан томуугийн зовиур илэрсэн 21 хүүхэд ирсэн. Яг томуу гэж оношлогдоогүй. Томуугийн ид дэгдэлтийн үе нь  арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд байдаг. Энэ үед үзлэг хоёр дахин нэмэгддэг.Чингэлтэй дүүргийн амбулаторид ор нь хүрэлцэхгүй болохоор гэрээр эмчилгээ хийлгэдэг.

“Хатгалгаа туссан хүүхэд гэрээр эмчлүүлэхээр боллоо, та нар онцгой анхаараарай” гэж хэлээд бид гэрт нь очиж үзнэ.Өнгөрсөн жилийн аравдугаар сард 1696 хүн хандсанаас давхардсан тоогоор 368 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байсан.

Үүний таван хувь нь буюу 18 нь томуугаар өвдсөн байсан. Харин ид дэгдэлтийн үе буюу  арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл 0-5 насны 425 хүүхэд үзүүлсний 50 гаруй нь томуугаар өвдсөн байсан.

Утаа багассанаас дагаад томуу бага зэрэг буурсан. Гэхдээ өдийд бага байдаг” гэж ярилаа. Мөн  тус эмнэлэгт хоёр том хүн, нэг хүүхэд угаарын хийнд хордсон шалтгаанаар иржээ. Тэд “Гал түлэхээр юм үнэртдэггүй, гэхдээ толгой эргээд дотор муухайраад байсан” гэж ирсэн байна.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС  ӨССӨН, БУУРСАН  ҮЗҮҮЛЭЛТ БАЙХГҮЙ

Агаарын бохирдол ихтэйд тооцогддог 100 айлд байрладаг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв рүү  очиход тав орчим насны дөрвөн хүүхэд бидэнтэй зэрэгцэн орсны хоёр нь маск зүүжээ.

Хоёр давхарт гарвал хүүхдийн  эмчийн өрөө олон хүүхэдтэй байх агаад вакциндаа хамрагдахаар 10 гаруй эцэг эх, хүүхэдтэйгээ  ирсэн байв. Томуугийн өвчлөлийн талаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч С.Жаргалсайханаас тодруулахад “Амбулаторит өдөрт 90 гаруй хүүхэд хандаж байна. Энэ нь нэг эмч 30 хүүхэд үзнэ гэсэн үг. Амбулаторийн нийт үзлэгийн  дөрвөн хувь нь томуу байна.

Өнгөрсөн жилийнхээс өссөн, буурсан үзүүлэлт байхгүй” гэсэн юм. Өрхийн эмнэлгүүдээр сурвалжлага хийх явцад бага насны хүүхэдтэй аав ээжүүд вакцинд хариуцлагатай ханддаг болсон нь анзаарагдсан билээ.

Зураг